Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Монгол Улс, Тайландын Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна


Densmaa 2024-03-07 09:03

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан хоёр улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарын түвшинд баярын захидал солилцлоо.

      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захидалдаа хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хагас зуун жилийн турш тогтвортой хөгжиж, олон улс, бүс нутгийн тавцанд гүнзгийрэн бэхжиж буйг тэмдэглээд Зүүн өмнөд Ази дахь манай чухал түнш Тайландын Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг ирэх 50 жилд улам бүр цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн бол Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Сетта Тависин захидалдаа Тайланд, Монголын харилцаа, хамтын ажиллагаа 50 жилийн хугацаанд хоёр талын төдийгүй олон улсын тавцанд бүхий л түвшинд өргөжин хөгжиж ирснийг онцлоод цаашид хоёр улсын ард иргэдийн эрх ашигт нийцүүлэн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэжээ.

     Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг захидалдаа Тайландын Хаант Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг олон салбарт өргөжин тэлэхийн сацуу сүүлийн жилүүдэд хоёр улсын иргэд хоорондын солилцоо эрчимжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцолсон байна. Харин Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Бахидха-Нукорн Монгол, Тайландын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр улсын хөгжил дэвшил, хоёр талын эрх ашигт нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.

    Монгол Улс Тайландын Хаант Улстай 1974 оны 3 дугаар сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа юм. Түүнчлэн 50 жилийн ойг тохиолдуулан Бангкок хотын Байок цамхгийн дэлгэцэнд “Монгол-Тайланд 50 жил” гэсэн бичвэрийг бүтэн өдрийн турш байршуулах юм байна.

Үзсэн: 903

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна