Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа
Хятадын талтай хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг тогтвортойгоор урагшлуулж, бодитой ахиц гаргахын төлөө хамтран ажиллахын чухлыг онцлов
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар шинээр бүрэлдсэн Засгийн газар нь төрийн залгамж чанарыг тууштай баримталж, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгч буйгаа нотолж, цаашид Хятадын талтай хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг тогтвортойгоор урагшлуулж, бодитой ахиц гаргахын төлөө хамтран ажиллахын чухлыг онцлов. Элчин сайд Шэнь Миньжюань Хятад, Монголын харилцааг бүх салбарт гүнзгийрүүлэх, өндөр дээд түвшний яриа хэлцээг тогтмолжуулж, хөгжлийн уялдаа холбоог бэхжүүлэх нь чухал гэж үзэж буйгаа тэмдэглэв. Цаашид хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгоход анхаарч, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулахын төлөө ажиллана. Түүнчлэн уул уурхай, зам тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаанд онцгойлон анхаарал хандуулж, нүүрсний экспортын биет хэмжээг нэмэх, Монгол Улсаас БНХАУ-д хийж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд, тогтвортой байлгах тал дээр хамтран ажиллахаар боллоо.