Баасан, 9-р сар 19, 2025 00:12:00
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 18-09-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

“Хааны эрэлд-2025”


Densmaa 2025-06-27 07:06

“Хааны эрэлд- 2025” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан цэргийн сургуулилтад 24 орны 1300 гаруй цэргийн алба хаагч оролцож энхийг сахиулах ажиллагааны туршлага, мэдлэгээ хуваалцлаа.

     “Хааны эрэлд- 2025” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургуулилт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 14 хоногийн хугацаанд боллоо. Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан  “Хааны эрэлд” сургууль 2003 онд эхэлж  2006 онд олон улсын сургууль болж өргөжсөн юм. Энэ удаагийн цэргийн сургуулилтад 24 орны 1300 гаруй цэргийн алба хаагч оролцож энхийг сахиулах ажиллагааны туршлага, мэдлэгээ хуваалцлаа.  

Хааны эрэлд хээрийн сургуулилт нь Ази, Номхон далайн орнуудын энхийг дэмжих ажиллагааны таван томоохон арга хэмжээний нэг. АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилга, конгрессийн дэмжлэгтэйгээр дэлхийн энхийн ажиллагааны фонд бий болсон. Тvvний хvрээнд хэрэгжvvлж байгаа хамгийн чухал төсөл нь “Хааны эрэлд” энхийг дэмжих сургуулилалт байдаг. Тус сургуулиар дамжуулан оролцогч улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг байна. 

ЗХЖШ-ийн Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Мягмаржав:

“Хааны эрэлд 2025” сургууль нь нэгдүгээрт команд штабын сургуульд холимог батальоныг оролцуулж байгаагаараа онцлогтой. Холимог батальон гэдэг нь гадаадын оролцогч нарыг Монгол цэргийн албан хаагчтай нэгдсэн журмаар команд штабын сургуульд оролцуулахыг хэлдэг. Мөн БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын UNIMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 15 дугаар ээлжийн мотобуудлагын батальоныг энэ удаагийн команд штабын сургуульд хамрагдуулж, сургаж дадлагажуулж байна. Харин хээрийн сургуулийн хувьд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг үндсэн арга техникүүдийг хичээлийн цэгүүдээр дамжуулан олгож байна. Сургалтын үндсэн багш нар нь Монгол Улсын Зэвсэгт хүчнээс томилогдсон. Харин сургагч багш нар нь оролцогч улс орнуудын цэргийн алба хаагчид байна. Энэ жилийн сургуулийн бас нэгэн онцлог зүйл нь Улаанбаатараас баруун аймгуудыг чиглэсэн төв замаас сургалтын нэгдсэн төв хүртэлх 18,5км замын ажлын суурийг барих ажлыг эхлүүлсэн. Энэ жил  6 орчим км замын суурийн ажлыг Америк, Монголын цэргийн инженерүүд хамтраад 14 хоногийн хугацаанд байгуулж байна. Мөн энх тайван, аюулгүй байдлын чиглэлээр хуулийн сургалт явуулж, нисдэг тэрэгнээс буух, суух хамтарсан сургуулилт болон эмнэлгийн татан гаргалтыг нисдэг тэргээр зохион байгуулах дадлагыг хийж байгаагаа өмнө жилүүдийнхээс онцлогтой болж байна.  

      Хааны эрэлд олон улсын дадлага сургууль нь Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр анх зохион байгуулагдсанаас хойш өдгөө 22 жилийн хугацаа өнгөрчээ. Харин олон улсын статустай болон өргөжсөнөөс хойш дэлхийн 70 гаруй орны 20 мянга орчим цэргийн алба хаагчийг хамруулаад байна. Жилээс жилд хүрээгээ тэлж буй уг арга хэмжээнд энэ жил 24 орны цэнхэр дуулгатнууд оролцож байгаа бөгөөд тус бүр өөр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын Цэргийн сургалтын удирдлага зохицуулалтын хэлтсийн Олон улсын сургууль хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Гантөмөр хэллээ.

Олон улсын сургууль хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Гантөмөр:

Жишээлбэл Итали, Франц зэрэг орноос тус бүр нэг нэг офицер ирж оролцсон бол зарим улс орнуудаас 4-5 ажиглагч офицер энэ сургалтад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. АНУ-ын Энэтхэгийн Номхон далай дахь цэргийн командлалтай хамтарч явуулж байгаа энэ сургалтад 96 дугаар цэргийн цагдаагийн батальоны бие бүрэлдэхүүн нэг хэсэг болон оролцож байна. Мөн АНУ болон Монгол Улсын офицер ахлагч нарыг хамтатган ажиллуулж байгаа нь энэ жилийн сургалтын гол онцлог юм. Монголын талаас нийтдээ 158 цэргийн албан хаагч оролцож байна.

   Манай улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2016 оноос эхлэн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулж бие даасан цагдаагийн ажиглагч офицеруудыг ажиллагаанд оролцуулж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 35 алба хаагч ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэсэн байна. УИХ-аар баталсан "Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль”-ийн шинэчлэлээр 160 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй цагдаагийн баг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр болсон. Тэд ажиллагааны газарт тодорхой цэгүүдэд эргүүл, харуул, хамгаалалт, хуяглан хүргэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын алба хаагч, объектыг хамгаалах зэрэг үүрэг гүйцэтгэх юм. Монгол улсаа төлөөлөн энхийг дэмжих ажиллагаанд оролцох цагдаагийн багийг сургаж. дадлагажуулах үүднээс энэ удаагийн “Хааны эрэлд” олон улсын дадлага сургуульд цагдаагийн ерөнхий газраас 47 алба хаагч оролцлоо.

Эрүүгийн цагдаагийн албаны гуравдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Батцэнгэл:

Энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн баг оролцуулах ажил бол манай улсын цагдаагийн байгууллагын хувьд анхны үйл ажиллагаа юм. Тиймээс бид нар бүх зүйл дээр өндөр шаардлага тавьж байгаа. Мэдээж бие бялдар, сэтгэл зүй, гадаад хэлний мэдлэг гэх мэт шалгууруудыг хангасан байх шаардлагатай. Монгол улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцсон арвин түүхтэй. Тиймээс бид нар Зэвсэгт хүчний багуудаас дэмжлэг туслалцаа аваад харилцан ойлголцох, туршлага судлах сургалтын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. Цагдаагийн байгууллагын тавьсан зорилтууд гэж бий. Тэдгээр зорилтуудад энхийг дэмжих ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг түлхүү оролцуулах талаар тусгагдсан байдаг. Ингэснээрээ олон улсын хүний эрх хангагдах, ажиллагаанаас олж мэдсэн туршлага мэдлэг Монгол улсдаа хэрэгжүүлэх гээд олон давуу талууд бий болно.  

Монгол Улсын Цагдаагийн байгууллагаас БНӨСУ дахь UNMISS, БНСУ дахь UNAMID, Судан Улсын дундын бүс Аббэй дэх UNISFA ажиллагаанд бие даасан цагдаагийн зөвлөх үүрэг гүйцэтгэсэн байдаг. Үүнээс 8 эмэгтэй алба хаагч үүргээ нэр төртэй биелүүлжээ. Харин одоогийн байдлаар нэг алба хаагч БНӨСУ дахь UNMISS ажиллагаанд оролцож байна.

"Хааны эрэлд-2025" олон улсын дадлага сургуульд Хятадын Ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргийн анги, Энэтхэгийн 40 цэргийн алба хаагчтай бүрэлдэхүүн, Өмнөд Солонгос, Турк, Вьетнам зэрэг орны алба хаагч оролцож байна. Бид Энэтхэг улсын Батлан хамгаалах салбарын хошууч Кешав Сингхтэй уулзаж сэтгэгдлийг нь сонирхлоо.

Хошууч Кешав Сингх:  Би Хааны Эрэлд-2025 олон улсын сургуулилтад Энэтхэгийн цэргийн бие бүрэлдэхүүнийг ахалж ирсэн. Энэ сургуулилт бол үнэхээр сургамжтай, дадлага туршлагаа солилцох том боломжийг олгосон үйл ажиллагаа болж байна. Ялангуяа олон улсын хамтын ажиллагаа, шилдэг туршлагаа харилцан хуваалцах боломж олдож байгаагаараа онцлог болж байна. Миний бодлоор энхийг сахиулах ирээдүйн ажиллагааны хувьд энэ мэт сургуулилтууд маш чухал бөгөөд нэн хэрэгцээтэй гэж бодож байна. Манай талаас нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Үүнээс 38 нь Хааны Эрэлд олон улсын сургуулилтад оролцож байна. Бид өмнө нь бусад олон улсын хамтарсан сургуулилтад олон удаа оролцож байсан. Харин Хааны эрэлд сургуулилтын хувьд манай Энэтхэгийн армийн бүрэлдэхүүн дөрөв дэх удаагаа оролцож байна. Монголын байгаль үнэхээр үзэсгэлэнтэй сайхан санагдаж байна. Хүрээлэн буй орчин ногоон зүлгээр бүрхэгдсэн, мод ихтэй, харахад үнэхээр сэтгэл татам юм. Мөн Монгол цэргүүд үнэхээр мэргэжлийн түвшний дайчид бөгөөд тэднээс суралцах зүйл олон байна.

Харин Дэслэгч Кэллэн Дэвид Реди-гийн хувьд Австрали улсаас ирсэн бөгөөд Хааны эрэлд олон улсын дадлага сургуульд оролцож Монгол цэргүүдтэй хамтран ажиллаж байгаа нь анхных гэнэ. Монгол цэргүүдийн ур чадвар болоод найрсаг харилцаа нь түүнд маш таатай сэтгэгдэл төрүүлж байгаа талаар бидэнтэй хуваалцлаа.

Дэслэгч Кэллэн Дэвид Реди:  Монгол цэргүүд маш мэргэжлийн, туршлагатай, нөхөрсөг санагдлаа. Тэд бидэнд маш их тусалж, дэмжиж байна. Тиймдээ ч бид маш сайн хамтран ажиллаж байна. Бид тэдэнд Өмнөд Судан явах гэж байгаатай холбоотойгоор төлөвлөлтийн тал дээр тусалж, заах гэж ирсэн. Бид тэдэнд үүнийгээ хөгжүүлэх, сайжруулахад нь тусалж байгаа бөгөөд тэд ч маш сайн суралцаж байна. Хааны эрэлд сургуулилалт нь маш гайхалтай үйл ажиллагаа байна. 26 улсын төлөөлөл хамтран Монгол Улсыг НҮБ-ын үйл ажиллагаанд бэлтгэхээр цугласан байна. Энэ сургуулилалтаар дамжуулан мөн улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой бөгөөд маш сайхан туршлага болж байна. Монгол Улсад ирсэндээ сэтгэл хангалуун байна. Австрали Улсаас томилогдсон цэргүүдээс энд ирсэн нь хамгийн цөөн тоотой томилгоо байлаа. Бид өмнө нь жил болгон орж байсан бөгөөд энэ жил 6-н Австрали цэрэг ирж удирдлагын сургуулилалт болон бэлтгэлийн сургуулилалтад тусалж байна. Австрали Улс ирээдүйд Монгол Улстай хамтран ажилласаар байх болно. Ялангуяа НҮБ-ийн ажиллагааны хүрээнд энх тайван, аюулгүй байдлыг хангах нь Австрали Улсын чандлан биелүүлдэг зүйлсийн нэг мөн тул Австрали Улсын зэвсэгт хүчнээс жил бүр цэргүүд ирж үйл ажиллагаанд оролцож байх болно.

“Хааны эрэлд” олон улсын дадлага сургуулиар бригад, батальоны түвшний команд штабын болон салааны түвшний тактикийн хээрийн сургууль, төрөлжсөн мэргэжлийн цэргийн чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүлэг сургалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд салаадын хээрийн сургуулийн 11 цэг байгуулж тухайн цэг тус бүрт зохиомол цагийн байдал үүсгэн тактикийн сургууль явууллаа. Бидний хувьд нисдэг тэрэгний тээвэрлэлт, татан гаргалт, цувааны хамгаалалт, баазын хамгаалалтын цэгүүд дээр очиж, энхийг дэмжих ажиллагаанд алба хаагчид хэрхэн ажиллаж байгаатай танилцсан юм. Одоо үргэлжлүүлэн цувааны хамгаалалтын ахлах, Цэргийн цагдаагийн тусгай ротын ахлах дэслэгч Т.Жамбалсанжидын яриаг хүргэе.

Цэргийн цагдаагийн тусгай ротын ахлах дэслэгч Т.Жамбалсанжид:

Хүмүүнлэгийн цуваа явж байхад хоёр талаасаа халдлага болсон. Халдлагаас аль болох хурднаар эсрэг гал нээгээд цувааныхаа хурдыг нэмэгдүүлээд гарсан. Хоёр дахь цэгийг өнгөрөхөд үедээ тэсэрч дэлбэрэх бодистой таарсан. Мэдээж энэ үед тухайн цувааг зогсоогоод дэлбэрэх бодистой газрыг тэмдэглээд, дээд шатын байгууллага руугаа мэдэгдсэний дараа сафарийн бүлэг дуудсан. Сафарийн бүлэг ирсний дараа хүмүүнлэгийн цуваа өөр аюулгүй зам сонгоод хөдөлгөөнөө үргэлжлүүлээд дараагийн цэг дээр ирсэн байна. Энэ цэг дээр цагийн байдлаас болоод тухайн орон нутгийн иргэд цувааг зогсоож цуваанаас ямар нэгэн хүмүүнлэгийн тусламж, бараа шаардаж эхэлсэн. Мөн зарим нэг шархадсан иргэдэд хүмүүнлэгийн ажилтан анхан шатны тусламж үзүүлж байгаагаар зохиомол цагийн байдал үүсгээд сургуулилт хийж байна. Ийм үед цувааны бие бүрэлдэхүүн ямар хариу үйлдэл үзүүлэх вэ, хүмүүнлэгийн ажилтан цувааны ахлагчтайгаа хэрхэн харилцаа холбоотой ажиллах уу гэдгийг энэ сургалтаар зааж байна. Энэ хичээлийн цэг дээр Монгол Улсын 1 дүгээр салаа оролцож байна. Багш нарын хувьд АНУ-ын хоёр сургагч багш, Япон улсын нэг сургагч багш, Монголын талаас дөрвөн сургагч багш гэсэн  бүрэлдэхүүнтэйгээр дадлагын хичээлээ явуулж байна.

Бидний дараагийн очсон цэг бол татан гаргалтын цэг. Тус цэгт Япон Австрали, Монгол улсын нийт 5 багш ажиллаж алба хаагчдад сургалт явууллаа. Татан гаргах ажиллагаа нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа энгийн болоод цэргийн алба хаагчийг баазад хүргэх ажиллагаа юм. Ингэхдээ татан гаргаж байгаа НҮБ-ын ажилтан болон ажиллагаанд оролцож байгаа цэргийн багийн аюулгүй байдал нэн чухал болохыг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Соёл хүмүүжлийн офицер Н.Дэлгэрмаа хэллээ.

Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Соёл хүмүүжлийн офицер Н.Дэлгэрмаа:

Энэ сургалтын цэг дээр Катарын салаа хүмүүнлэгийн тусламж үзүүлэх Улаан загалмайн 4 албан хаагчийг өөрийн бааз болгох Нэгдсэн үндэсний бааз дээр аюулгүй хүргэх даалгаврыг гүйцэтгэж байна. Бид нар эсрэг дүрд тоглогчдод 24 цэргийн албан хаагчийг бэлтгэн ажиллуулж байна. Тухайн татан гаргалтыг шууд төлөвлөж хийх боломж байдаггүй. Цаг хугацааны хувьд эрсдэлтэй. Нөхцөл байдлын хувьд таньж мэдэхгүй газар орон, байрлалд явагддагаараа онцлогтой. Энэ үед татан гаргалтыг зохион байгуулж байгаа бие бүрэлдэхүүний аюулгүй байдал болон татан гаргагдаж байгаа хүмүүсийн аюулгүй байдал хамгийн чухал байдаг. Энэ цэг дээр ажиллаж байгаа салаа болгон өөр өөрсдийн гэсэн тактиктай өөр өөрсдийн гэсэн арга барилтай ажиллаж байна. Зарим салаа нь яг үндсэн үүрэг болох татан гаргалт дээрээ анхаарч байгаа бол зарим салаа нь НҮБ-ыг төлөөлж яваа гэдэг үүднээс биеэ авч явах байдалдаа илүү анхаарч байгаа нь харагдаж байна.

Түүний хувьд 2020-2021 оны хооронд БНӨСУ-д сэтгэл зүйчээр  үүрэг гүйцэтгэсэн байна. Ажиллагааны туршлагаас үзэхэд Монголд байгаа ойр дотны хүнээ алдсан цэргийн алба хаагчтай  ярилцах, уулзах хамгийн хүнд байдаг гэдгийг тэрээр мөн хэлсэн юм. “Хааны эрэлд” олон улсын дадлага сургуульд энэ мэтчилэн Монгол улсаас энхийг сахиулах ажиллагаанд явсан шилдэг алба хаагчид олноороо оролцож туршлага мэдлэгээ бусадтайгаа хуваалцдаг. Тэдний нэг бол Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Н.Гантулга юм. Тэрээр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 6 удаа оролцжээ.

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Ш.Гантулга:

Би 2004 онд цэргийн их сургуулийг төгссөн. Үүнээс хойш энхийг сахиулах ажиллагаанд 6 удаа хамрагдаад байна. Ирак, Афканистан, Сьерра Леон зэрэг улсад явагдсан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Харин сүүлийн хоёр удаа БНӨСУ-д явагдаж байгаа UNIMISS энхийг сахиулах ажиллагаанд штабын офицер болон ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэсэн. Энхийг сахиулагчид гэдэг бол Монголоор төсөөлөхөд хөдөө хээр оччихож байгаа хүмүүс огт биш. Ямар нэгэн байдлаар дайн зэвсэгт мөргөлдөөний хүнд асуудал үүсээд нэг нэгнийгээ буудаж, амь насыг нь хохироогоод байгаа улс төрийн түвшин нь ганхчихсан, хууль тогтоомж хэрэгждэггүй, амьд явах баталгаа маш муутай болчихсон газарт очиж үүрэг гүйцэтгэдэг байгаа хүмүүс юм. Би 2005 онд Иракийн эрх чөлөө ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа кинон дээрээс л харж байсан зүйлүүдээ яг тэнд бодитоор харсан. Анхны сэтгэгдэл бол кинон дотор ороод ирэв үү гэмээр байсан. Ажиллагааны газар оронд очиход хүн бүр буу зэвсэгтэй. Бид нарыг хэзээд ч буудаж болзошгүй тийм нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн. Иракийн эрх чөлөө ажиллагаанаас Монголдоо ингээд тайван явж чаддаггүй байсан. Тухайн үед машин байхгүй автобусаар л явдаг байлаа. Тэгээд явж байхдаа замын хажууд зогсож байгаа машин бүрийн доторхыг хараад тэсрэх бөмбөг байна уу үгүй юү гэдгийг нь нүдээрээ шалгаад явчихдаг байсан. Дайны сэтгэл зүй гэдэг хүнд тэгж нөлөөлдөг юм билээ. Одоо ч гэсэн хааяадаа машинуудыг тэгж нүдээрээ шалгаад байдаг. Бас нэг удаа Эрдэнэт хотод байхдаа тэсэлгээ хийх үед унтаж байснаа босоод хамаг хувцсаа өмсөөд үүдэнд гараад зогсчихсон байсан. Тэр бол одоог хүртэл сэтгэлд тод үлдсэн зүйлийн нэг.

Хааны эрэлд олон улсын сургуульд оролцогчдын чөлөөт цагаар ЦДБЭЧ-ын уран бүтээлчид хэсэгчилсэн тоглолтоо толилуулж, оролцогч орнуудын соёлын өдөрлөг боллоо. Энэхүү өдөрлөгөөр цэргийн алба хаагчид өөрсдийн үндэстний онцлогийг таниулах, нөхөрлөх, сургалт бэлтгэлээс авсан өндөр ачааллаа хөнгөвчилдөг байна. Мөн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс Хааны эрэлд сургуульд оролцогчдыг ая тухтай байлгах үүднээс цэцэрлэгт хүрээлэнг байгуулжээ. 15 жилийн хугацаанд 20 гаруй нэр төрлийн 30 мянган мод тарьж ургуулсан гэдгийг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн дендрологич С.Алтанхуяг хэллээ.

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн дендрологич С.Алтанхуяг:

Манай 311 дүгээр анги анх 2010 онд цэцэрлэгт хүрээлэнгээ байгуулж 9 га газар 4500 ширхэг мод тарьсан. Мөн 40х50-ийн хэмжээтэй 2000 мкв талбайд модондоо нөхөн тариалалт хийх зорилгоор бичил мод үржүүлгийн газар байгуулсан. Газар орных нь онцлогт тохируулаад хайлаас, улиас, навчит мод голчлон тарьж байна. Мөн шилмүүст модыг ангийн байрлал болон гал тогооны урд хэсгээр тарьсан. Харин энэ жил хээрийн байрлалынхаа хамгаалалтын зурвасыг бий болгох зорилгоор хашааны доод хаалганаас дээд хаалга хүртэл 2050 метр газарт 17 мянган мод тарьсан. Хавар 4 сарын 15-наас эхлээд 10 сарын 15 хүртэл би өөрөө мэргэжлийн 2-3 хүнтэй хамтраад эндээ байрлаад модны арчилгаа, усалгаа, хог ургамлыг түүх зэрэг ажлыг цэргүүдтэйгээ хамт хийдэг. Анх намайг энэ ангид ажилд ороход ангийн байрлалд 18 ширхэг өндөр мод байсан. Харин 15 жилийн дотор 30 орчим мянган мод тарьж ургуулаад, арчлаад явж байна.

Монгол Улс НҮБ-ын цэнхэр дуулгатнуудын эгнээг өргөтгөх, оролцогч орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хувь нэмэр оруулахаас гадна бусад орны хууль сахиулах байгууллагатай гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлж, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх давуу талтай юм.

Үзсэн: 15002

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: