Даваа, 9-р сар 22, 2025 14:22:11
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 22-09-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Оюутан цэрэг-Эх орныхоо дуудлагад итгэлээр очсон залуус


Densmaa 2025-07-02 11:07

Залуусын хүч эх орны минь дархлаа

Монгол Улсын батлан хамгаалах салбар шинэ зуунд оюунлаг, чадварлаг, эх орноо хамгаалах хүсэлтэй залууст зориулсан онцгой хөтөлбөрийг эхлүүлсэн нь “Оюутан цэрэг” юм. Энэ бол зүгээр нэг цэргийн алба бус, эх оронч сэтгэлгээ, иргэний үүрэг, үндэсний ухамсрыг нэгэн зэрэг төлөвшүүлж буй сэтгэлийн дуудлага билээ.

2014 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөрийг Батлан хамгаалах яам Монголын оюутны холбоотой хамтран амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөр нь оюутнуудад цэргийн үүргээ биелүүлэх боломжийг өргөтгөж, цэргийн албыг хаах шинэ хэлбэрийг нэвтрүүлсэн юм. Түүнчлэн тэдний оюуны хүчийг эх орныхоо батлан хамгаалах бодлогод шингээж буйгаараа онцлогтой. Үндэсний Батлан хамгаалах сургуулийн “Шар хад” хээрийн сургалтын төвийн захирал, хурандаа Д.Пүрэвсайхан энэ удаагийн оюутан цэрэг хөтөлбөрийн талаар ийнхүү ярьж байна.

Хурандаа Д.Пүрэвсайхан: 2025 оны оюутан цэрэг хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 12 анги, Үндэсний батлан хамгаалах сургуульд гээд нийтдээ 13 анги салбар дээр 2000 гаруй оюутан цэрэг бэлтгэж байна. Манай Үндэсний батлан хамгаалах сургуулийн хээрийн сургалтын төв дээр 600 орчим оюутан цэргийг бид сургалтад хамруулж байна. Бид өмнө жилүүдэд 1 дүгээр курсын оюутнуудыг авдаг байсан бол энэ жил 1, 2, 3 дугаар курсын оюутнуудыг энэ хөтөлбөрт хамруулж байгаагаараа онцлог. Оюутан цэрэг хөтөлбөр хоёр үндсэн сургалтын процедураар явж байна.  4 сарын 1-нээс 6 сарын 1-ний хооронд танхимын сургалт явуулдаг. Дараа нь 6 сарын 10-наас 8 сарын 15-ны хооронд хээрийн сургалт бэлтгэл буюу цэргийн мэргэжил олгох сургалт явуулдаг. Ингэхдээ хээрийн бэлтгэл сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний ээлжид 14 хоногийн хугацаатай цэргийн албанд дасгах сургалтыг явуулна. Дараагийн 2 дугаар үе шатанд мэргэжлийн бэлтгэл хичээлийг орно. Сүүлийн 14 хоногт 11 мэргэжлээр цэргийн мэргэжил олгох, цэргийн үүрэгтэн бэлтгэх мэргэжлийн сургалтыг зохион байгуулдаг. Ингээд хоёр сарын дараа энэ залуус маань Монгол Улсын Зэвсэгт хүчинд цэргийн 1 дүгээр бэлтгэл үүрэгтнээр бэлтгэгдэж 11 мэргэжлээр мэргэжил эзэмшээд халагдах ёстой. Ер нь оюутан цэргээр цэргийн алба хаах  залуусын тоо жилээс жилд өсдөг. Яагаад гэхээр оюутан залуучууд маань сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарч, төрийн албаны байгууллагад очно. Төрийн албаны хуулиараа заавал цэргийн алба хаасан хүмүүсийг ажилд авдаг хуулийн заалт бий иймээс энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуус олон болсон. Ер нь богино хугацаагаар төрөлжсөн сургалтаар цэргийн алба хаана гэдэг бол залуучуудад цаг хугацаа хэмнэсэн ихээхэн давуу талтай. Оюутан цэргийн 4 сарын сургалтаар эх орноо батлан хамгаалах үйлсэд иргэн бүрийн оролцоо ямар байх ёстой юм. Эх орноо батлан хамгаалах үйлс гэж ямар зүйл байдаг юм, цэргийн алба гэж юу вэ? цэргийн албанд юу сурч мэддэг вэ гэдгийг богино хугацаанд сурч мэдээд, цэргийн мэргэжил эзэмшээд төлөвшөөд гарч байгаа юм.

     Эх орны тусгаар тогтнол, ард түмний амар амгалан байдал нь эр цэргийн хүч чадал, сэтгэлийн хат, оюуны дархлаанд үндэслэдэг. Үндэсний аюулгүй байдлын энэхүү суурийг батжуулах үйлсэд “Оюутан цэрэг” хөтөлбөрөөр дамжуулан Монгол төрийн далбаан дор нэгдсэн залуусын оролцоо асар чухал. Тэд бол орчин цагийн зэвсэгт хүчний шинэчлэл, үндэсний батлан хамгаалах салбарын халдашгүй дархан байдлын ирээдүйг өөртөө тээж яваа иргэд юм. Манай сурвалжлах баг “Шар хад” хээрийн сургалтын төвөөр зочилж “Оюутан цэрэг-2025” хөтөлбөрт хамрагдаж байгаа цэргүүдийн сэтгэгдлээс хуваалцлаа.

    Намайг Н.Мөнх-Од гэдэг. Би ШУТИС-ийн Кибер аюулгүй байдал мэргэжлийн 2 дугаар курсийн оюутан. Энэхүү Шар хад  сургалтын төв дээр 1 дүгээр ротын 1 дүгээр салааны байлдагч болон хуваарилагдсан. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдахын тулд маш их хичээсэн. Бие бялдар болон эрүүл мэнд, онолын хичээлийг танхимаар 2 сар судалж шалгалтуудыг давсны хүчинд энэ хээрийн сургалтад хамрагдаад явж байна. Хичээсний үр дүнд энд ирээд цэргийн амьдралд суралцаж байгаадаа үнэхээр их баяртай байна. Онолын хичээлээр батлан хамгаалах эрх зүй, галын бэлтгэл, тактик гэх мэт цэргийн салбарт хамаатай хичээлүүдийг танхимаар авсан. Харин дараа нь энэ сургалтын төв дээр ирээд тэрхүү онолын мэдлэгээ практик дадлага дээр хэрэгжүүлээд явж байна. Миний хувьд энэ суралтын төв дээр 1 дүгээр ротын 1 дүгээр салаанд төрсөн ах Н.Ням-Одтой хамт  алба хааж байна. Энэ нь миний хувьд болон миний ахын хувьд ихээхэн азтай зүйл болж байна.  

  Намайг Эрдэнэбаатар овогтой Бямба-Эрдэнэ гэдэг. Би ШУТИС-ийн 1 дүгээр дамжааны оюутан. Барилгын инженерчлэлийн ангид сурдаг. Энэ сургалтын төвд 4 дүгээр ротын 2 дугаар салаанд байлдагчаар хувиарлагдсан. Өмнө нь би цэргийн албыг хүчээр хаах ёстой юм шиг боддог байсан. Энд ирээд орчинд нь байгаад үзсэн чинь үнэхээр гоё санагдах болсон. Энд ирсэнээрээ цэргийн алба ямар байх ёстойг сурч байна. Мөн үеийн нөхөдтэйгөө харьцах болон ахмад цолтой хүмүүстэй хэрхэн харьцах талаар сурсан. Анд нөхөдтэйгөө амь нэгдэж сурсан.  Би өмнө нь цэргийн албанаас их айдаг байсан.  Харин энэ 2 сарын хугацаанд цэргийн албыг хаахад үнэхээр сайхан байна. Энэ бол айх зүйл огт биш бидний хүлээх ёстой үүрэг бас үнэхээр сайхан алба шүү гэж хэлмээр байна.

     Өнөө цагт оюутан цэргийн зарим нь дотоодын цэргийн анги нэгтгэлүүдийн дэргэд үүрэг гүйцэтгэж, биеийн тамираас гадна сэтгэл зүй, удирдлагын ухаан, эрсдэлийн менежмент зэрэг салбарын онол, практикийг хослуулан суралцаж байна. Ингэснээр тэд зүгээр нэг цэргийн алба хаагаад зогсохгүй, амьдралын аливаа сорилтыг сөрөн туулах, өөрийгөө удирдах, хамт олноо манлайлах чадвар эзэмшиж, төрдөө, түмэндээ тустай ухамсарт иргэн болон төлөвшиж байна. Цэрэг хүний алдар суу гэдэг бол гагцхүү тугны өмнө жагсах агшин бус, эх орон, эцэг эх, энх тайвны төлөө өргөсөн тангарагтаа үнэнч явах зам мөр юм. Энэ утгаар “Оюутан цэрэг” хөтөлбөр бол залуусын оюун ухаан, хүсэл тэмүүллийг эх орныхоо батлан хамгаалахад зориулах, сэтгэлийн их сургууль болж байгааг Соёл урлагийн их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан О.Ариунбаяр хэллээ.

О.Ариунбаяр: Анхны өдөр жоохон айдастай байсан. Цэргийн албыг өмнө нь ерөөсөө мэддэггүй байсан. Гэтэл жинхэнэ цэргийн албанд ирээд сэтгэгдэл маш өндөр  болсон. Одоо анх ирснээ бодвол   цэргийн амьдралдаа дасаад, цэргийн хүний хатуужил, тэсвэр тэвчээрийг мэдэрч байна. Хамгийн гол нь цэргийн хүмүүсийн хоорондын харилцаа, хандлага одоогийн нийгэмд дутагдаж байгаа зүйлийг нөхөж өгч байгаа юм шиг надад санагдсан. Хамт алба хааж байгаа нөхдөө хүндэтгэх, хайрлах, хамгаалах гэх мэт. Миний хувьд энэ хөтөлбөрт хамрагдаад цэргийн албанд их сонирхолтой болж байна. Бидний үеийн залуус дунд эх оронч сэтгэлгээ, эх оронч үзэл бодол гэдэг зүйл дутмаг болоод байгаа юм шиг санагддаг. Яг энэ цэргийн албанд ирснээрээ бидний өвөг дээдсээс үлдээсэн энэ ариун гал голомтыг бид нар л цааш нь залгаж авч явахгүй юм бол өөр хэн залгаж авч явах юм бэ гэдэг зүйлийг маш ихээр ойлгож байна. Мөн бидний өвөг дээдэс энэ газар нутгийг бидэнд үлдээхийн тулд ямар их хөлс хүч хөдөлмөр гаргасан юм бэ гэдгийг дөнгөж нэг зах зухаас нь мэдрээд явж байна. Эр цэргийн албанд татагдсан болон эр цэргийн албанд явсан бүх залуучуудад эх орноо хайрлах, эх оронч үзэл санаа дүрэлзэж өгдөг юм байна. Тиймээс залуучууд маань болж өгвөл оюутан цэрэгтээ яваад эр цэргийнхээ албыг хаагаарай. Энэ нь  бидний  эр хүн болж төрсний бас нэг үүрэг шүү. Тиймээс үргээ заавал биелүүлээрэй гэж  уриалмаар байна.  

    Эх орны дархан хил амар амгалан, үндэсний аюулгүй байдал тогтуун оршихын суурь нь үргэлж цэргийн хүч байсаар ирсэн, цаашид ч байх болно. Энэ бол монгол төрийн түүхэн сургамж, ард түмний амар тайван амьдралын гол үндэс юм.

Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, батлан хамгаалах тогтолцоог улам боловсронгуй болгох нь зөвхөн нэг үеийн даалгавар бус, үе үеийн залууст уламжлагдах эрхэм үүрэг билээ. Хиймэл оюун, дижитал шийдэл, ухаалаг системүүд, байлдааны орчин үеийн техник технологи бүхий зэвсэгт хүчинтэй байх нь XXI зууны батлан хамгаалахын шинэ шаардлага юм. Үүнтэй уялдуулан цэргийн аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжилд дорвитой ахиц гаргах нь стратегийн ач холбогдолтой алхам болж байна. Энэ бүх чухал зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд залуу үеийн оролцоо, хичээл зүтгэл хамгийн гол хөдөлгөгч хүч юм. Эх оронч үзэл, сахилга бат, мэдлэг боловсролоор хангасан залуус цэрэг армийн шинэчлэлийн үндэс суурь, батлан хамгаалах салбарын ирээдүйг тодорхойлогчид юм. Тэд зөвхөн өнөөдрийн хамгаалагчид бус, маргаашийн Монголын хариуцлагатай манлайлагчид билээ.

Монгол төрийн сүлдэн дор нэгэн зүрх сэтгэл, нэгэн тангараг дор нэгдсэн цэрэг залуусын хүчинд эх орон маань бат бэх, тусгаар тогтнол маань мөнх оршиж, ард түмний амар амгалан амьдрал найдвартай хадгалагдаж чадна. Цэрэг армид залуусын оролцоо хүчирхэг байх нь эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн нэр төрийн хэрэг юм.

 

Үзсэн: 22266

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: