Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12,13-12-2025
Монгол

Шинэ мэдээ

"Монголын соёлын наадам" Польшийн Краков хотноо боллоо


Densmaa 2025-10-09 11:10

Монгол-Польшийн дипломат харилцаа тогтоосны 75 жил, Краков дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий Консулын газрын 10 жилийн ойн хүрээнд БНПУ-ын Краков хотын Małopolski Ogród Sztuki-д зохион байгууллаа.

   Арга хэмжээг Краков дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий Консул хатагтай Цахиурын Уртансан, Малопольски мужийн Маршилын тамгийн газартай хамтран зохион байгуулсан байна. Наадмын нээлтийн үеэр БНПУ-д суугаа Монгол Улсын Түр хэргийг хамаарагч Загасбалдангийн Цэлмэн хэлэхдээ "Монгол–Польшийн дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой нь Краков дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий Консулын газрын 10 жилийн ойтой давхцаж буй онцлогтой. Монгол, Польш орнууд газар зүйн байршлын хувьд ихээхэн алслагдмал хэдий ч хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарт өргөжин хөгжсөөр байгаа бол хоёр ард түмний хоорондын харилцаа улам бэхэжсээр байгаа билээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлд шат ахиулж, хоёр улсын Төрийн тэргүүн нар Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан" гэлээ.
 
   Малопольски мужийн дэд маршал Рышард Пагач хэлсэн үгэндээ “Энэхүү арга хэмжээ Монголын соёлыг илүү гүнзгий танин мэдэх, улмаар Польш-Монголын харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэг итгэж байна” гэсэн бол Малопольски мужийн захирагч Кшиштоф Ян Кленчар баярын мэндчилгээ дэвшүүлж, Өргөмжит Ерөнхий Консул хатагтай Цахиурын Уртансанд Талархалын бичиг гардуулжээ. Сүүлийн жилүүдэд Малопольски мужийн захиргаа болон Краков дахь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий Консулын газрын хамтын ажиллагаа идэвхтэй өргөж байгаа юм. Тухайлбал Архангай аймаг–Малопольски мужийн хамтын ажиллагааны эхлэл тавигдсан нь төрийн захиргаа, эрүүл мэнд, соёл, хөдөө аж ахуй, байгаль хамгаалал, эдийн засаг зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж бүрдэж байгаа юм. 
 
 
    Монгол соёлын наадмын үеэр Монголын “Сэдаа” хамтлаг ардын дуу, хөгжмийн тоглолтыг толилуулж, Монгол орны байгаль, ахуй соёлыг харуулсан “Үзэсгэлэнт Монгол” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол, Польшийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны уламжлал, соёлын солилцоог бэхжүүлэх, Монголын түүх, соёлын өвийг Польшийн ард түмэнд таниулах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
 
 
    Бүгд Найрамдах Польш Улсын Краков хот дахь Монгол Улсын Өргөмжит ерөнхий консулын газар нь Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, өргөжүүлэх, Монгол Улсын түүх, соёл, өв уламжлалыг Краков хот болон бүс нутгийн хүрээнд сурталчлан таниулах, Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг үйл ажиллагааг явуулдаг юм.  
 
 
 
 
 
 
 
 
 
 

Үзсэн: 3248

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна