Монгол Улс 2025 оны эхний 9 сард 160 улстай худалдаа хийжээ
Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унц тутамд 782.6 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 452.1 ам.доллароор нэмэгдсэн байна
Монгол Улс 2025 оны эхний 9 сард 160 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны бараа эргэлт 19.2 тэрбум ам.доллар болсон байна. Экспорт 10.7 тэрбум ам.доллар, импорт 8.5 тэрбум ам.доллар болж, тэнцэл 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Зэсийн хүдэр ба баяжмал, мал амьтны самнасан үс, хялгас, цайрын хүдэр, баяжмал экспортыг өсгөхөд нөлөөлжээ. Импортын 71.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн аж. Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унц тутамд 782.6 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 452.1 ам.доллароор нэмэгдсэн. БНХАУ-д экспортолсон барааны 41.6 хувийг нүүрс, 40.4 хувийг зэсийн хүдэр, баяжмал байгаа юм. Швейцарь улсад экспортолсон барааны 99.6 хувь нь боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт байна. ОХУ-аас импортолсон барааны 72.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 78.7 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 7.9 хувийг ачааны автомашин эзэлжээ.
Үзсэн: 3298
Tweet