“Хуурын эгшиг, хөөмийн уянга” тоглолтыг Ричмонд Хилл хотын Урлагийн төвд зохион байгуулав
Торонто хот дахь Канадын бизнес, соёл, урлагийнхан, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, Торонтогийн их тойрогт оршин сууж буй монгол иргэд, Монголд элэгтэй канад иргэд үзэж сонирхов
Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Онтарио муж дахь Өргөмжит консулын газар хамтран "Морин хуур" найрал хөгжмийн хөөмийч, морин хуурч Н.Ашитын “Хуурын эгшиг, хөөмийн уянга” тоглолтыг Ричмонд Хилл хотын Урлагийн төвд зохион байгуулав. Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос тоглолтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны ард түмний соёл, урлаг, түүний дотор монгол хөөмий ба инуит хөөмий нь иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйг тэмдэглэв. Тоглолтод Н.Ашит “Дөрвөн уул”, “Жонон хар морины явдал”, “Алтайн магтаал” зэрэг монгол ардын дуу хөгжим, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Сэтгэлд шингэсэн говь”, “Бурхан Халдун” зэрэг зохиолыг морин хуурын яруу эгшиг, хөөмийн уянгат дуутай хослуулан толилуулав. Мөн тэрбээр хөөмий, морин хуурын гарал үүсэл, онцлог, дөрвөн төрлөөс гадна Алтайн ятгыг танилцуулж, Н.Ашит, Г.Тунгалаг нар морин хуур, Алтайн ятгын хослолоор эртний хөг аялгууг толилуулсан нь тоглолтод өвөрмөц өнгө аяс нэмлээ.Тус тоглолтыг Торонто хот дахь Канадын бизнес, соёл, урлагийнхан, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, Торонтогийн их тойрогт оршин сууж буй монгол иргэд, оюутан сурагчид, Монголд элэгтэй канад иргэд үзэж сонирхжээ.
Үзсэн: 3750
Tweet