Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын НБГТГД Ражеб Булхаруф нарыг хүлээн авч уулзав
Нүүдлийн мал аж ахуй, өв уламжлалыг хадгалах зорилгоор бэлчээрийн хамгааллын арга механизмыг өөрийн улсын онцлогт тааруулан хэрэгжүүлэхэд анхаарч, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллана
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан нар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн газрын Тамгын газрын дарга Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен тус байнгын хорооныхоо үйл ажиллагаа, чиглэлийн талаар танилцуулаад, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэ зохицуулалтаар Хүнс, хөдөө аж ахуйн болон Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороотой болж өргөжсөнийг онцлов. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүнс, хөдөө аж ахуйн бодлого, хөгжлийн асуудалд онцгойлон анхааран ажиллаж байна гэв. Мөн 2026 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах үеэр газрын доройтол, цөлжилтийн асуудалд олон улсын парламентуудын анхаарлыг хандуулан улмаар газрын доройтол, цөлжилтийг мэдэгдэхүйц бууруулах бодлого, төсөв, хяналтын зохистой механизмыг бүрдүүлэх зорилгоор урт хугацааны өндөр үр нөлөө бүхий шийдвэр гаргахаар зорьж байгаагаа онцолсон. Нүүдлийн мал аж ахуй, өв уламжлалыг хадгалах зорилгоор бэлчээрийн хамгааллын арга механизмыг өөрийн улсын онцлогт тааруулан хэрэгжүүлэхэд анхаарч, энэ хүрээнд хууль, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр идэвхийлэн ажиллана гэлээ.
Үзсэн: 4650
Tweet