“Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна
Ерөнхийлөгчийг “Монос хүнс” ХК-д хүрэлцэн ирэхэд үйл ажиллагаа болон “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хийсэн бүтээн байгуулалт зэргээ танилцууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Ерөнхийлөгчийг “Монос хүнс” ХК-д хүрэлцэн ирэхэд үйл ажиллагаа болон “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хийсэн бүтээн байгуулалт зэргээ танилцууллаа. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, ажлын байр бий болгох зэрэг боломж олгож байгаад компанийн удирдлагууд талархал илэрхийлэв. Тус компани 2012 оноос хойш эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2019 онд IPO хийж, “Монос групп”-ийн анхны хувьцаат компани болсон байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Ингэснээр дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж хүнсний агуулахаа өргөтгөхийн зэрэгцээ нийслэлийн зүүн бүсэд шинэ агуулахын бүтээн байгуулалтыг эхлүүлж, хүүхдэд зориулсан жимсний нухашны тоног төхөөрөмжөө шинэчилжээ. “Монос хүнс” ХК 72 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, 280 гаруй ажилтан, 16,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй, салбартаа тэргүүлэгч компани юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-д нэгдэн үйлдвэрлэлээ өргөтгөж, олон мянган ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.
Үзсэн: 4603
Tweet