Алтайн чацуулин олджээ
Бие бөмбөгөрдүү гонзгойвтор. Хүзүү богино, хоншоор урт, шонтгор. Газар малтахад зохицон хөл богиноссон, урд хөл илүү бахим, алга нь гадагш эргэсэн
Хорьдол Сарьдагийн дархан цаазат газраас Алтайн чацуулин гэх тархац нутаг нь тодорхойгүй нэн ховор амьтныг цасан дээр гарч үхсэн байхад нь байгаль хамгаалагч олсон байна. Алтайн чацуулин Улаан номд бичигдсэн хэдий ч огт судлагдаагүй амьтан бөгөөд хар шороон хөрсөн давхаргаар шавьж идэж амьдардаг, нэн ховор, хүнд үзэгдээд байдаггүй газар доор амьдардаг байна. Алтайн чацуулингийн бие 190 мм, сүүл 34 мм хүртэл. Бие бөмбөгөрдүү гонзгойвтор. Хүзүү богино, хоншоор урт, шонтгор. Газар малтахад зохицон хөл богиноссон, урд хөл илүү бахим, алга нь гадагш эргэсэн. Нүд анивчдаг зовхитой, үсэн дотроо бараг далдарсан. Чихний дэлбээ байхгүй. Зүс тод бүдэг, хүрэн бор толбо бүхий торгомсог гялтганасан бараавтар хүрэвтэр, тугалган хөх саарал. Монгол Улсын баруун хойд хязгаарт Монгол Алтайн Цагаан шувуут уулаас зүүнээ Тагна нурууны өвөр бэлийн уулс, Тэс голын эх, Улаан тайга, Дархадын хотгор, Хөвсгөл нуурын хойд уулс, Үүр голын эх хүртэлх зурвас хэсэгхэн газарт байдаг. Ялзмаг ихтэй чийглэг хөвсгөр зөөлөн хөрстэй ой шугуйд голын татам, хөндийгөөс 3500 м хүртэл нутагладаг гэсэн судалгаа байдаг ажээ.
Үзсэн: 4166
Tweet