Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан Орхон аймагт ажиллаж байна
Энэхүү тэтгэлэг нь сурагчдын боловсролд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, чадварыг хөгжүүлэх, цаашдын сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлсэн чухал үйл явдал боллоо
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шариф тэргүүтэй албаныхан Орхон аймагт ажиллаж байна. БНХАУ-ын Элчин сайдын яам, НҮБ-ын Хүн амын сангийн хамтын санхүүжилтээр нийслэлийн 2 дүүрэг, 4 аймгийн 11 сургуульд охидын эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж эхэлсний нэг нь Орхон аймаг юм. Тус төслөөр охидод нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, ариун цэврийн менежментийг сайжруулах, охидын эрүүл мэнд, нэр хүнд, боловсролын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн зочдод аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр мэдээлэл өгч, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Элчин сайд Шэнь Миньжуан Орхон аймаг, Эрдэнэт хоттой бүтээн байгуулалт, худалдаа, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу "Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг"-ийн батламжийг 30 сурагчид гардууллаа. Энэхүү тэтгэлэг нь сурагчдын боловсролд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, чадварыг хөгжүүлэх, цаашдын сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлсэн чухал үйл явдал боллоо.
Үзсэн: 5950
Tweet