“Монголын ноёд язгууртны гэрийн үеийн бичмэл” цуврал номын нээлт боллоо
Чингис хааны угсааны 12 мянга орчим хүний нэр багтсан том хэмжээний гэрийн үеийн бичмэл дэлгэж, олон улсын эрдэмтдийн анхаарлыг татсан
“Монголын ноёд язгууртны гэрийн үеийн бичмэл” цуврал номын эхний боть болох “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” номын нээлт боллоо. Мөн энэ үеэр Чингис хаанд холбогдох сурвалж бичиг, ном хэвлэлийн үзэсгэлэнг нээлтэд зориулан дэлгэв. Энэ тухай МУҮНС-ийн менежер С.Чулуунпүрэв ярихдаа, "Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр хэмээн тэмдэглэдэг. Хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан ховор нандин эх бичмэлийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Япон Улсын Нара хотын "Тэнри Санкоокан" музейд Чингис хааны угсааны 12 мянга орчим хүний нэр багтсан том хэмжээний гэрийн үеийн бичмэл дэлгэж, олон улсын эрдэмтдийн анхаарлыг татсан билээ. Монгол Улсад ийм төрлийн баримтат дурсгал нийт гурван ширхэг хадгалагддаг. Үүний нэг нь Үндэсний төв архивт, хоёр нь Үндэсний номын санд байдаг. Тэдгээрээс хамгийн том хэмжээтэй, 5 ханатай гэрийн буурьтай тэнцэх буюу 5.8 метрийн голчтой даавуун дээр хэвлэсэн “Сэцэн хан Шолойн угийн бичиг” нэртэй дурсгалт эх бичгийг энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байгаа" гэв.
Үзсэн: 3494
Tweet