"Польшийн кино өдрүүд" боллоо
Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан 15 дахь удаагийн Польшийн кино өдрүүд нь Монгол-Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог байв.
Монгол улс, Бүгд Найрамдах Польш улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалахын салбарт хамтран ажилласаар ирсэн. Тэр дундаа улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж, худалдааны эргэлт эрчимтэй өсөж байгаа юм. Зөвхөн эдийн засгийн харилцаа гэлтгүй хоёр орны хооронд соёл урлаг, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хамгийн тод илэрхийлэл бол жил бүр уламжлал болгон болдог "Польшийн кино өдрүүд" юм. Энэ уламжлал ёсоор Соёл Урлагийн Их Сургуулийн Кино, Телевиз Медиа Урлагийн Сургууль, БНПУ-ын Элчин сайдын яам хамтран 15 дахь удаагийн “ПОЛЬШИЙН КИНО ӨДӨР” арга хэмжээг зохион байгууллаа. Тус кино өдөрдөг нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Польшийн кино урлагийг сурталчлан таниулах, телевиз киноны чиглэлээр сурч буй оюутнуудын мэдлэгийн цар хүрээ, сурах идэвхийг сайжруулан нэмэгдүүлэх зорилготой юм.

15 дахь удаагийн Польшийн кино өдрүүд арга хэмжээний нээлтэд Польшийн Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч хадагтай Агата Обратаньска үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Өнөөдөр бид Польш-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүхэн ойг тэмдэглээд зогсохгүй, манай хоёр орны ард түмний нөхөрлөл, харилцан хүндлэл, амьд соёлын харилцааг илэрхийлэх 15 дахь удаагийн Польшийн кино өдрийг Улаанбаатар хотноо хамтдаа зохион байгуулж байна. Хэдий бид газар нутгийн хувьд алс хол оршдог ч, уламжлал, түүхэн гарвалаа хүндлэн дээдлэх нийтлэг үнэт зүйлс биднийг холбож байдаг. Олон арван жилийн турш манай хоёр улсын соёлын салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж, манай хоёр ард түмнийг урам зоригоор тэтгэж, бидний нягт холбоог бэхжүүлсээр ирсэн. Залуу үеийнхний ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэхэд кино урлаг гол үүрэг гүйцэтгэдэг. Олон залуусын хувьд кино урлаг бол бусад улс орнуудын соёлыг нээх үүд хаалга бөгөөд тэдгээрийг бодитоор харах, сонсох, мэдрэх арга зам нь юм. Үүний нэгэн адил киногоор дамжуулан польш, монголын залуучууд бие биенийхээ түүх, үнэт зүйлс, өдөр тутмын амьдралын туршлагыг илүү сайн ойлгож мэдэж авдаг. Энэ удаагийн “Польшийн кино өдөр”-ийн хүрээнд явагдаж буй мастер классууд нь хоёр орны соёл, боловсрол, кино урлагийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, бүтээлч солилцооны шинэ боломжуудыг нээж, хүмүүс хоорондын урт хугацааны сайн харилцааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Польшийн кино өдөрлөгийн хүрээнд найруулагч К. Лукашевичийн “ЗАЛУУ БҮРГЭДҮҮД”, найруулагч С. Рожевичийн “ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ”, найруулагч М. Горка, П. Глуховски нарын “КАРБАЛА”, найруулагч К.Зануссигийн “ТӨГС ТОО”, найруулагч Кшиштоф Киешловскигийн "ХАНА ӨРӨГЧ", “УС” зэрэг таван киног үзэгчдэд толилууллаа. Эдгээр кино уран бүтээлийг хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд үзэгчдийн боловсролд зориулан хүргэж байгаагаа онцлогтой юм. Кино өдөрлөгийн нээлтийн үеэр бид “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын захирал Б.Түмэн-Өлзийтэй уулзлаа.
Б.Түмэн-Өлзий: 15 дахь удаагийн Польшийн кино өдрүүд уламжлал ёсоороо СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургууль дээр зохион байгуулагдлаа. Энэ жилийн онцлог бол Варшавын Баримтат болон уран сайхны кино үйлдвэрийн тусламжтайгаар тэдний сан хөмрөгөөс 5 уран бүтээлийг сонгоод тэдний зөвшөөрөлтэйгөөр цэвэр боловсролын зорилготойгоор нэг удаагийн гаргах эрхтэйгээр хүмүүст толилуулж байна. Варшавын кино үйлдвэр болон Монгол кино нэгтгэлийн хооронд хамтын ажиллагааны гэрээ зурагдсан байдаг. Энэ хүрээнд хийж кино өдрийг зохион байгуулж байна. Өмнөх жилүүдэд төрөл бүрийн киноны мэргэжлийн багш нар ирж мастер класс сургалт ордог байсан бол энэ жил Монголын кино урлагт дутагдаад байгаа кино зураачийн мэргэжлээр мастер класс сургалтуудыг анх удаа хийснээрээ онцлог байлаа. Тодруулбал, 1990-ээд оноос хойш кино урлагт ажиллаж байгаа Польшийн кино зураач Катаржина Филимонюк хатагтай ирж 3 хоногийн мастер класс сургалт хийлээ. Тус сургалтад манай оюутнууд хамрагдахаас гадна Дүрслэх урлагийн сургуулийн оюутнууд, Театрын урлагийн сургуулийн оюутнууд ч бас хамрагдаж байна. Эхний өдөр багш маань өөрийнхөө амьдрал, уран бүтээлийн туршлагаасаа хуваалцаж, өөрт тохиосон алдаа, оноо болон зураач хүний анхаарах ёстой зүйлсийн талаар оюутнуудтай ярилцсан. Харин дараагийн сургалтаараа зураач хүн ажлаа яаж төлөвлөх, кино төслөө бичиж байхад хэрхэн оролцох, кино төслийн гурван гол хүмүүс болох найруулагч, зураглаач, зураач гурвын хамтын ажиллагаа юун дээр үндэслэдэг гэдгийг тайлбарлалаа. СУИС дээр театр, киноны зураач, тайзны зураачийн анги байдаг. Харин Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн медиа урлагийн ангид тайзны зураач, киноны зураачийн хичээл цөөн цагаар ордог. Яг кино зураач гэсэн мэргэжлээр мэргэжлийн сертификат олгодог сургууль одоохондоо Монголд байхгүй байна. Аливаа юм мэргэжил, мэргэшил, чадвар дээр тулгуурладаг байх ёстой. Тэгж байж бид нар дэлхийн хэмжээний бүтээл ярина гэлээ.
Польшийн кино урлагийн түүх урт бөгөөд өөрийн онцлог бүхий үйл явдал, ололт амжилтаар дүүрэн байдаг. Ялангуяа 1950-иад оны дунд үеэс Польшийн кино урлагийн дэг сургуулийн бүтээлүүд, Европын орнуудын кино уран бүтээлчдийн бүтээлийн шинэлэг чиг хандлага харилцан нөлөөлсөн юм. Дэлхийн II дайны дараах хяналт цензур, үзэл суртлын тогтолцоог үл харгалзан найруулагч Роман Полански, Кшиштоф Киешловски, Агниешка Холланд, Анжэй Вайда, Ежи Кавалерович, Анжэй Жулавски нар дэлхийн кино урлагийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан гэж үздэг байна.
Урьд өмнөх жилүүдийн Польшийн кино өдөрлөгийн хүрээнд дэлхийн шилдэг найруулагч Занусси, кино судлаач Диана Дамбровска, Польшийн Катовецийн их сургуулийн багш Павел Хожимпа зэрэг уран бүтээлчид Bонголд ирж кино сонирхогчид болон оюутнуудад сургалт хийж байсан юм. Энэ жилийн тухайд тайзны дизайнер, архитектор, интерьер дизайнер Катаржина Филимонюк монголд хүрэлцэн ирж мастер класс сургалтыг хийлээ. Катаржина Филимонюк нь Краковын технологийн их сургуулийг архитектурын чиглэлээр төгссөн. Мөн Лондонд компьютер графикийн чиглэлээр, Лондонгийн хэвлэлийн сургуульд олон нийттэй харилцах чиглэлээр суралцсан. Тэрээр 1990 оноос хойш кино зураач, интерьер дизайны чиглэлээр ажиллаж байна. Катаржина мэргэжлийн карьераа “TVP KRAKOW”-д тайзны зураглаачаар эхлүүлсэн бөгөөд үргэлжлүүлэн Фолькер Шленорфын студид мэргэжлээрээ ажиллаж туршлага хуримтлуулжээ. Түүнчлэн Белгийн кино найруулагч Жерар Патуонийн “GRAND FROID”, Энэтхэгийн найруулагч Каран Ашуманы “BANGISTAN” кинонд зураач дизайнераар ажилласан туршлагатай. 2012-2014 онд тэрээр Китали дахь Квету кино институт (руанда)-д киноны тайзны дизайны багш хийжээ. Тэрээр олон клип, сурталчилгааны контентууд, театрын тайзны найруулагаар ажиллаж байсан бөгөөд түүний урын санд 40 орчим уран сайхны кино, телевизийн цуврал бүтээлүүд багтдаг байна. Одоо үргэлжлүүлэн тайзны дизайнер, архитектор, интерьер дизайнер Катаржина Филимонюк-ийн яриаг хүргэе.

Катаржина Филимонюк: Монгол оюутнууд надаас их олон асуулт асуусан. Ихэнхдээ кино үйлдвэрлэлтэй холбоотой зүйлсийн талаар асууж байлаа. Жишээ нь хэдэн цаг ажилладаг, төсөв ямар байдаг, хэн юунд хариуцлага хүлээдэг гэх мэт. Мэдээж тэд өөрийн орны нөхцөл байдалтай харьцуулахыг хүссэн байх. Улс орон бүрийн продакшнтай холбоотой хууль, дүрэм журам өөр учраас юуг зөвшөөрдөг, юуг харуулж болдоггүй талаар ч сонирхож байлаа. Мөн кино бүтээх үед тохиолдсон хөгжилтэй түүхүүд оюутнуудын сонирхлыг ихэд татсан. Түүнчлэн алимны модыг хэрхэн бүтээсэн, ямар кинонд ямар дизайн хийсэн, бодит ба бодит бус дүрслэл зэргийн талаар яриа өрнүүлсэн. Түүхэн кинон дээр хэрхэн ажилласан туршлагаасаа хуваалцсан маань тэдний сонирхлыг их татах шиг болсон. Би Монгол кино цөөхнийг л үзсэн. Ихэнхдээ баримтат кино үзсэн, тухайлбал нүүдэлчдийн тухай, Тэмүүжин Чингис хааны тухай кинонууд үзсэн. Маш өнгөлөг атлаа сүрдмээр түүхэн кинонууд байсан. Харин Монголын цуврал киноноос үзэж байгаагүй, учир нь Монгол цувралууд голдуу хадмал оруулгагүй байдаг юм байна. Харин Монгол анд найзууд маань Монгол морины талаар болон детектив төрлийн цуврал кино үзүүлнэ гэж амласан. Уран сайхны болон гэмт хэргийн хоёр өөр төрлийн бүтээл үзэх сонирхолтой байна байх гэж бодож байна.
Польш улс бол кино урлаг өсрөнгүй хөгжсөн орон. Тухайн орны кино хийх арга барил, киноны санаа, утга агуулга хэрхэн олж түүнийгээ дүрсээр яаж илэрхийлэх вэ гэх зэрэг олон зүйлийг энэ удаагийн сургалтаас сурч мэдсэн гэж СУИС-ийн КТМУС-ийн оюутнууд мөн хэлж байлаа.

Үзсэн: 6604
Tweet