Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань-г хүлээн авч уулзжээ
Монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлдээ гаргаж эхэлснийг элчин сайд дуулгав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань-г хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд БНСВУ-д, БНСВУ-ын ерөнхийлөгч То Лам-ын 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцан тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийн талаар ярилцсан байна. Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар, яам, холбогдох байгууллагууд харилцаа, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан юм. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд манай улс өнгөрсөн жил БНСВУ-д 100 тонн ямааны мах экспортолсон бөгөөд вьетнамчууд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлдээ гаргаж эхэлснийг элчин сайд хэлэв. Мөн уулзалтаар төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарт гүнзгийрүүлэх талаар санал солилцсон байна.
Үзсэн: 32
Tweet