Оюун санааны хөршөөс стратегийн түншлэл хүртэл
Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа
Бүгд Найрамдах Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улстай 1955 оны 12-р сарын 24-нд дипломат харилцаа тогтоожээ. Тухайн үед БНЭУ нь манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орон байсан төдийгүй манай улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн орон юм. Монгол, Энэтхэгийн ард түмэн газар зүйн хувьд хол оршдог ч сэтгэл санаа, соёлын хувьд ойр байдаг "оюун санааны хөрш" орнууд гэж үздэг. Энэ ч утгаар 1956 онд Монгол Улс Дели хотод ЭСЯ-аа нээж, Энэтхэг улс Улаанбатарт 1971 онд ЭСЯ-аа нээж үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Монгол-Энэтхэгийн харилцаа холбоо олон мянган жилийн өмнөх үе рүү биднийг эргэн хөтөлнө. Хоёр улсын харилцаа холбооны талаарх түүхэн эх сурвалжуудын эхнийх нь Хүн гүрний үе буюу МЭӨ 209 оны үед хамаардаг. Хожим нь Монголд буддын шашин хүчтэй дэлгэрснээр хоёр орны хоорондох хэлхээ улам бэхэжсэн түүхтэй. Улмаар нэг шашны нийтлэг үнэт зүйлийн дор нэгдсэн хоёр орны хооронд соёл, боловсрол болон шинжлэх ухааны хэлхээ холбоо гүнзгийрч эхэлсэн бөгөөд үүнээс улбаалан Монгол улс Энэтхэг улсыг өөрийн “Оюун санааны хөрш” хэмээн нэгэнтээ тодорхойлсон байдаг.
Манай хоёр орны хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг 1994 онд үзэглэсэн түүхтэй. Түүнээс хойш төрийн болон Засгийн газрын тэргүүнүүдийн түвшинд хэд хэдэн удаагийн өндөр дээд түвшний айлчлал хийсэн нь хоёр талт харилцааны бат бөх суурийг тавьжээ. Нэн ойр түншийн хувьд хоёр орны дипломат харилцаа улам бүр гүнзгийрч байгааг БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Атул Малхари Готсурве онцоллоо.
Элчин сайд Атул Малхари Готсурве: Энэтхэг–Монгол улсууд стратегийн түншүүд бөгөөд оюун санааны ахан дүүс билээ. Манай ард түмнүүдийн найрамдалт харилцаа өдөр ирэх тусам улам бэхжиж байна. Хамтын ажиллагааны хүрээ ч мөн адил тасралтгүй тэлж байна. Батлан хамгаалах салбар, мэдээллийн технологи, IT-ийн хөгжил, газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл зэрэг бүх чиглэлд хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Мөн Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын иргэдэд 100 хувийн сургалтын тэтгэлэг олгож, тэднийг чадавх бэхжүүлэх сургалтад хамруулж байна. Шинэ гарч байгаа онд бидний найрамдалт харилцаа улам бүр батжин бэхжинэ гэдэгт би итгэлтэй байна. Өнгөрсөн жил онцгой ач холбогдолтой жил байлаа. Учир нь Энэтхэг, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүхийн Энэтхэг Улсад хийсэн түүхэн бөгөөд цаг үеэ олсон айлчлал маш амжилттай, үр дүнтэй болсон. Айлчлалын үр дүнгээр хийгдэх ажлууд хоёр улсын найрамдалт харилцаа, стратегийн түншлэлийг цаашид улам гүнзгийрэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэлтэй байна.
Энэтхэг, Монгол хоёр Буддын шашнаар холбогдсон өнө эртний соёл иргэншлийн хэлхээ холбоотой Стратегийн түншүүд ба оюун санааны ахан дүүс билээ. Түүхийг сөхөн харвал Энэтхэг, Монгол хоёр эрт дээр үеэс Бурханы шашны нийтлэг өв уламжлалаар дамжуулан харилцаж ирсэн. Энэтхэг Улсаас Монгол Улсад сууж байсан Элчин сайд, XIX Кушок Бакула Ринбүчи Монголд 10 жил (1990-2000) ажиллах хугацаандаа 100 гаруй Буддын шашны хийдийг сэргээж, Улаанбаатар хотод Бэтүб хийдийг байгуулж Энэтхэгтэй Бурханы шашны холбоог бэхжүүлэхэд асар их хувь нэмэр оруулжээ.
Энэтхэгийн гүн ухаан, бурхан шашны ариун сургаалыг эрхэмлэн хүндэлсэн монголчуудын өвөг дээдсийн уламжлалт найрсаг харилцаа өнөө цагт оюун санааны хөршийн хувиар улам гүнзгийрэн хөгжсөөр байна. Монгол Улс нь Энэтхэг Улсыг гуравдагч хөрш, Өмнөд Ази, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэг. Энэ утгаараа манай хоёр улсын “Стратегийн түншлэл“-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Одоо үргэлжлүүлэн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Нямдаваагийн яриаг сонсгоё.
Элчин сайд О.Нямдаваа: Монгол Энэтхэг хоёр бол оюун санааны хөршүүд. Оюун санааны хөршүүд гэхээр ганцхан бурхны шашин биш эртний соёлын хэлхээ холбоо, түүхийн хэлхээ холбоог харуулсан зүйлүүд байдаг. Өөрөөр хэлбэл Монгол-Энэтхэг хоёр бол хоорондоо соёл шинжлэх ухаан, урлаг, ардын эмнэлэг, гэх мэт олон салбарт харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлсэн орнууд юмаа гэдгийг товчхон тэмдэглэж хэлье. Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа бол эдийн засгийн салбар руугаа орж байна. 1,7 тэрбум америк долларын газрын тосны үйлдвэр байгуулж байна. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдалд нэн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Мөн Энэтхэгийн Ерөнхий сайд байсан хүний нэрэмжит мэдээлэл технологийн төв бий болж байна. Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль бий болж байна. Монголоос жил бүр 40-өөд оюутан Энэтхэгт суралцахаар явж байна. Бурхны шашны шугамаар 400 гаруй оюутан Энэтхэгт суралцаж байна. Энэ бол манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа хэрхэн өргөжин хөгжиж байгааг харуулж байгаа жишээнүүд юм. Энэтхэг улс бол агуу том орон учраас Энэтхэгийн түүх архивын баримтууд тэндээ хадгалагдаж байдаг юм байна. Манайх шиг нүүдлийн орон биш учраас алга болчихдоггүй. Жишээ нь Энэтхэгийн нэгэн архивт 1148 онд сансакрит хэл дээр буюу самгарди хэл дээр бичигдсэн ном хадгалагдаж байна. Тэр номон дээр Хүннүчүүд Монголд орж ирээд Хүннүгийн эзэнт улс байгуулсан гэдгийг гаргаад биччихсэн байх жишээний. Мөн Хүннүгийн эзэнт гүрнийг байгуулсан тухай хадны бичиг, зоос, хананы том зураг, хаалган дээр бичсэн бичиг зэрэг түүхэн баримтууд гээд манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг харуулсан зүйлүүд олон бий.

Энэтхэг-Монголын найрамдлын тод жишээ бол Энэтхэгийн Засгийн газраас олгосон 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл билээ. Төслийн эхний багц ажил дуусаж, “Монголын Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ТӨХХК-д 2024 оны 11-р сард хүлээлгэн өгсөн бөгөөд бусад багц ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Тус үйлдвэр 2027 оны эцэс -2028 оны эхээр ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, олон шинэ ажлын байр бий болгох юм. Хоёр улсын засгийн газраас төслийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахыг төлөө хамтран ажиллаж, бүхий л талаар дэмжиж байна. Энэ хүрээнд энэ оны 4-р сард Энэтхэгийн 4000 орчим ажиллах хүч Монголд ирэхээр болжээ.
Түүнчлэн Энэтхэгийн Засгийн Газраас 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр ШУТИС-ийн дэргэд Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, Харилцаа холбоо, Аутсорсингийн төв байгуулахаар ажиллаж байна. Тус төвийн барилгын ажил тавин хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд 2026 оны 9-р сард ашиглалтад оруулна. Мөн Энэтхэгийн Засгийн Газраас олгосон 5.277 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Зайсангийн аманд Энэтхэг-Монголын Найрамдлын дунд сургууль баригдаж байна. 1200 сурагч хүлээн авах хүчин чадалтай тус сургуулийг 2026 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэтхэг, Монголын найрсаг харилцаа олон салбарт өргөжин тэлж байна. Тухайлбал хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж, худалдааны эргэлт 2023 онд 65.43 сая ам.доллар байсан бол 2024 онд 110.88 сая ам.доллар болж өсжээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн хэд хэдэн компани Монголоос коксжих нүүрс, зэс, алт авах сонирхлоо илэрхийлжээ. Харин манай улс Энэтхэгт мал, амьтны үс, хялгас, хонины ноос, хийн буюу цахилгаан биш моторт багаж зэргийг нийлүүлж, хүнс, гэр ахуйн бараа, протез, химийн задлан шинжилгээ хийх аппарат, өргөгч, ачигч, вааран эдлэл, оёмол бүтээгдэхүүн голлон авч байна.
Монгол-Энэтхэгийн хамтын ажиллагааны хүрээн дэх өөр нэгэн чухал салбар бол батлан хамгаалахын салбар юм. Жил бүр “Нүүдэлчин Заан” хамтарсан цэргийн сургуулилтыг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд Монголд зохион байгуулдаг энхийг сахиулах олон улсын “Хааны Эрэлд” сургуулилтад Энэтхэг улс тогтмол оролцож байна. Мөн Монгол Улсын Батлан Хамгаалах яамны Үндэсний Батлан Хамгаалахын Их сургууль дээр байгуулсан Энэтхэг-Монголын кибер аюулгүй байдлын сургалтын төв үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд хоёр Энэтхэг багш Монголын офицеруудыг кибер аюулгүй байдлын чиглэлээр сургаж байна.
Энэтхэгийн Техник, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр (ITEC) нь Энэтхэгийн Засгийн газраас олгож буй бүрэн тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд мэргэжил дээшлүүлэх сургалт, мэргэжлийн зөвлөгөө, техникийн туслалцаа санал болгож байна. Энэ хөтөлбөр бол Энэтхэг улсын түнш орнууддаа өгсөн хөгжлийн туршлага, мэргэжлийн ур чадвараа хуваалцах амлалтын нэг жишээ юм. Түүнчлэн, Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлийн (ICCR) тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монголын залуучуудад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт жил бүр 40 квот олгож байна.
Монгол Энэтхэгийн найрамдалт харилцааны бас нэгэн голлох салбар бол эрүүл мэндийн салбар. Хоёр орны засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт олон төрлийн төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Мөн түүнчлэн хувийн хэвшлийн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд ч Энэтхэг улстай холбоо тогтоож хамтран ажиллаж байна. Үүний нэг жишээ бол Энэтхэг-Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төв юм.

Энэтхэг-Монголын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн захирал, Анагаах ухааны доктор Х.Жамбалмаа:
Манай байгууллага 2019 оноос хойш Энэтхэгийн хамгийн сайн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна. Монгол улсад эмчлэгдэхгүй, оношлогдохгүй байгаа тархины өвчтэй, элэгний өвчтэй, тархины хавдартай, нүдний өвчтэй хүмүүсмийг Энэтрэг улс руу явуулж эмчлүүлдэг. Дээрээс нь Энэтхэгийн хамгийн сайн эмнэлгүүдийн хамгийн сайн эмч нарыг Монголд урьж ажиллуулдаг. Манай улсад эмчлэгдэхгүй гэхээр гадаад улсад ч бас эмчлэгдэхгүй байна гэсэн үг биш. Харин хүмүүс үүнийг мэдэхгүй байдаг учраас хаана очиж ямар туслалцаа авах вэ гэдгээ мэдэхгүй байна. Энэтхэгийн анагаах ухааны давуу тал нь хамгийн боломжийн үнэтэй байдаг. Манай өвчтөнүүд гадагшаа зөндөө явж байна. Хятад, Солонгос, Турк явж байна. Солонгос Турк бол эмчилгээ нэлээн үнэтэй. Хятад бол ойрхон учраас явахад амар боловч хэлний тал дээр хүндрэлтэй. Харин Энэтхэг улсын ихэнх эмнэлэг нь англи хэлээр үйлчилдэг. Дээрээс нь Энэтхэгийн эмч нар маш сайн бэлтгэгдсэн эмч нар байдаг. Анагаахын нэг оюутны хувиар дээр мянган хүүхэд өрсөлдөж байж сургуульд ордог гэсэн. Мянган хүүхэд өрсөлдөж байна гэхээр анагаахын эмч нарын чанар ямар мундаг байгаа нь ойлгомжтой шүү дээ. Мөн Энэтхэгийн эм бол маш сайн эм байдаг. Жинхэнэ оригинал сайн эмүүдийг олж хэрэглэх юм бол сайн үр дүн үзүүлдэг. Нэг харьцуулсан тоо хэлье. Манай Монгол Улс 3,5 сая хүнтэй. Гэтэл Энэтхэг улс тэрбум 500 сая хүнтэй буюу 100 мянган хүнд тохиолдох хавдарын хувь хэмжээ нь 103-105 байдаг. Харин манай Монгол 3,5 сая хүн амтай атлаа 100 мянган хүн тутмын 235 хүн хавддараар өвдөж байна. Энэ бол маш аюултай тоо. Бид нар үнэхээр энэ чиглэлээр юм хиймээр байна. Хүмүүсээ, эмч нараа сайн сургамаар байна. Өвчнөөс урьдчилан сэргийлмээр байна. Хавдар өвчин тусмааргүй байна. Хэрэв туссан бол тэр өвчин орчин цагт эдгэдэг болсон. Хавдар туссан бол өнгөрдөг гэсэн ойлголт одоо байхаа больчихсон. Өнөө цагт хавдрыг хими туяа эмчилгээгээр эмчлэх боломжтой. Мөн портон эмчилгээ гэж гарсан. Тэр портон эмчилгээний машин нь гэхэд 3 давхар байшинтай дүйцэхүйц том автомат машин байдаг. Түүнийг 100 сая хүнтэй улс орон худалдан авч хэрэгжүүлэх бололцоотой гэж байгаа юм. Тэгэхээр манай улс бол түүнийг худалдан авах боломжгүй байна. Харин иргэд маань Энэтхэг улс руу очоод эмчлүүлчих боломжтой. Манай төв Энэтхэгийн хамгийн сайн эмнэлгүүдтэй хамтарч ажилладаг. Нэг өвчтөн ирлээ гэхэд өвчтөний бүх шинжилгээ мэдээллийг бэлдээд 2-3 эмнэлэгт явуулж үнийн санал, оношилгооны санал, эмчилгээний санал авч өгч байх жишээтэй. Тэгэхээр нөгөө хүн эмнэлэг нь ийм үнэтэй юм байна, эмч нь мундаг сайн эмч байна гэх мэтчилэн сонголттой болж байгаа юм. Мөн Монголдоо ямар эмчилгээ хийлгэх вэ гэдгээ урьдчилаад мэдээд бүх зүйл нь тодорхой болгоод явдаг давуу талтай. Тэгэхгүй бол тэрбум хүнтэй газар хаана очихоо мэдэхгүй, онгоцны буудал дээр буугаад хаашаа явахаа мэдэхгүй байвал хэцүү шүү дээ. Манай хамтран ажилладаг эмнэлгээс тухайн өвчтөнийг тосоод авна буудалд нь оруулаад өгнө гээд бүхий л үйлчилгээг үзүүлдэг. Зарим эмнэлгүүд нь монгол хэлтэй орчуулагч хүртэл ажиллуулдаг байх жишээтэй.
Монгол Энэтхэгийн харилцаа хамтын ажиллагааны талаар Монгол Энэтхэгийн эрдэмтэд тодорхойлохдоо, 4000-аас 10 жилийн түүхтэй, эртний хэлхээ холбоотой байна гэж үздэг. Албан ёсны бичиг баримтад 2700 орчим жилийн түүхтэй гэж үздэг. Харин манай хоёр улсын орчин үеийн харилцааг 1955 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тооцдог. Түүнээс хойш хоёр улс олон улсын тавцанд нэг бус удаа бие, биенээ түшиж тулсан түүх бий. Хоёр орны хооронд албан ёсоор дипломат харилцаа тогтсоноос хойш 40 гаруй хамтын ажиллагааны санамж бичиг болон гэрээ, хэлэлцээрүүд байгуулагджээ. Шинэ зуунд Монгол улсын гадаад бодлогын нэг хэсэг нь гурвалсан, дөрвөлсөн хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал хэмээн олон улсын судлаачид үздэг. Энэ хүрээнд хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцаа хоёр орны ард түмний эрх ашиг, олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан бүх салбарт амжилттай хөгжиж байна.
Үзсэн: 46
Tweet