Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал ОХУ-д хийх айлчлал эхэллээ
Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны хоёрдугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. Улмаар улс төр, эдийн засаг, бизнес, худалдааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай тус тус албан ёсны уулзалт хийж, хөрш орнуудын уламжлалт харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцоно. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулна.
Үзсэн: 2938
Tweet