Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Өнөөдөр Дэлхийн радиогийн өдөр тохиож байна


Densmaa 2026-02-13 03:02

Энэ жилийн Дэлхийн радиогийн өдрийг “Радио ба хиймэл оюун ухаан” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна

    1946 оны 02 дугаар сарын 13-ний өдөр НҮБ-ын радиогийн анхны нэвтрүүлэг цацагджээ. Улмаар 2011 онд ЮНЕСКО-ийн ээлжит бага хурлаар тус өдрийг “Дэлхийн радиогийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргажээ. Тус өдрийг радиогийн үнэ цэнэ, ач холбогдлыг сурталчлан таниулах, хүртээмжийг сайжруулах, радио сонсогчдын дуу хоолойг сонсох зорилгын дор дэлхий даяар 15 дахь жилдээ тэмдэглэж байна. Одоо сонсогч та бүхэнд энэ жил дэлхийн радиогийн өдрийг ямар сэдвийн хүрээнд тэмдэглэж буй, ЮНЕСКО-гоос радиогийн хүртээмжийг сайжруулах, сонсогчдод ач холбогдыг таниулах хүрээнд ямар ажилууд хийж байгаа талаар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэйтэй хийсэн ярилцлагын хүргэе.

Асуулт: Дэлхийн радиогийн өдрийг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ. Ач холбогдол, зорилгын талаар танилцуулна уу.

Чинүүхэй: Юуны өмнө Монголын радио сонсогчдоо Монголын үндэсний комисс ЮНЕСКО-гийн нэрийн өмнөөс та бүхэндээ дэлхийн радиогийн өдрийн мэнд дэвшүүлье. Энэ өдөртэй тохиолдуулан хэдэн зүйлийг тэмдэглэж хэлье. 2011 онд ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурал гэж болсон. Тус хурлаар дэлхийн радиогийн өдөртэй болох нь зүйтэй гэсэн нэгдсэн шийдвэрт хүрсэн. Улмаар тухайн жилдээ НҮБ-ын Ерөнхий ассемблей тогтоол гаргаж, жил бүрийн 2-р сарын 13-ныг дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглэх шийдвэр гарсан. Үүнээс хойш 15 дахь жилдээ дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэж байна. Радиогийн үнэ цэнэ ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, түүнчлэн хүртээмжийг сайжруулах мөн радио сонсогчдын дуу хоолойг сонсох зорилгоор энэ өдрийг тэмдэглэхээр болсон юмаа.

2-р сарын 13-нийг өдрийг сонгосон нь бас учиртай юм. Энэ өдөр бол 80 жилийн тэртээ 1946 оны 2-р сарын 13-нд НҮБ-ын анхны радиогийн нэвтрүүлэг цацагдсан байна. Тийм учраас энэ өдрийг дэлхийн радиогийн өдөр хэмээжээ.

Асуулт: Жил бүрийн дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэхдээ тодорхой сэдвийн дор тэмдэглэдэг. Энэ жилийн уриалга юу вэ. Энэхүү сэдэв агуулгыг хэрхэн тодорхойлж ирсэн бэ?

Чинүүхэй: Гол нь дэлхий нийтэд тулгамдаж байгаа асуудлыг хөнддөг. Мэдээж олон асуудал байгаа. Түүнийг эрэмбэлж байна. Нөгөөтэйгүүр ЮНЕСКО-гийн гишүүн орнууд аль асуудлыг хөндөж байна. Юнеско-гийн гишүүн орнуудын дэмжлэгтэйгээр тодорхой сэдвээ сонгоод тухай тухайн жилдээ зарлаад явдаг. Тухайлбал, өнгөрсөн жил уур амьсгалын өөрчлөлтийн тухай байсан. Үүгээрээ сонсогчдоо зориулан уур амьсгалын тухай энэ сэдвээр өргөн хүрээний мэдлэг түгээх зорилготой байсан. Энэ жилийн хувьд “Радио ба хиймэл оюун ухаан” гэсэн сэдэвтэй. Гол өгөх мэссэж нь хиймэл оюун ухаан бол хэрэгсэл юм. Түүнээс бус дуу хоолойг орлох зүйл биш. Нэвтрүүлэгч, техник хэрэгсэл, радиог орлох зүйл биш юм. Харин хиймэл оюун ухаанаар дамжуулан илүү бүтээлч, нийтлэг нэвтрүүлгээ сайжруулах хэрэгсэл байх юм гэсэн зорилготой энэ жил тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулаад дэлхийн радиогийн өдрийг тохиолдуулан Арабын нэвтрүүлгийн холбоо, Европын нэвтрүүлгийн холбоо, Дижитал олон улсын нэвтрүүлгийн холбоо, Юнеско хамтран цуврал сургалт зохион байгуулж байна. Үнэ төлбөргүй, цахимаар бүртгүүлээд сургалтанд сууж болно.

Асуулт: Хиймэл оюун ухааны дэвшлийг ашиглах,   радио өргөн нэвтрүүлэгт нэвтрүүлэх, монгол газар нутагшуулах чиглэлээр ямар ажил хийж байна. Олон улсын түвшинд энэ чиглэлээр ямар ажил хийж байна. Сайн туршлага юу байна?

Чинүүхэй: Хиймэл оюун ухааныг бүхий л салбарт ашиглаж байна. Тэр дундаа радиогийн сүлжээнд ашиглах бүрэн боломжтой. Тухайлбал, манай монгол улсын хувьд алслагдсан, өргөн уудам газар нутагтай. Хот хөдөөг холбоход радио асар их ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр алслагдсан хөдөө нутагт радио бол зөвхөн тоног төхөөрөмж бус, мэдээ мэдээллийн үнэнч хань болдог. Тэхээр радиогийн ач холбогдол хэвээр байсаар байна. Ойрын хэдэн жилдээ радио бидний үнэнч хань байсаар байх болно. Мэдээ мэдээллийн чухал хэрэгсэл байсаар байх болно. Радиогийн нэвтрүүлэг, ач холбогдлыг цааш хадгалахад хиймэл оюун ухаан бидэнд хэрэгтэй. Ялангуяа нэвтрүүлгийн чанарыг сайжруулна, дуу хоолой, дамжуулалтын чанар сайжрана. Сонсогчдын санал бодлыг сонсох, эргэх харилцааг бий болгоно гээд энэ бүхэнд хиймэл оюун ухаан үүргээ гүйцэтгэнэ.

Асуулт: ЮНЕСКО-гоос радиогийн ач холбогдлыг юу гэж үнэлж дүгнэдэг вэ. Энэ төрлийн судалгаа байгаа юу.  Мөн НҮБ-аас радиогийн салбарт хийж хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, бүтээн байгуулалт юу байдаг вэ?

Чинүүхэй: ЮНЕСКО-гийн хувьд радио онцгой байр суурь эзэлдэг. ЮНЕСКО өөрийн гэсэн радиотой. 4-5 хэлээр нэвтрүүлгээ цацдаг. Гэхдээ он цагийн эрхээр 1997 онд радио нэвтрүүлэг хаагдсан. Гэсэн хэдий ч ЮНЕСКО радио нэвтрүүлэгт ач холбогдол өгдөг. Яагаад гэвэл, хамгийн хүртээмжтэй, хамгийн найдьартай мэдээллийн суваг гэж үздэг. Та бүхэн мэдэж байгаа, цахилгаан хязгаарлагдсан нөхцөлд ч гэсэн радио нэвтрүүлэг явж л байдаг. Мөн радио нэвтрүүлэг олон эх сурвалаас мэдээллээ авдаг, үнэн зөв мэдээлэх үүргээ нэр төртэй биелүүлж явдаг. Радио бол хүмүүсийг холбож, хооронд нь ойлголцуулах нийгэмд итгэлцлийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулдаг. НҮБ, ЮНЕСКО дэлхийн II дайны дараа байгуулагдсан. Дэлхийн хэмжээний дайн дажин дахин гаргахгүйн тулд энэ хоёр том байгууллага бий болсон. Соёлтой, боловсролтой иргэнийг бий болгох туйлын зорилготой. Соёлтой, боловсролтой иргэн дайн зөрчилдөөнийг гаргадаггүй юм гэсэн ойлголтын үүднээс эдгэр байгууллага бий болжээ. Тиймээс радио бол НҮБ, ЮНЕСКО байгууллагдсан зорилготой холбоотой. Хүмүүсийн боловсролд анхаарал хандуулахад радио онцгой ач холбогдолтой. ЮНЕСКО болон донор байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын радиог байгуулсан байдаг. НҮБ-ын хувьд радио бол боловсрол, соёлыг түгээх суваг болж байна. ЮНЕСКО боловсролын салбарт маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Монголд гэхэд боловсролыг зайнаас олгох хөтөлбөрийг олон жил явуулсан. Мөн ЮНЕСКО Бүгд Найрамдах Конго улсад ард түмний боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж үүнд 4 сая хүн хамрагдсан судалгаа байна. Иймд радио зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй аюулгүй байдлыг хангах хэрэгсэл ч гэж үздэг. Өөрөөр хэлбэл, байгалийн гамшиг, цар тахал, уур амьсгалын өөрчлөлт гээд онцгой нөхцөлд иргэдэд мэдээ мэдээллийг шуурхай хүргэж ирсэн. Ийм сайхан жишээнүүдийг хэлж болно.

Асуулт: Энэ жил “Радио ба хиймэл оюун ухаан” гэсэн уриалга гаргажээ. Ямар ажил хийж хэрэгжүүлэх гэж байна?

Чинүүхэй: Энэ жилийн хувьд хэд хэдэн байгууллага цахим сургалт зохион байгуулах гэж байна. Сургалт англи хэлээр явна. Хүссэн холбогдох хүмүүс оролцох боломжтой. Манай байгууллагын хувьд мөн хиймэл оюун ухааны талаар сургалт явуулна. Энэ нь зөвхөн радио нэвтрүүлэгтэй холбоотой бус мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулахад хиймэл оюун ухааныг ашиглая гэсэн зорилготой. Ялангуяа өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд сургалт явуулж тэдний чадавхыг сайжруулахад хувь нэмрээ оруулна. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууддаа зориулсан сургалт байгаа. Хиймэл оюун ухааныг ашиглаж бүтээлч, үр дүнтэй байх чадавхыг өгнө. Би түрүүн дурьдсан, хиймэл оюун ухааныг бүх салбарт ашиглаж байна гэж. Мөн монголын өв соёлд хиймэл оюун ухааныг яаж ашиглаж болох вэ гэсэн чиглэлээр ажиллаж байна. Уйгаржин монгол бичгээр бичсэн судар бичгийг кирилл бичигт буулгах талаар мэрэгжлийн хүмүүстэй ярилцаж байна. Хэрвээ энэ төсөл хэрэгжвэл монголд байгаа асар олон судар бичгийг кирилл бичигт буулгаж, ингэснээр бид тайлж уншиж чаддаг болно. Өөр нэгэн санаачлага бол тууль байна. Туульд монголчуудын ахуй амьдрал, зан заншил багтсан байгаа. Туулийн өвлөн уламжлагч нараас хиймэл оюун ухааны тусламжтай өвлөн авч цахим дээр буулгах, ном судар болгон буулгах ажилд ач холбогдол өгч байна. Хэд хэдэн санаачлага байгаа. Түүнийг Юнеско дэмжиж ажиллахаар судалж байна.

Асуулт: Манай урилгыг хүлээн авч Дэлхийн радиогийн өдрийн ач холбогдол, зорилго, хийх ажлуудаасаа сонирхуулсан танд баярлалаа.

Чинхүүхэй: Радиогийн нийт сонсогч та бүхэнд дэлхийн радиогийн өдрийн мэнд дахин хүргэе. Юнеско-гийн хувьд дэлхийн радиогийн өдөр их ач холбогдолтой байдаг. Монголын үндэсний радиотой бид байнга тогтмол, хамтарч ажиллаж ирсэн. Энэ удаад биднийг нэвтрүүлэгтээ урьж, дэлхийн радиогийн өдрийг сонсогчиддоо танилцуулах боломж олгосон та бүхэнд баяртай байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

     Монгол улсын хувьд  1931 оны 5 дугаар сарын 1-ний 19.00 цагаас НАРДОМ клубийн төхөөрөмжийг ашиглан “Агаарын мэдээ”-ний зөвлөлөөс төв цэнгэлдэх, төв талбайд чанга яригч байрлуулж баярын мэдээ, дуу хуурыг дамжуулснаар монголчуудад анх удаа агаарын мэдээг сонсгожээ. Харин 1934 оны есдүгээр сарын нэгний өдөр “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэсэн дуу хоолой орон даяар цацагдсанаар Монгол улсад радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлсэн юм. "Монголын радио" өглөө бүхэн Монгол Улсын төрийн дууллаар эхэлж, үдэш нь төрийн дууллаар хөтөлбөрөө жаргаадаг уламжлалтай. Учир нь манай радио монголчуудын үзэл санаа, соёл урлаг, тусгаар тогтнолын хамгийн том баталгаа болдог. Монголын радио нь Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн үзэл санаа, зарчимд нийцүүлэн хөтөлбөрөө боловсруулж, бүх нийтэд зориулсан мэдээ мэдээллийг тасралтгүй түгээж, үндэсний мэдээллийн хэрэгслийн үүргээ биелүүлж байна.

Монголын радиогийн алтан хальс эргэж байх цаг дор Монгол улсын түүх хамт бичигдэж байдаг. Тиймээс монголын радиогийн хальсанд бичигдэж үлдсэн үйл явдал, түүх бүхэн, үнэ цэнтэй болж чаддаг. Манай радиогийн алтан санд монгол хүн сансарт ниссэн, атар газар эзэмшсэн, аж үйлдвэрүүд нээгдсэн, дэлхийн улс орнуудтай харилцаа холбоо тогтоож ирсэн түүхэн баримтууд өнөөг хүртэл хадгалагдаж байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хотод 36 ФМ радио станц, орон нутагт 26 ФМ радио станцаар дамжуулан сонсогчдодоо улс орон, дэлхий дахины цаг үеийн мэдээ, мэдээлэл, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, хүүхэд, боловсрол, соёл, урлаг, спорт зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан нэвтрүүлэг, бүтээлийг хүргэж байгаа билээ.

Үзсэн: 10507

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна