Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна


Densmaa 2026-03-23 11:03

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Ховд аймгийнх юм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа. “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.  “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн 29 аж ахуйн нэгж 15 тэрбум төгрөгийн зээл авч хүчин чадлаа нэмэн, үйлдвэрлэлээ өргөтгөж, энэ хэрээр олон ажлын байр бий болгожээ.  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж ургуулсан. Ховд аймаг 2030 он гэхэд 20 сая мод тарьж ургуулахаас нэг саяыг нь тарьж ургуулаад байна.  “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Ховд аймгийнх юм. Оюутан залуус төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил,  сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ. Ховд аймагт бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Тухайлбал, баруун бүсийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжил, орон нутаг, иргэдийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил 20 гаруй хувьтай байна.  Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байсны хувьд энэ станцыг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад онцгой анхаарна гэдгээ Ерөнхийлөгч хэллээ. Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд, түүний дотор нийгмийн анхаарлын төвд байгаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг Ховд аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ялангуяа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахын төлөө анхнаас нь санаа тавьж, төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулж, бүтээн байгуулалтыг эхлүүлсэнд талархаж байлаа.  

Үзсэн: 398

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна