Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлэв
Ерөнхийлөгч казах түмний хамт “Наурыз-2026” баярын парад, аймгийн Хөгжимт драмын театрын урлагийн тоглолт үзэж сонирхлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ төв талбайд болсон “Наурыз-2026” баярын ёслолд оролцож, казах түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Туурга тусгаар монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрөн сууж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй авьяас билигт, ажилч хичээнгүй казах түмэндээ Наурызын баярын мэнд дэвшүүлье. Урган төлжихийн эх, урин хавартай золгож, өдөр шөнө тэнцдэг энэ өдрийг казах түмэн Наурыз буюу “Шинэ өдрийн баяр” хэмээн хүндэтгэн ёсолж ирсэн түүхтэй. Бахдам түүх, баялаг уламжлалтай Монгол Улсын олон ястны соёлын өв сангийн нэгэн чухал хэсэг болсон Наурызаа Баян-Өлгий аймгийн уугуул, суугуул казах иргэд өргөн дэлгэр тэмдэглэж, өргөө гэрийнхээ хойморт өтөл буурал аксакалуудаа хүндэтгэн залж, мэргэн сургаалыг нь дээдлэн сонсож, аялгуут домбороо эгшиглүүлж, амтат идээгээрээ дастарханаа дүүргэж хотол олноороо сайхан баярлаарай. Та бүхэн Гал морин жилдээ хөх тэнгэрт халин дүүлэх хүрэн бүргэд шигээ цог золбоотой байж, ажил үйлс нь Алтай Таван богд шиг сүндэрлэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ. Ерөнхийлөгч казах түмний хамт “Наурыз-2026” баярын парад, аймгийн Хөгжимт драмын театрын урлагийн тоглолт үзэж сонирхлоо.
Үзсэн: 297
Tweet