Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэхийн төлөө байгаагаа нотлов
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн Төрийн сайд Монгол Улсад айлчилж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ. Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцолж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэхийн төлөө байгаагаа нотлов. Монгол Улс “Боловсролын ерөнхий хууль”-д сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар тусгасныг Ерөнхий сайд Г.Занданшатар дурдаж, тэтгэлэгт хөтөлбөрүүд, хамтарсан судалгаа, шинжилгээ, оюутан солилцоо зэрэг боловсролын салбарын хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Төрийн сайд Сийма Малхотра хоёр улс уул уурхай, эрчим хүч, нийтийн тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг олон салбарт хамтран ажиллаж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдлаа. Тухайлбал, газрын ховор элемент, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотод метро байгуулах төсөлд хамтран ажиллах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
Үзсэн: 271
Tweet