Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцлээ
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэх Удирдах хорооны хурал боллоо. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээний 2023–2025 оны хэрэгжилтийн явцыг дүгнэв.
Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал 2026 оны 3 сарын 27-нд холбогдох яамд, агентлаг, хөгжлийн түнш болон хувийн хэвшлийн төлөөлөл бүхий оролцоотойгоор зохион байгуулагдлаа.
Хурлыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Эдийн засаг, хөгжлийн яамны Тогтвортой хөгжил, нийгмийн бодлогын хэлтсийн дарга П. Чандмань болон НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн нар хамтран удирдав.
Хуралдаанаар НҮБ-аас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнг гуравдугаар сарын эхээр холбогдох салбарын мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан гол санал, зөвлөмжүүдийг удирдах хорооны гишүүдэд танилцууллаа.

Тухайлбал, төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалтыг уялдуулах, чиг үүргийн давхардлыг арилгаж, тодорхой болгох, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэх, НҮБ-ын системийн дотоод уялдааг ханган ажиллах шаардлагатай талаар санал нэгдлээ.
Мөн төсөл хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог бий болгож, Үндэсний статистикийн хорооны мэдээлэл цуглуулах, тооцох арга аргачлал, стандартыг үндэсний түвшинд нэвтрүүлэх зэрэг саналыг сайшаан дэмжлээ.
Энэ жилээс эхлэн ирэх таван жилийн хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох бэлтгэл ажлыг эхлүүлж буйг НҮБ-ын Суурин зохицуулагч онцлоод уг баримт бичгийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн урт хугацааны төлөвлөлттэй нягт уялдуулан боловсруулахад анхаарахаа илэрхийллээ.
Үзсэн: 27
Tweet