“FEEL MONGOLIA 2026” үзэсгэлэн гарч байна
Үзэсгэлэнд 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, үндэсний үйлдвэрлэгч, жуулчны бааз, ресортууд технологийн шинэ шийдэл, аяллын сонирхолтой бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор танилцуулж байна
Монголын аялал жуулчлалын салбарынхан “FEEL MONGOLIA 2026” үзэсгэлэн нээлээ. Үзэсгэлэнд 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, үндэсний үйлдвэрлэгч, жуулчны бааз, ресортууд технологийн шинэ шийдэл, аяллын сонирхолтой бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дор танилцуулж байна. Монгол Улсад жилд дотооддоо аялж буй жуулчин давтагдсан тоогоор 1,5 сая, гадагш аялж буй жуулчдын тоо 3,5 сая, гадаадаас ирж буй жуулчдын тоо 850 мянгад хүрч, аялах жуулчлах зах зээлийг нийт 5 гаруй сая иргэн бүрдүүлж байна. Олон улсын байгууллагын судалгаагаар, аялж жуулчлах зорилгоор хөдөө орон нутаг, гадаад улс оронд зорчиж буй иргэдийн хоол хүнс, бусад худалдан авч буй хэрэглээг энгийн иргэдийнхтэй харьцуулахад 2-3 дахин их байгаа юм. Аялал жуулчлал нь худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтыг 25-аас дээш хувиар дэмждэг. Мөн гадаадын жуулчид, гадаадад зорьчиж буй монгол иргэдийн хандлага дотоодын, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах хандлага, сонирхол их байдаг. Иймд энэ хэрэгцээ, шаардлагыг үндэслэн дотоодын бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг аялал жуулчлалын салбарын ханган нийлүүлэлтэд нэмэх, салбарын онцлогт тохирсон бүтээгдэхүүн хөгжүүлэх, хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж олгохоор энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Үзсэн: 4870
Tweet