“Ахмадын амралт, сувиллын төв” ашиглалтад орлоо
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээн Лувсантүвдан, “Өдөр өнжүүлэх төвдөө ахмадууд дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарах боломжийг бий болгож байна" гэв
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллагаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө. Тус төвийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдан нар оролцов. “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээн Лувсантүвдан, “Ахмадуудад буян болохоор энэ өдөр өнжүүлэх төвийг барьсан. Өдөр өнжүүлэх төвдөө ахмадууд дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарах боломжийг бий болгож байна" гэсэн юм. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ажиа гэгээнтэн сүсэгтэн олон, өглөгийн эздийн хамтаар Монгол Улсад, Улаанбаатар хотын ахмадуудад энэ төвийг байгуулан өгч байгаад талархсанаа илэрхийлье. Бид үргэлжлүүлэн энэ хашааг ногоон байгууламжтай болгохоор төлөвлөж байна. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус төвийн хажууд спортын төв барина. Ахмадын төв тогтмол үйл ажиллагаатай байж, Улаанбаатар хотын ахмадуудад сэтгэл санаа, эрүүл мэндийн дэмжлэг төдийгүй ажлын байрны туслалцаа үзүүлж байгаасай гэж хүсэж байна. Төвийг тасралтгүй үйл ажиллагаатай байлгах үүргийг нийслэлийн албан тушаалтнууд хүлээж байгаа юм. Удахгүй төвийн үйл ажиллагаа жигдэрнэ” гэлээ.
Үзсэн: 20
Tweet