“Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
Монгол судлал маш өргөн хүрээтэй ойлголт бөгөөд хэл, соёл, угсаатны зүй, түүх, аман уламжлал, сүсэг бишрэлийн түүх, эртний судар шастир, уламжлалт бичвэрийн судалгаа зэрэг олон салбарыг хамардаг
“Монгол судлалын шинэ эрин-VI” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн төв байранд өнөөдөр эхэллээ. Энэхүү хурлыг 2004 оноос “Монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал” нэртэй жил бүр зохион байгуулж байсан бол 2011 оноос “Монгол судлалын шинэ эрин” нэртэй болж, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургууль болон Монгол судлалын хүрээлэнгээс хоёр жилд нэг удаа тогтмол зохион байгуулах болсон юм. Тиймээс тус хурал олон улсын судлаачдыг нэгтгэсэн чухал индэр болж буйг зохион байгуулагчид нь тодотгоод Монгол Улсын судалгааны томоохон байгууллагууд Монгол судлалын чиглэлээр хийж буй ажлаа дэлхийн монгол судлаачдад таниулах, үр дүнгээ хуваалцахад тус хурал чухал ач холбогдолтойг онцолж байна. МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Ганболд ярихдаа, “Монгол судлал маш өргөн хүрээтэй ойлголт бөгөөд хэл, соёл, угсаатны зүй, түүх, аман уламжлал, сүсэг бишрэлийн түүх, эртний судар шастир, уламжлалт бичвэрийн судалгаа зэрэг олон салбарыг хамардаг. Иймээс Монгол судлалын хүрээлэн байгуулагдсан цагаасаа хойш судалгааны ажлыг идэвхжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, тодорхой ажлыг чанартай хэрэгжүүлж бодит үр дүнд хүргэхийг зорьж байна. Цаашид төрийн бодлогын түвшинд илүү анхаарч, нэгдсэн төлөвлөгөө боловсруулан үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй” хэмээн дурдлаа.
Үзсэн: 4375
Tweet