Монголын анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээв
Манай улсын усны салбарт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь харж, хоорондоо нягт харилцан уялдаатай хатуу болон зөөлөн дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргав
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны компактын хүрээнд бүтээн байгуулсан Монголын анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ёслол боллоо. Усны компактын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолоос сэргийлэх зорилгоор нийслэлийн ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтэд үг хэлэхдээ, “Өнөөдрийн үйл ажиллагаа зөвхөн нэг үйлдвэрийн нээлт биш. Монгол Улсын ирээдүйн тогтвортой хөгжил, ард иргэдийн маань ая тухтай амьдралыг баталгаажуулах, нийслэл Улаанбаатар хотын өргөжин тэлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буйг илэрхийлэх түүхэн ач холбогдолтой юм. Усны компакт хөтөлбөр Монгол Улсын усны салбарт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь харж, хоорондоо нягт харилцан уялдаатай хатуу болон зөөлөн дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж салбарын хөгжлийг шинэ түвшинд хүрэхэд бодитой дэмжлэг үзүүлж чадсанаараа онцлогтой” юм гэв. “2000-аад оны үеэс эхлэн эрдэмтэн судлаачид Улаанбаатар хот усны хомсдолд орох эрсдэл бодитоор нүүрлэж байгааг анхааруулснаар төр, засгаас энэ асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг эрчимтэй хайж байсан тэр үед бид АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран Монголын Усны компакт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Урт хугацаанд бодит үр өгөөжөө өгөх, улс орныхоо ирээдүйн хөгжлийг баталгаажуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх томоохон хөтөлбөрийг Монгол, АНУ хамтран хэрэгжүүлж байна.
Үзсэн: 2268
Tweet