Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-05-2026
Монгол

Шинэ мэдээ

“Хутагт, Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн нээлт Завхан аймагт боллоо


Densmaa 2026-05-18 02:05

Энэ үеэр судлаачид Дилав хутагт Жамсранжавын амьдрал, үзэл санаа, соён гэгээрүүлэх үйл хэрэг, Монголын түүхэн үйл явцад баримталж байсан байр суурийн талаар илтгэл танилцууллаа

Дилав хутагт сан болон Америк дахь монгол судлалын төвийн хамтран хэрэгжүүлж буй “Хутагт, Латтимор хоёр: Тив дамнасан өв” төслийн нээлт Завхан аймагт болж, олон улсын эрдэм шинжилгээний хурал, соён гэгээрлийн цуврал арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр судлаачид Дилав хутагт Жамсранжавын амьдрал, үзэл санаа, соён гэгээрүүлэх үйл хэрэг, Монголын түүхэн үйл явцад баримталж байсан байр суурийн талаар илтгэл танилцууллаа. Мөн Оуэн Латтиморын Монгол судлал, олон улсын харилцаа, шашин, үндэсний үзлийн талаарх үзэл хандлагыг шинэ эх сурвалж, архивын баримтад тулгуурлан хэлэлцсэн байна. Тухайлбал, Пенсильванийн их сургуулийн профессор Кристофер Этвүүд “Бидний Монгол: Оуэн Латтимор, Дилав хутагт, Монгол нутаг, хэл бичиг”, Латтимор судлалын нийгэмлэгийн тэргүүн, доктор Ц.Батбаяр “Хутагт, Латтимор нарын нөхөрлөл”, АНУ-ын Конгрессын номын сангийн Монгол номын хэлтсийн мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэ “Дилав хутагт соён гэгээрүүлэгч болох нь: Хутагтын АНУ дахь үйл хэрэг” зэрэг илтгэл тавьлаа. Хурлын үеэр эрдэмтэд дотоод, гадаадын архив, музей, их сургуулиудад хадгалагдаж буй ховор баримт, гэрэл зураг, захидал, судалгааны материалыг шинжлэх ухааны эргэлтэд оруулахын ач холбогдлыг онцолж, Дилав хутагтын өвийг олон улсын түвшинд хамтран судалж, түгээн дэлгэрүүлэх шинэ боломж бүрдэж буйг тэмдэглэв. Дилав хутагт Жамсранжав нь XX зууны эхэн үеийн Монголын шашин, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн бөгөөд 1920-иод оны улс төрийн үйл явцад оролцож, хожим АНУ-д суурьшин Монголын түүх, шашин, соёлын өвийг олон улсад сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Харин Оуэн Латтимор нь Монгол, Төв Азийн судлалаар дэлхийд танигдсан эрдэмтэн бөгөөд Монголын түүх, геополитик, нүүдлийн соёлын талаар олон бүтээл туурвижээ.

Үзсэн: 2276

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна