Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 08-06-2028
Монгол

Шинэ мэдээ

Олон улсын эдийн засгийн 29 дүгээр чуулга уулзалтад оролцож байна


Densmaa 2026-06-04 11:06

“Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх, хоёр улс хоорондын төлбөр тооцооны хүндрэлийг шийдвэрлэх, Москва-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэх талаар ярилцав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Олон улсын эдийн засгийн 29 дүгээр чуулга уулзалтад оролцож байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёв нартай уулзлаа. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна. Талууд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа цаг хугацааны уртад улам батжиж, дайны хүнд бэрх цагт манай ард түмэн мөр зэрэгцэн тулалдаж, хамтын ялалт байгуулсан нь өнөөгийн Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн бат бөх үндэс суурь болж байгааг онцлон тэмдэглэв. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагаа нь манай хоёр улсын харилцааны чухал тулгуур болохыг онцолж, хууль тогтоох байгууллагуудын харилцаа идэвхжин, парламент хоорондын Хамтын ажиллагааны комиссын болон байнгын хороодын хамтын ажиллагаа өргөжиж, харилцан айлчлалууд тогтмолжиж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Монгол Улс ОХУ-тай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд манай улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг хэд хэдэн чухал баримт бичгийг соёрхон баталсныг дурдав. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын болон Холбооны Зөвлөлийн орлогч дарга нар Монгол, ОХУ-ын парламент хоорондын хамтын ажиллагааны Комиссын гуравдугаар хуралдааныг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулахын сацуу Холбооны Хурлын өндөр түвшний айлчлалыг Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа нотоллоо. Мөн “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх, хоёр улс хоорондын төлбөр тооцооны хүндрэлийг шийдвэрлэх, Москва-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэх, Орос, Монголын бүс нутгийн II чуулга уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах болон анагаах ухааны чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэргээр нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Үзсэн: 5597

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна