БНСУ-ын Нэгдлийн сайд Жон Дун Ён нарыг хүлээн авав
Орчин үеийн ухаалаг электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол түүхий эд болох хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах хүрээнд Монгол Улсыг стратегийн чухал түнш болгох зорилготой
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНСУ-ын Нэгдлийн сайд Жон Дун Ён болон Элчин сайд Чой Жин Вон нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр БНСУ чухал ашигт малтмал болон газрын ховор элементийн нийлүүлэлтийн чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн орчин үеийн ухаалаг электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол түүхий эд болох хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах хүрээнд Монгол Улсыг стратегийн чухал түнш болгох зорилготой байгааг онцлон тэмдэглэлээ. Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ашигт малтмал, аж үйлдвэр, газрын тосны салбарт хэрэгжүүлж буй Ховор металлын судалгааны төв байгуулах, Хийн аюулгүй байдлыг хангах, Шатахууны нөөцийн хангамжийн мэдээллийн систем нэвтрүүлэх зэрэг төсөл амжилттай хэрэгжиж байгааг танилцуулсан юм. Цаашид БНСУ-тай чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэдгийг мэдэгдэв. Түүнчлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгааг дуулгаж, уг нэмэлт, өөрчлөлтөөр хайгуул, геологийн судалгааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зэрэг олон чухал зохицуулалт тусгасан болохыг онцлов.
Үзсэн: 1047
Tweet