БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад ажлын айлчлал хийлээ
Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн дэд сайд Владислав Бартошевски тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 6 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
Польш улсын төлөөлөгчид хоёр улсын Иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт, хэлэлцээ өрнүүллээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Польшийн талаас Гадаад хэргийн дэд сайд Владислав Бартошевски нар тэргүүлсэн юм.
Уулзалтын үеэр талууд Монгол, Польшийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглээд, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн хамтын ажиллагааг сонирхсон салбаруудад өргөжүүлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, байгуулахаар төлөвлөж буй баримт бичгүүдийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл солилцжээ.
Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол судлаач, профессор Владыслав Котвичийн хувийн архивт хадгалагдаж буй түүхэн баримт материалын хуулбарыг Монголын талд гардуулан өгсөн нь хоёр орны хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хүрээнд онцлох үйл явдал болов.
Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээ нотолж, Улаанбаатар хотноо энэ онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал, Дэлхийн адууны өдөр, Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт зэрэг олон улсын томоохон арга хэмжээнд Польшийн тал өндөр түвшинд оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн Владислав Бартошевски тэргүүтэй төлөөлөгчид Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд оролцож, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.
Салбар хоорондын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэв
Айлчлалын үеэр Польшийн Гадаад хэргийн дэд сайд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны удирдлагуудтай тус тус уулзаж, өнгөрсөн онд хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцооны хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Польшийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын Нөхцөлт зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн явц, тулгамдсан асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтаар Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Увс, Дорнод аймагт хэрэгжиж буй бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх болон шинээр барих төслийн хэрэгжилт 84.6 хувьтай байгааг Монголын тал мэдээлэв. Мөн Увс аймаг дахь төслийн хүрээнд гадна шугам сүлжээний нэмэлт ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд холбогдох нэмэлт өөрчлөлтүүд баталгаажсанаар байгууламжийг 2026 оны хоёрдугаар хагаст байнгын ашиглалтад оруулах боломж бүрдэхийг онцолсон байна.
Мөн энэ өдөр Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар болон Польшийн Гадаад хэргийн дэд сайд Владислав Бартошевски нар 2017 онд байгуулсан 50 сая еврогийн нэн хөнгөлөлттэй “Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээг харилцан солилцлоо.

Уг хэлэлцээрийн хүрээнд эрүүл мэнд, онцгой байдлын салбарт зориулсан гал унтраах автомашин, хээрийн хөдөлгөөнт эмнэлгийн иж бүрдэл, түргэн тусламжийн автомашин, эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний техник хэрэгслийг нийлүүлээд байна. Одоогийн байдлаар зээлийн санхүүжилтийн 71 хувийг ашигласан бөгөөд үлдэгдэл 14.6 сая еврогийн санхүүжилтийн хугацааг сунгаснаар аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийн төсөл болон Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэрийн төслийг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Айлчлалын үеэр бид Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн дэд сайд Владислав Бартошевскитэй уулзаж, айлчлалын ач холбогдол, хоёр улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар ярилцлаа.
БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд Владислав Бартошевски:
“Манай хоёр улс маш удаан хугацааны турш найрсаг харилцаатай байсаар ирсэн. Бидний анхны учрал XIII зуунд тохиосон. Үүнээс хойш 100 гаруй жилийн хугацаанд аялагчид, найз нөхөд, эрдэмтэн судлаачдынхаа ачаар янз бүрийн хэлбэрээр харилцаагаа үргэлжлүүлж ирсэн. Сүүлийн 76 жилийн хугацаанд манай хоёр улс албан ёсны дипломат харилцаатай байна. Энэ хугацаанд бидэнд ямар нэгэн асуудал, хүндрэл гарч байгаагүй. Польш улс Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн нэг гэж тооцогддог бөгөөд бид үүгээрээ бахархдаг.
Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Польшид айлчлах үеэр манай харилцаа шинэ шатанд гарч, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн. Мөн олон төрлийн гэрээ, хэлэлцээр байгуулсан. Миний энэ удаагийн айлчлалын гол зорилго бол эдгээр тохиролцоог бодит ажил хэрэг болгох, хэрэгжилтийг нь урагшлуулах явдал юм.
Бид Монгол Улсын Гадаад харилцааны яамтай байнгын, ойр хамтын ажиллагаатай ажилладаг. Бид зөвхөн хоёр талын харилцааны асуудлаар бус, дэлхий дахинд өрнөж буй өөрчлөлт, олон улсын нөхцөл байдлын талаар ч санал солилцдог.
Энэ удаа бид мөн санхүүгийн асуудлаар ярилцсан. Учир нь бид Монголын хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулахыг хүсэж байна. Худалдааны асуудал ч яриа хэлэлцээнд чухал байр суурь эзэлсэн. Өнөөгийн худалдааны эргэлт бидний хүсэл, хүлээлтэд хүрэхгүй байгаа тул үүнийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
Тухайлбал, Монголын эмийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх, харин Польшоос төрөл бүрийн бүтээгдэхүүн экспортлох боломжуудыг хэлэлцсэн. Мөн ногоон технологи, бохир ус цэвэрлэх байгууламж, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи, дэд бүтэц зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийх талаар ярилцсан.
Түүнчлэн Улаанбаатар хотыг илүү орчин үеийн хот болгон хөгжүүлэх, “ухаалаг хот”-ын технологи нэвтрүүлэх асуудлыг мөн хэлэлцлээ.
Боловсролын салбарын хамтын ажиллагаанд ч онцгой анхаарсаар байна. Польшид суралцах Монгол оюутны тоог бид нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа юм. Мөн Польшийн цэргийн академид суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх талаар ярилцсан.
Үүний зэрэгцээ Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудал, иргэд хоорондын харилцаа, Монгол руу чиглэсэн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, мөн Польшид зорчих Монгол иргэдийн тоог өсгөх талаар санал солилцсон.
Польшид ажиллаж, амьдарч буй монгол эмч нарын тоо нэлээд олон байдаг. Зарим нь Польшид ажиллаж байгаа бол зарим нь эх орондоо буцаж ирсэн. Энэ чиглэлээр ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна.
Мөн Монголын дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах боломж, геологийн салбарын хамтын ажиллагааг сэргээх асуудлыг хэлэлцсэн. Бид олон арван жилийн турш геологийн салбарт хамтран ажиллаж ирсэн тул энэ чиглэлийн гэрээгээ шинэчлэх талаар ярилцсан.
Соёлын салбарын хамтын ажиллагаанд ч ихээхэн анхаарал хандуулсаар байна. Ерөнхийдөө бид маш өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, одоо юу хийж байгаа, цаашид юу хийх ёстой, ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгаа талаар нэг бүрчлэн ярилцсан.
Эцсийн дүндээ бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, найрамдалт харилцаагаа улам бэхжүүлж байна. Манай харилцаа урьд өмнөхөөсөө ч илүү ойр дотно болсон гэж хэлж болно.”
Айлчлалын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, ногоон технологи, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи, боловсрол, аялал жуулчлал, геологи, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, Улаанбаатар хотын хөгжлийн хүрээнд “ухаалаг хот”-ын шийдэл нэвтрүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Түүнчлэн Монгол, Польшийн Засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдааныг 2026 оны хоёрдугаар хагаст зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг арга хэмжээний хүрээнд төр, хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүнтэй бизнес форум зохион байгуулах асуудлыг мөн ярилцжээ.
Уулзалтын төгсгөлд талууд улс төр, эдийн засаг, хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, нийтийн аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Монгол, Польшийн Иж бүрэн түншлэл ийнхүү бодит төсөл, хөрөнгө оруулалт, иргэд хоорондын харилцаагаар баяжин шинэ шатанд гарч байгааг энэхүү айлчлал харууллаа.
Үзсэн: 50
Tweet