Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажилтай танилцлаа
Төсөл хэрэгжсэнээр агаарын бохирдлыг 50-60 хувиар, нийт тоосонцрын хэмжээг 44 хувь, хүхэрлэг хийг 73 хувь, угаарын хийг 77 хувь, азотын давхар ислийг 33 хувиар бууруулах боломжтой гэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Багануур дүүрэгт ажиллаж, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжиж буй Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцлаа. Улаанбаатар хотын өвлийн түлшний хэрэгцээнд зориулж өнгөрсөн өвөл БНХАУ-аас 280 мянган тонн хагас кокс түлш авсан бол Тавантолгой түлш компани 180 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэгцээг хангасан. 134 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Багануурын нүүрс-пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс түлш үйлдвэрлэн нийслэлийн өвлийн түлшний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломж бүрдэнэ. Нүүрс-пиролизын үйлдвэр нь нүүрсийг дулааны аргаар жигнэж боловсруулж хорт болон дэгдэмхий бодисыг ялгаж хагас кокс түлш болон нүүрс-химийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологид суурилжээ. Төсөл хэрэгжсэнээр агаарын бохирдлыг 50-60 хувиар, нийт тоосонцрын хэмжээг 44 хувь, хүхэрлэг хийг 73 хувь, угаарын хийг 77 хувь, азотын давхар ислийг 33 хувиар бууруулах боломжтойг туршилтын үр дүн харуулжээ.
Үзсэн: 7941
Tweet