Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13-07-2026
Монгол

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез айлчиллаа


Densmaa 2026-07-06 11:07

Энэхүү айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 20 жилийн хугацаанд хэрэгжиж буй Гватемал Улсын Гадаад хэргийн сайдын анхны албан ёсны айлчлал нь Монгол, Гватемалын харилцааны түүхэнд шинэ хуудас нээж буй онцгой ач холбогдолтой үйл явдал болохыг онцлон тэмдэглэж, Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинезд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улс өөрийн "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд Латин Америкийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж буйг онцлоод, энэ хүрээнд Бүгд Найрамдах Гватемал Улсыг Төв Америкийн бүс нутаг дахь түнш хэмээн өндрөөр үнэлдгээ илэрхийлэв. Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез энэхүү айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ. Тэрбээр Гватемал Улс нь Азийн орнууд, тэр дундаа Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийг зорьж байгааг онцлохын зэрэгцээ Монгол Улсад хавсран суух Элчин сайдаа томилсон нь хоёр талын харилцааг урагшлуулах Гватемал Улсын хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл гэдгийг тэмдэглэв. Гватемал нь Монгол Улсаар дамжуулан Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн монголын өсөн нэмэгдэж буй кофены зах зээл, Гватемалын дэлхийд танигдсан арабика кофены үйлдвэрлэл болон Монголын өндөр чанартай ноолуур, хөнгөн, нэхмэлийн салбарын хөгжлийн туршлагыг Гватемалын хурдацтай хөгжиж буй нэхмэлийн салбарт нэвтрүүлэх замаар Гватемалаар дамжуулан шинэ бүс нутаг, зах зээлд хүрэх, худалдаа, эдийн засгийн харилцан хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хамтран эрэлхийлж, энэ чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр улсын хамтын ажиллагааг бусад салбарт идэвхжүүлж, шинэ агуулгаар баяжуулах өргөн бололцоо байгааг онцолж, цахим шилжилт, цахим засаглалын чиглэлээр Монгол Улсын хуримтлуулсан туршлага, сайн жишгийг Гватемалын талтай хуваалцах, инновац, дижитал эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж, хувийн хэвшил хоорондын түншлэлийг дэмжиж ажиллах санал дэвшүүлэв. Монгол, Гватемал нь газарзүйн хувьд зайтай боловч цахим худалдааг хөгжүүлснээр харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар мөн ярилцав. Аялал жуулчлалыг хоёр улсын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэл болгон хөгжүүлэх хүрээнд Гватемал Улс Монголын “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үндэсний ялгарал, эерэг дүр төрхийг илэрхийлэх аялал жуулчлалын брэндийн туршлагаас суралцах, туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийллээ.

Үзсэн: 7381

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна