Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13-07-2026
Монгол

Шинэ мэдээ

“Эрх чөлөөний 250 жил-Хоёр ардчиллын түүхэн түншлэл”


Densmaa 2026-07-06 01:07

Америкийн тал Монгол Улсыг өөрийн 17 дахь стратегийн түншээр сонгосон нь манай улсын ардчилсан ололт амжилтыг олон улсад өндөр үнэлж буйн илэрхийлэл билээ

    Улс түмнүүдийн хамтын ажиллагааны тухай өгүүлэх “Наран тойрог” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар та бүхэнд “Эрх чөлөөний 250 жил-Хоёр ардчиллын түүхэн түншлэл нэвтрүүлэг хүргэхээр бэлтгэлээ.

/хөгжим/

     Хүндэт сонсогчид оо, радиогийн тусгай дугаар эхэлж байна. Манай хоёр улс газар зүйн хувьд алс хол оршдог ч нэгэн ижил үнэт зүйл буюу ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг сэтгэлгээн дээрээ нэгдэж, бат бөх нөхөрлөлийг бүтээж чадсан юм. Энэхүү түүхэн түншлэлийн эхлэл 1987 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тавигдаж, хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон билээ.

     Монгол Улс ардчилсан тогтолцоог сонгосон анхны өдрүүдээс эхлэн АНУ биднийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд 2019 оны зун хоёр орны харилцаа хамтын үнэт зүйлс дээрээ тулгуурлан Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тунхаглан зарласан юм. Америкийн тал Монгол Улсыг өөрийн 17 дахь стратегийн түншээр сонгосон нь манай улсын ардчилсан ололт амжилтыг олон улсад өндөр үнэлж буйн илэрхийлэл билээ. Ингээд та бүхэнд Түүхийн ухааны доктор Болдын яриаг хүргэе.

     АНУ бол дэлхийн том гүрнүүдийн нэг мөн нэгдгээрт. Хоёрудгаарт, олон улсын олон туйлт харилцааны нэг том туйл нь мөн. Гуравдугаарт, АНУ бол дэлхийн 2 дахь том эдийн засаг, нөгөө утгаараа хамгийн том эдийн засаг мөн. АНУ бол дэлхий дээр хамгийн том бараг 380-аад сая хүн амтай том зах зээл мөн. Дөрөвдүгээрт, дэлхийн бодлогод нөлөөлж байгаа том улсуудын нэг яах аргагүй мөн. Энэ нөлөөлөл өнөө үед ч байна, ойрын үедээ ч байна, ирээдүйд ч байна. Буурах хандлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хүчтэй хэвээрээ үлдэнэ . Тийм учраас бид АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаа, олон талтай харилцаа, нэг тулгуур болж хөгжүүлэх ёстой. АНУ бол түүхэндээ аваад үзэхэд бид өмгөөллөө хайж 3 удаа хандсан ийм улс юм байна билээ. Тэгэхээр бид АНУ-тай бүх талын харилцаагаа хөгжүүлэх ёстой. Энд ямар нэг атгаг санаа бодох ёсгүй. АНУ-ыг 2 хөршийнхөө эсрэг бамбай болгож ашиглаж байна гэдэг бодлыг бусдад төрүүлэх ёсгүй. Энэ бол 2 талын харилцаа, байдаг л харицаа. Гэхдээ энэ бол онцгой харилцаа байх ёстой. Манай өвөг дээдэс, Монголын удирдагчид Америк гэсэн том гүрэнтэй харилцаа хөгжүүлэхээр, тогтоохоор хүчин чармайлт гаргаж байсан асуудал бол бидний өмнөх үе хичнээн алсын хараатай, хичнээн холыг бодож ажиллаж байсныг түүх харуулж байна.       

-хөгжим-

   Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа бүхий л салбарыг хамарч, ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлс, энхтайван, тогтвортой байдлыг хангах хамтын ашиг сонирхолд тулгуурлан идэвхтэй хөгжиж байна. Чөлөөт зах зээл, ардчилсан нийгмийн баталгаа болсон эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх эрх зүйн үндсийг 1991 оноос хойш хэд хэдэн томоохон хэлэлцээрээр баталгаажуулсан юм.

    АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн Газрын мэдээгээр 2025 онд хоёр улсын худалдааны нийт эргэлт ойролцоогоор 277.4 сая ам.долларт хүрчээ. Монгол Улсын АНУ-аас импортолж буй барааны бүтцэд уул уурхай, барилга, тээврийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх хүнд машин механизм, автомашин, агаарын хөлгийн сэлбэг хэрэгсэл зонхилж байна. Тухайлбал, 2026 оны 4 дүгээр сард агаарын хөлгийн сэлбэг хэрэгслийн импорт өмнөх оны мөн үеэс 339 хувиар өсжээ. Хоёр улсын үйлчилгээний худалдааны жилийн нийт эргэлт 320 сая ам.долларт хүрч, мэдээллийн технологи, аутсорсинг, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр өргөжиж байна. АНУ нь өдгөө Хятад, Орос, Япон, БНСУ-ын дараа орох Монгол Улсын худалдааны тав дахь том түнш болоод байна.

   АНУ нь Монгол Улсын "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт, хөгжлийн чухал түнш хэвээр байна. АНУ-аас орж буй шууд хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд тогтвортой үргэлжилж, 2025 оны 4 дүгээр улиралд 32.3 сая ам.долларт хүрчээ. Америкийн хөрөнгө оруулалттай компаниуд манай улсад бизнесийн ил тод байдал, засаглалын шинэ туршлага, менежментийг нэвтрүүлж байна.

   Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд АНУ 1991 оноос хойш ардчилсан засаглал, эдийн засгийн шинэчлэл, хувийн хэвшлийн хөгжлийг тогтвортой дэмжиж ирсэн. Тухайлбал, 2024 оны санхүүгийн жилд АНУ-ын Засгийн газраас манай улсад эдийн засаг, хөгжлийн хөтөлбөрүүдийг дэмжих чиглэлээр 9.9 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон бөгөөд энэхүү санхүүжилт 2025 онд ч үргэлжилж байна. Өнөөдөр хоёр улсын хамтын ажиллагаа уламжлалт буцалтгүй тусламжаас илүүтэйгээр инновац, дижитал эдийн засаг зэрэг урт хугацааны стратегийн түншлэлд төвлөрч байна. Одоо та бүхэнд АНУ-ын тусгаар тогтнолынхоо 250 жилийн түүхт ойн баярын үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганы хоёр орны харилцааны ардчилсан үнэт зүйлсийг онцолж хэлсэн үгийг сонсгоё.

Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт бол зөвхөн Америкийн тусгаар тогтнолыг тэмдэглэх арга хэмжээ биш. Энэ нь манай улс үндэстнийг өнгөрсөн 250 жилийн туршид дэмжиж, хүрэлцэн ирсэн нөхөрлөлийг тэмдэглэх баяр юм. 30 гаруй жилийн турш Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улс харилцан хүндэтгэл, ардчиллын хамтын үнэт зүйлс, тусгаар тогтнол, бие даасан байдал, хууль дээдлэх ёсонд түшигтэй байх нийтлэг зарчмууд дээр суурилсан бат бөх нөхөрлөлийг бүтээж ирлээ. Манай хоёр орон газар зүйн хувьд хол боловч үзэл санаагаар холбогддог. Монголын ардчиллын замнал дэлхий дахины хүндлэл бишрэлийг хүлээсэн. Монголын ард түмний зориг, тэмүүлэл нь бүс нутагтаа үлгэр жишээ болсон амьд ардчиллыг бий болгосон. Америкийн Нэгдсэн Улс Монголын итгэлт Гуравдагч хөршийн хувьд мөр зэрэгцэн зогсож, та бүхний хүсэл тэмүүллийг дэмжихийн зэрэгцээ гайхалтай туршлагаас тань суралцдагаараа бахархдаг. Манай Стратегийн гуравдагч хөршийн түншлэл улам бэхжсээр байгаа нь зөвхөн дипломатч нар, төр засаг бус, харин ард иргэд түүнийг бүтээсэн учраас юм. Энэ түншлэл Америкт суралцаж төгсөөд, шинэ санаа өвөртлөн эх орондоо буцаж ирсэн монгол оюутнуудад бий. Энэ түншлэл Монголын үзэсгэлэнт орон даяар хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч буй Энх тайвны корпусын сайн дурынханд бий. Энэ түншлэл шинэ боломжийг хамтдаа бүтээж буй манай бизнес эрхлэгчид, хамтарсан судалгаа явуулж буй манай эрдэмтэд, Ирак, Афганистанд хамт алба хаасан манай цэргүүд, соёл урлагаа танилцуулан сурталчилдаг манай уран бүтээлчид гэх зэргээр олон жилийн турш америкчууд, монголчуудын хооронд бий болсон тоо томшгүй нөхөрлөлийн хэлхээ холбоонд бий. Миний хувьд Монголын талаар хамгийн их биширдэг зүйлүүдийн нэг бол өөрийн уламжлал, ондоошлоо гүн гүнзгий хадгалсан хэвээр мөртлөө дэлхийтэй харилцахдаа өөртөө бат итгэлтэй байдаг чанар юм. Монголчуудыг тодорхойлдог нээлттэй байдал, тэсвэр хатуужил, найрсаг зочломтгой зан чанар нь энэ улсыг зөвхөн Америкийн Нэгдсэн Улсын үнэтэй түнш болгож зогсохгүй, бүс нутгийн болон дэлхий дахины энх тайванд чухал хувь нэмэр оруулагч болгожээ.

Манай хоёр улс газар зүй, соёл, хэмжээний хувьд ялгаатай байж болох ч биднийг илүү тогтвортой нэг зүйл нэгтгэдэг. Эрх чөлөөт иргэд ирээдүйгээ бүтээж чадна, хамтын ажиллагаа дарамт шахалтаас илүү хүчтэй, найдвар айдсаас илүү хүчирхэг гэсэн итгэл үнэмшил юм. АНУ-Монголын харилцааны дараагийн бүлэг бичигдэхээр хүлээж буй бөгөөд итгэл найдвараар дүүрэн байна. Бид чухал ашигт малтмал, эрчим хүч, технологи, боловсрол, нийгмийн эрүүл мэнд, батлан хамгаалах, иргэд хоорондын солилцооны чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжтой. Хамгийн чухал нь, бидний хойч үеийнхэн үзгээ аваад бидний түүхийг үргэлжлүүлэн бичих, энэ гайхамшигтай түншлэлийг үргэлжлүүлэн цогцлоох урам зоригийг өгөх боломж бидэнд байна.

Америкийн тусгаар тогтнолын 250 жилийг бид хүндэтгэл, талархал, бас зөвхөн өөрсдийн ирээдүйд биш, харин Монгол зэрэг анд нөхөдтэйгөө хамтран бүтээж чадах тэр ирээдүйд итгэх итгэлтэйгээр тэмдэглэж байна. Америкийн Нэгдсэн Улсын ард түмний нэрийн өмнөөс та бүхний нөхөрлөл, түншлэлд талархаж байна. Мөн бие биенээсээ алс хол хэдий ч улс орнууд эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлт, энх тайвны төлөө хамтран зогсож чадна гэдгийг харуулсанд баярлалаа. Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын нөхөрлөл улам хөгжиж бэхжих болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын нөхөрлөл мандан бадраг.

/хөгжим/

НЭВТ: Хоёр улсын ардчилсан түншлэл иргэдийнхээ амьдрах орчин, эрүүл мэнд, суурь эрхийг хамгаалахад чиглэдгийн тод жишээ бол Мянганы сорилтын 2-р Компакт гэрээ юм. Энэхүү гэрээний дагуу АНУ-ын Мянганы сорилтын корпорацаас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, Монгол Улсын Засгийн газар 111.7 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.

Талууд “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин боловсруулах”, “Усны салбарын тогтвортой байдлыг хангах” төслүүдийг 2026 онд бүрэн хэрэгжүүлж дуусгах бөгөөд үүний үр дүнд нийслэлийн ус хангамж 80 орчим хувиар нэмэгдэж, жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэгдэх юм.

-хөгжим-

НЭВТ: Чөлөөт, нээлттэй нийгмийн үнэт зүйлийг иргэд хоорондын харилцаа улам баяжуулдаг. 1991 оноос хойш АНУ-ын “Энхтайваны корпус”-ын 1500 орчим сайн дурынхан манай улсын 21 аймагт боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж, 2022 оноос “Англи хэлний боловсрол, хамт олны шинэ хөгжил” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Мөн АНУ-аас Монгол руу United Airlines компани шууд нислэг үйлдэж эхэллээ. АНУ-ын агаарын тээврийн томоохон компаниудын нэг болох United Airlines нь 2025 оны 5-р сарын 1-нээс эхлэн Токиогийн Нарита нисэх буудлаар дамжин, АНУ-аас Монгол Улсын Улаанбаатар хот руу долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх юм. Энэхүү хуваарьт нислэг Boeing 737-800 агаарын хөлгөөр үйлдэгдэх бөгөөд нийт 166 суудалтай юм. Ингэснээр United Airlines нь Монгол Улс руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэн Америкийн анхны бөгөөд цорын ганц авиа компани болж байна.

Батлан хамгаалах салбарт ч хоёр улс дэлхий дахины энхтайван, тогтвортой байдлыг хамгаалах ардчилсан үүргийнхээ хүрээнд нягт хамтардаг. Монгол, Америкийн энхийг сахиулагчид Ирак, Афганистан, Судан зэрэг дэлхийн халуун цэгүүдэд мөр зэрэгцэн алба хааж ирсэн бөгөөд хамтран санаачилсан “Хааны эрэлд” хээрийн сургууль өдгөө олон улсын хэмжээний сургууль болон өргөжжээ.

Соёл, боловсролын хувьд жил бүр “Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний хурал”-ыг АНУ-д уламжлал болгон зохион байгуулж, хоёр орны эрдэмтэн судлаачид чөлөөтэй үзэл бодлоо солилцож байна. Мөн 2001 оноос визний нөхцөлийг шинэчлэн тохирсноор Монгол Улсын иргэд АНУ-д 10 хүртэлх жилийн олон удаагийн визээр зорчих боломжтой болсон. Өдгөө 30 мянга гаруй монгол иргэн АНУ-ын хотуудад сурч, хөдөлмөрлөж байгаа бөгөөд тэдний үүсгэн байгуулсан 58 холбоо, ТББ үйл ажиллагаа явуулж байна.

/хөгжим/

   Монгол Улс болон АНУ дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд хоёр орны стратегийн болон аюулгүй байдлын хамтын ажиллагаа нь ардчиллын үнэт зүйлс, сайн засаглал, хүний ​​эрхийг хүндэтгэх тулгуур зарчмууд дээр улам бэхэжсээр байна.

 

Үзсэн: 10677

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна