Краковоос Монголыг холбосон гүүр
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Карол Навроцкийн зарлигаар БНПУ-ын Краков дахь Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул Цахиурын Уртнасанг “Гавъяаны загалмайн мөнгөн” одонгоор шагналаа.
Гадаадад амьдарна гэдэг эх орноосоо хол байна гэсэн үг биш. Хүн хаана ч амьдарч, ямар ажил эрхэлж байгаагаас үл хамааран хийж бүтээсэн зүйл, бусадтай тогтоосон харилцаа, Монголынхоо тухай хуваалцсан мэдлэг, ойлголтоороо эх орноо төлөөлж явдаг. Тиймээс хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол хүн бүр эх орныхоо нэгэн “элч” гэж хэлж болно.
Тэдний нэг нь олон жилийн турш мэдлэг, туршлага, харилцаа холбоогоороо Монгол, Польшийн харилцаанд жинтэй хувь нэмрээ оруулж яваа Монгол Улсын Краков дахь Өргөмжит Ерөнхий консул Цахиурын Уртнасан юм. Тэрээр Монгол, Польшийн харилцааг дэмжиж, хоёр орны байгууллага, мэргэжилтэн, оюутан залуус, уран бүтээлчид, иргэдийг хооронд нь холбож, хамтын ажиллагааг бодит ажил болгохын төлөө ажиллаж буй хүмүүсийн нэг. Түүний санаачилга, үйл ажиллагаа эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, орон нутгийн түншлэл, Польшид ажиллаж амьдарч буй монгол иргэдийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг олон чиглэлийг хамардаг.
Ц.Уртнасан 2015 оноос Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллаж эхэлсэн бөгөөд дөрвөн жил гаруйн дараа Өргөмжит Ерөнхий консулаар дэвшин ажиллажээ. Түүний хариуцсан бүсэд Польшийн Малопольске, Свентокшиске, Подкарпатске мужууд багтдаг. Краков бол Польшийн түүх, соёлын чухал төв төдийгүй Европын эртний их сургуулиуд, эмнэлэг, шинжлэх ухааны байгууллагууд төвлөрсөн хот. Тиймээс энэ хотын боломж, туршлагыг Монголын хэрэгцээ, нөөцтэй холбох нь Ц.Уртнасангийн үйл ажиллагааны чухал чиглэл болжээ. Үүний тод жишээ нь эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа. Монголын Архангай аймаг болон Польшийн Малопольске мужийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, энэ хүрээнд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд Краковын томоохон эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалт, дадлагад хамрагдаж эхэлсэн байна. Зүрх судас, мэдээгүйжүүлэг, дотрын мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр ажилладаг эмч нар Польшийн эмнэлгүүдэд ажиллаж, Европын эмнэлгийн тусламж үйлчилгээний арга барил, орчин үеийн оношилгоо, эмчилгээний туршлагаас судлаж, хамтран ажиллаж байна. Гэхдээ энэ хамтын ажиллагаа зөвхөн эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтаар хязгаарлагдахгүй. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийг түшиглэн зүрх судасны өвчин, тархины харвалтын үед яаралтай тусламж үзүүлэх, орчин үеийн оношилгоо, эмчилгээний боломж бүхий иж бүрэн төв байгуулах томоохон зорилго тавьжээ. Төслийн хүрээнд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, мэс заслын багаж хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэл, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг Польшоос нийлүүлээд байгаа юм. Ингэснээр Польшийн эмч, мэргэжилтнүүдийн туршлага, Монголын эмч нарын мэдлэг, орчин үеийн тоног төхөөрөмжийг нэг дор нэгтгэсэн хамтын ажиллагааны загвар бүрдэх боломжтой болж байна. Энэ нь алслагдсан бүс нутгийн иргэд шаардлагатай тусламжийг заавал Улаанбаатар хотыг зорилгүйгээр өөрийн орон нутагт авах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Архангайгаас эхэлсэн энэ туршлагыг цаашид бусад аймагт өргөжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг Польшид мэргэжил дээшлүүлэх дараагийн шатны төслийн бэлтгэл эхэлжээ.

Ц.Уртнасангийн ажил зөвхөн байгууллага хоорондын харилцаагаар хязгаарлагдахгүй. Гадаадад ажиллаж, амьдарч буй монгол эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагыг хооронд нь холбохыг чухалчилдаг. Үүний нэг жишээ нь “Ярилцъя даа” эмч нарын уулзалт юм. Энэ үеэр салбарын нэр хүндтэй эрдэмтэн, эмч нар судалгаа, туршлагаа хуваалцаж, санал бодлоо солилцон, Дэлхийн Монгол эмч нарын нэгдсэн академитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар ярилцжээ. Ийм уулзалт нэг өдрийн арга хэмжээгээр дуусахгүй, дараагийн хамтын ажиллагааны эхлэл болдгийг уулзалтад оролцогчид онцолж байсан юм.
Монгол, Польшийн харилцааг орон нутгийн түвшинд хүргэх нь мөн нэгэн чухал чиглэл. Архангай аймгийн төв Цэцэрлэг хотыг Польшийн түүхэн нийслэл Краков хоттой ах, дүү хотын харилцаатай болгох бэлтгэл ажил өрнөж байна. Хэрэв энэ түншлэл хэрэгжвэл хоёр хот соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, нутгийн удирдлагын чиглэлээр туршлага солилцох боломжтой. 2026–2027 онд музей, соёлын байгууллагуудын хамтын ажиллагаа, түүх, угсаатны зүйн үзэсгэлэн, мэргэжилтэн солилцоо зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Ц.Уртнасангийн үйл ажиллагаанд соёлын дипломат ажиллагаа ч чухал байр суурь эзэлдэг. 2017 онд Краков хотод Монгол Соёлын Төв байгуулж, тус төвийн дэргэд зургаан ханатай монгол гэр байгуулсан нь Польшийн иргэдэд Монголын үндэсний ахуй, соёлыг биечлэн мэдрүүлэх өвөрмөц орчин болжээ. Монголын тухай ном унших, зураг үзэхээс гадна монгол гэрт орж, хойморт нь сууж, үндэсний ахуйтай танилцах нь хүмүүсийн ойлголт, сэтгэгдэлд өөрөөр хүрдэг. Тус төвд баримтат киноны өдөрлөг, соёлын арга хэмжээ, гэр бүл, хүүхэд залуучуудад зориулсан уулзалт, танилцуулга зохион байгуулдаг. Ингэснээр Монголын соёлыг сурталчлахаас гадна хоёр орны хүмүүсийг нэг орон зайд уулзуулж, харилцан ойлголцол бий болгох чухал ая холбогдолтой. Мөн Монгол, Польшийн 800 гаруй жилийн түүхэн холбоог судалж, Краковын архив, музейд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой эх сурвалж, баримтыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, олон нийтэд таниулах чиглэлээр хамтын ажиллагааны санаачилгууд өрнөж байна. Өнгөрсөн түүхийг өнөөгийн харилцаатай холбох нь хоёр орны хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх чухал суурь болж байна.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт ч шинэ холбоосууд бий болжээ. Европын эртний их сургуулиудын нэг болох Краковын Ягеллоны их сургууль Монголын их, дээд сургуулиудтай философи, сэтгэл зүй, монгол судлалын чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Мөн Польшийн бусад их сургууль, Монголын шашин, соёлын байгууллагуудын хооронд лекц, семинар зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагаа өрнөж байна. Үүний зэрэгцээ Краков болон түүний бүс нутагт суралцаж буй олон монгол оюутан, залуусын нийгтийн асуудалд Өргөмжит Ерөнхий консулын газар анхаарч ажилладаг аж.

Эдгээр бүх үйл ажиллагааг нэгтгэж харахад Ц.Уртнасангийн ажлыг нэг үгээр тодорхойлбол “холбох” гэсэн үг хамгийн тохирно. Тэр эмнэлгүүдийг, их сургуулиудыг, хот, орон нутгийг холбож байна. Мөн Монголын түүх, өнөөгийн соёлыг холбож байна. Гадаадад ажиллаж буй монгол мэргэжилтнүүдийг эх оронтой нь холбож байна. Хамгийн гол нь хүмүүсийг хооронд нь холбож байгаа явдал юм.
Хоёр орны харилцаанд оруулж буй түүний хувь нэмрийг үнэлж, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Карол Навроцкийн зарлигаар Краков дахь Монгол Улсын Өргөмжит ерөнхий консул Цахиурын Уртнасанг “Гавъяаны загалмайн мөнгөн” одонгоор шагнасныг 2026 оны 8 дугаар сарын 7-нд Улаанбаатар дахь БНПУ-ын Элчин сайдын яаманд ёслол төгөлдөр гардууллаа. Шагнал гардуулах ёслолын үеэр тэрээр хэлэхдээ, энэ шагналыг хийсэн ажлынхаа төгсгөл бус, цаашид илүү хариуцлагатай ажиллахын сануулга, шинэ үүрэг хэмээн хүлээн авч буйгаа илэрхийлсэн.
Краковоос Монгол руу тавьсан энэ гүүрийн нэг үзүүр нь Польшийн түүх, соёл, шинжлэх ухаан, анагаах ухаанд хүрч байгаа бол нөгөө үзүүр нь Монголынхоо нутагт, Монголын эмч, оюутан, иргэд, хүүхэд залуусын амьдралд хүрч байна.
Харин энэ гүүрээр дамжин өнгөрөх хамгийн чухал зүйл нь тоног төхөөрөмж, гэрээ хэлэлцээр, төслийн баримт бичиг бус, харилцан ойлголцол, итгэлцэл, нөхөрлөл юм.
Эцсийн дүндээ улс хоорондын харилцааг хүмүүс бүтээдэг. Хүмүүсийн хоорондын итгэлцэл улс орнуудын нөхөрлөлийг бат бөх болгодог. Краков хотоос Монгол, Польшийн харилцааг шинэ шатанд хүргэхийн төлөө ажиллаж буй Цахиурын Уртнасангийн замнал ч үүнийг харуулж байна. Краковоос холбосон энэ гүүр цаашид ч олон хүнийг, олон санаачилгыг, хоёр орны олон боломжийг хооронд нь холбосоор байх биз ээ.
Үзсэн: 574
Tweet