Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25,26-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Тогтвортой хөгжлийг дэмжих Ногоон санхүүжилт


Densmaa 2026-09-23 04:09

Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сантай хамтран Монгол Улсад GFS хөтөлбөрийг эхлүүллээ.

      Өнөөдөр дэлхий дахинд эдийн засгийн өсөлтийг байгаль орчны тогтвортой байдлаас тусад нь авч үзэх боломжгүй болжээ. Үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, усны нөөцөд үзүүлэх дарамт нэмэгдэж, байгаль орчны асуудал улам бүр анхаарал татах болсон. Гэхдээ хөгжлийг байгальд ээлтэйгээр үргэлжлүүлэх боломж бий. Эрчим хүч бага зарцуулдаг тоног төхөөрөмж ашиглах, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, усны хэрэглээг хэмнэх, үйлдвэрлэлийн нөөцийг үр ашигтай ашиглах зэрэг нь эдийн засгийн үйл ажиллагааг илүү тогтвортой болгох шийдлүүд юм. Харин эдгээр шинэ технологи, шийдлийг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгвэл аж ахуйн нэгжүүд, айл өрхүүдэд ногоон технологи ашиглах санхүүгийн боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ? Энэ асуултад хариулт болох нэгэн шинэ хөтөлбөр Монгол Улсад шинэ хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Бид Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн хамтарсан “Санхүүгийн системийг ногооруулах” хөтөлбөр буюу GFS, мөн өмнө нь хэрэгжсэн ГЭФФ Монгол хөтөлбөрийн талаар сурвалжилсан юм.

     Ногоон технологи гэж юу вэ? Ногоон санхүүжилт бизнесийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт авчрах вэ? Ногоон технологи гэдэг нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, нөөцийг илүү үр ашигтай ашиглах, тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн технологи, тоног төхөөрөмж, шийдлүүдийг хэлнэ. Энгийнээр тайлбарлавал, ижил ажлыг гүйцэтгэхдээ бага эрчим хүч зарцуулдаг тоног төхөөрөмж, усыг хэмнэдэг систем, нарны эрчим хүч ашигладаг төхөөрөмж, дулаан алдагдлыг бууруулах барилгын материал зэрэг нь ногоон технологийн жишээ юм. Ногоон технологи нь үндсэндээ гурван чухал үр өгөөжтэй.

Нэгдүгээрт, эрчим хүчний хэрэглээг бууруулна. Үйлдвэр, үйлчилгээний байгууллага эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж ашигласнаар хэрэглээний зардлаа бууруулах боломжтой.

Хоёрдугаарт, сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжийг нэмэгдүүлнэ. Нар, салхи болон бусад сэргээгдэх эх үүсвэрт суурилсан технологи нь эрчим хүчний хэрэглээний өөр хувилбарыг бий болгоно.

Гуравдугаарт, усны нөөцийг хамгаална. Ус цэвэршүүлэх, дахин ашиглах, хэмнэлттэй зарцуулах технологи нь усны хэрэглээг зохистой болгоход тусална.

Ийм технологийг нэвтрүүлэх нь зөвхөн байгаль орчинд ашигтай биш. Бизнесийн хувьд зардлаа хэмнэх, үйлдвэрлэлийн бүтээмжээ нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах боломжийг ч бүрдүүлдэг.

     Европын сэргээн босголт, хөгжлийн банк буюу ЕСБХБ, Уур амьсгалын ногоон сантай хамтран Монгол Улсад GFS хөтөлбөрийг 2026 оны есдүгээр сард эхлүүлээд байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь аж ахуйн нэгж, айл өрхүүдэд усны зохистой хэрэглээ, тогтвортой газрын менежмент, нөөцийн үр ашигтай ашиглалтыг дэмжих ногоон шийдлүүдийг санхүүжүүлэх боломж бүрдүүлэхэд орших юм. Уг хөтөлбөр нь өмнө хэрэгжсэн ГЭФФ Монгол буюу “Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх” хөтөлбөрийн дараагийн шат юм байна. Шинэ хөтөлбөрийн нэг онцлог нь ногоон санхүүжилтийг зөвхөн тодорхой нэг төсөлд зээл олгох байдлаар хязгаарлахгүй, харин санхүүгийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагаанд уур амьсгалын асуудал, байгаль орчны эрсдэлийн удирдлага, тогтвортой хөгжлийн зарчмыг нэвтрүүлэхэд чиглэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ногоон санхүүжилтыг банкны тусдаа нэг бүтээгдэхүүн төдийгүй санхүүгийн байгууллагын урт хугацааны үйл ажиллагааны чухал хэсэг болох зорилготой. Бид уг хөтөлбөрийн талаар ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиевээс тодруулсан юм.

ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев: Монгол Улсад GFS хөтөлбөрийг эхлүүлэх арга хэмжээний нээлтэд оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Энэхүү хөтөлбөрийн дараагийн шатны багц нь 105 сая америк долларын дүнтэй. Бид түншлэгч арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд зээл олгоно. Энэ нь эрчим хүчний үр ашигтай байдал болон нөөцийг үр ашигтай зарцуулахад чухал нөлөө үзүүлэх санхүүжилтийн суваг байх юм. Барилгын салбарт ямар ач холбогдолтой вэ гэвэл барилгын стандартыг сайжруулахад үр өгөөжтэй. Өөрөөр хэлбэл барилгын компаниуд орон сууцны болон бизнесийн барилгуудыг илүү орчин үеийн стандартад нийцсэн өндөр чанартайгаар барьж байгуулахаас гадна худалдаж авсан талуудад урт хугацаанд дулаанаа хадгалах цаашлаад дулааны төлбөр бага гарах үр ашигтай байдаг. Ингэж сар бүр дулааны төлбөрөө багасгаснаар эрчим хүч, эх үүсвэрийн хэмнэлтийг бий болгох боломжтой юм. Монгол улсад ногоон санхүүжилтийг ашиглаж байгаа компани, аж ахуй нэгжүүдийн нэг жишээ нь “Ланд энд хаус” ХХК юм. Энэ компани нь анх ногоон барилгын стандартыг бизнесийн бүтээн байгуулалтын зориулалтаар ашиглаад А сертификатыг авсан. Түүний дараагаар ногоон стандартыг мөн орон сууцны барилгад нэвтрүүлж чадсан компани юм.

     Монгол Улсад GFS хөтөлбөрийн хүрээнд ЕСБХБ-наас ХААН Банкинд нийт 170 сая ам.долларын санхүүжилтийн багц олгохоор шийдвэрлэсний дотор энэ оны эхэнд 80 сая ам.долларын санхүүжилтийг хэсэгчлэн олгохоор төлөвлөсөн байна. Цаашид бусад санхүүгийн түнш байгууллагууд хөтөлбөрт нэмэгдэхээр байгаа юм. Ингэснээр бизнес эрхлэгчид ногоон технологид хөрөнгө оруулах, эрчим хүч, ус болон бусад нөөцийн хэрэглээгээ сайжруулахад санхүүгийн шинэ боломж ашиглах нөхцөл бүрдэх аж.

ХААН банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр: ЕСБХБ Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулаад 20 жил болж байна. Хаан банкны хувьд 2007 оноос ЕСБХБ-тай хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд нийтдээ 600 сая гаруй ам.долларын санхүүжилтүүдийг авсан байна. Эдгээр санхүүжилт нь жижиг дунд бизнесүүдийг дэмжих, эмэгтэй бизнес эрхлэгч, багш нарыг дэмжих, эмэгтэй бизнес эрхлэгчийн цахим хөгжилтийг дэмжих, залуу бизнес эрхлэгчийг дэмжих зэрэг хөтөлбөрүүдэд санхүүжилт болон олгогджээ. Харин 2022 оноос Ногоон санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Хаан банк 145 сая ам.долларын санхүүжилтийг ЕСБХБ-аас авсан. Энэ санхүүжилтийнхээ 127 сая ам.долларыг аль хэдийнээ харилцагчдадаа зээл байдлаар олгоод гаргачихсан байна. Эдгээр зээлүүд маань ихэвчлэн харилцагч нарын ногоон санхүүжилтүүд буюу сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй төслүүд, ногоон барилга, хөдөө аж ахуйн ногоон систем зэрэг төслүүдэд ашиглагдсан байна. Энэ хөтөлбөрийн үр дүнд нийтдээ 250 гаруй харилцагч нар манай банкнаас ногон зээл авсан. Монгол улс маань ногоон санхүүжилт буюу тогтвортой санхүүжилтийн замын зурагаа  гаргачихсан 2030 он гэхэд нийт зээлийн багцынхаа 10%-ийг ногоон санхүүжилт болгоно гэсэн зорилт тавьчихсан явж байна. Харин манай Хаан банкны хувьд одоогийн байдлаар ногоон зээлийн багц 1,5 их наяд төгрөгт буюу нийт зээлийн багцын маань 9% хүрчихсэн явж байна. 2026 оны эцэг гэхэд 10 хувьд хүрчих байх гэсэн амбиц, зүтгэлтэйгээр ажиллаж байна.

    GFS хөтөлбөрийн өмнөх үе шат болох ГЭФФ Монгол хөтөлбөр 2018 онд эхэлсэн. ЕСБХБ-ны мэдээлснээр тус хөтөлбөрийн санхүүжилтийн багц өнөөдөр 225 сая ам.долларт хүрчээ. Хөтөлбөрийн хүрээнд Монголын эдийн засгийн олон салбарт 330 гаруй төсөл дэмжигдсэн байна. Үүнд эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж, сэргээгдэх эрчим хүч, нөөцийн хэмнэлттэй тоног төхөөрөмж ашиглах зэрэг төслүүд багтжээ. Мөн ГЭФФ Монгол хөтөлбөр нь жилд ойролцоогоор 2 сая гигаджоуль эрчим хүч хэмнэж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг жилд ойролцоогоор 150 мянган тонноор бууруулахад хувь нэмрээ оруулсан байна. Эндээс харахад ногоон санхүүжилт гэдэг нь зөвхөн мөнгөн дэмжлэг бус, бодит үйлдвэрлэл, хэрэглээнд шинэ технологи нэвтрүүлэх үйл явц юм. Тэгвэл Монголын хувийн хэвшлийн байгууллагуудын хувьд ГЭФФ Монгол хөтөлбөрөөр дамжуулан ямар боломж бүрдсэн бэ?

Тус хөтөлбөр нь бизнесүүдэд эрчим хүч, нөөцийн үр ашгийг сайжруулах тоног төхөөрөмж сонгох, хөрөнгө оруулалтын шийдлээ тодорхойлох, техникийн зөвлөгөө авах боломж олгож ирсэн. Үүний зэрэгцээ хөтөлбөрийн санхүүгийн түнш байгууллагуудаар дамжуулан зээлийн санхүүжилт авах нөхцлийг бүрдүүлсэн юм. Энэ туршлага нь ногоон технологийн хөрөнгө оруулалт бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж болохыг харуулсан бодит жишээнүүдээр баяжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд ногоон технологид хөрөнгө оруулах сонирхолтой хувийн компаниуд, хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр төрлийн зээлийн боломжийг санал болгож байгаа юм.

Эхнийх нь 300 мянган ам.доллар хүртэлх бага хэмжээний хөрөнгө оруулалтын зээл юм. Энэ нь харьцангуй энгийн тоног төхөөрөмж худалдан авах, эрчим хүч болон нөөцийн хэрэглээг сайжруулахад чиглэнэ. Жишээлбэл, бойлер, агааржуулалтын төхөөрөмж, дулаан тусгаарлах материал, агаар шахагч, компрессор, нарны ус халаагуур, нарны PV хавтан, мотор, насос, ус цэвэршүүлэх систем, ус хэмнэх төхөөрөмж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зэрэг багтана. Эдгээр тоног төхөөрөмжийн сонголтыг хялбарчлах зорилгоор ГЭФФ Монгол хөтөлбөрийн Ногоон технологи сонголтын жагсаалтыг боловсруулсан байна.

Харин хоёр дахь боломж нь 5 сая ам.доллар хүртэлх том хэмжээний хөрөнгө оруулалтын зээл юм. Үүнийг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг иж бүрнээр шинэчлэх, үйлдвэрийн барилга байгууламжид эрчим хүчний хэмнэлттэй шийдэл хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний систем суурилуулах зэрэг томоохон төсөлд ашиглаж болно. Үйлдвэрлэл, хүнс боловсруулах, аялал жуулчлал, нэхмэл, хөдөө аж ахуй, жижиглэн худалдаа зэрэг олон салбарын хувийн компаниуд ногоон технологид хөрөнгө оруулах боломжтой. Гэхдээ зээлд хамрагдахын тулд тухайн байгууллага Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүртгэлтэй, 51-ээс доошгүй хувь нь хувийн өмчтэй, зээлээ эргэн төлөх чадвартай, үндэсний байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байх зэрэг шалгуурыг хангах ёстой юм байна.

    Ногоон санхүүжилтийн үр дүнг ойлгоход бодит жишээ чухал. ГЭФФ Монгол хөтөлбөрийн танилцуулгад эрчим хүчний хэмнэлттэй аялал жуулчлалын объект болон замын бүтээн байгуулалтын тоног төхөөрөмжийн шинэчлэлийн жишээг дурдаж байлаа. Улаанбаатарын ойролцоо баригдсан аялал жуулчлалын шинэ баазыг барихдаа олон улсын сайн туршлагад үндэслэн дулаан тусгаарлагч материал, дулааны алдагдал багатай цонх, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг, халаалтын систем зэрэг шийдлийг сонгон хэрэгжүүлжээ.Үүний үр дүнд тухайн объектын эрчим хүчний зарцуулалт 72 хувиар буурсан байна. Энэхүү төслийн зээлийн хэмжээ 101 мянга 790 ам.доллар. Жилд 958 мегаватт-цаг эрчим хүч хэмнэж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 308 тонноор бууруулах тооцоо гарсан байна. Мөн жилд 35 мянган ам.долларын зардал хэмнэж, зээлийг дөрвөн жилийн хугацаанд эргэн төлөхөөр тооцжээ. Энэ бол барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй систем ашиглах нь бизнесийн зардалд хэрхэн нөлөөлж болохыг харуулсан жишээ юм. Ногоон технологид хөрөнгө оруулснаар байгаль орчны үр өгөөжөөс гадна бизнесийн үйл ажиллагааны зардал, бүтээмж, урт хугацааны тогтвортой байдалд эерэг өөрчлөлт авчрах боломжтойг харуулж байна.

Ногоон санхүүжилтийн хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохирсон олон төрлийн шийдлийг сонгох боломжтой. Үйлдвэрийн хувьд хуучирсан тоног төхөөрөмжөө шинэчлэх, эрчим хүч их зарцуулдаг зуух, хатаагч, халаалтын системийг солих, уурын системийн дулаалгыг сайжруулах, дулаан сэлгэлтийн төхөөрөмж суурилуулах зэрэг арга хэмжээ авч болно. Мөн цахилгаан хөдөлгүүрийн хувьсах хурдны төхөөрөмж ашиглах, цахилгаан түгээх системийг шинэчлэх, өндөр үр ашигтай гэрэлтүүлэг суурилуулах зэрэг нь нөөцийн хэрэглээг бууруулах боломжтой. Барилга байгууламжийн хувьд хана, дээвэр, хаалга, цонхны дулаалга, халаалт, агааржуулалт, гэрэлтүүлгийн системийг шинэчлэх нь чухал. Харин сэргээгдэх эрчим хүчний чиглэлд нарны эрчим хүчний систем, нарны ус халаагуур, жижиг оврын салхины эрчим хүчний төхөөрөмж, бага оврын усан цахилгаан станц, биогазын систем зэрэг шийдлүүдийг авч үзэж болно. Усны хэрэглээний хувьд ус цэвэршүүлэх, ус хэмнэх төхөөрөмж, борооны ус хуримтлуулах байгууламж, усалгааны систем зэрэг технологи ашиглах боломжтой. Гэхдээ аливаа хөрөнгө оруулалтын өмнө тухайн байгууллагын эрчим хүч, ус болон бусад нөөцийн хэрэглээнд ямар асуудал байгааг тодорхойлох нь чухал. Ингэснээр зөв технологийг сонгож, хөрөнгө оруулалтын үр ашгийг бодитой тооцоолох боломжтой. Бид ГЕФФ хөтөлбөрийн хүрээнд ногоон санхүүжилт авч амжилттай үйл ажиллагаагаа явуулж, ГЕФФ шагналыг хүртээд байгаа "ТЭСО групп"-ийн гүйцэтгэх захирал С.Болортой уулзсан юм.

"ТЭСО групп"-ийн гүйцэтгэх захирал С.Болор: Манай компанийн хувьд хэдхэн хоногийн өмнө үйлдвэр технологийн паркийнхаа нээлтийг хийчихээд байж байна. Энэ парк маань Монгол Улсад томоохонд тооцогдох ногоон санхүүжилтийг авч бий болсон парк юм. Бид бүхэн Хаан банктайгаа хамтраад энэ үйлдвэр технологийн паркаа бий болгосон. Ногоон санхүүжилт гэдэг нь өөрөө богино хугацаандаа зардал ихтэй мэт боловч урт хугацаандаа үр дүнгээ өгдөг. Бид яагаад үйлдвэрлэл технологийн парк гэж нэрлээд байна вэ гэхээр зөвхөн үйлдвэрлэл гэхээсээ илүүтэй цогц паркийг  бүтээхийг зорьсон. Тэнд хүүхдийн цэцэрлэг, ус цэвэрлэх байгууламж, нарны панел гэх мэтчилэн зөвхөн үйлдвэрлэлээс гадна нийгэм рүү болоод байгаль орчин руу чиглэсэн нэлээдгүй цогц бүтээн байгуулалт өрнөж байна. Ногоон санхүүжилтийг эрчим хүчний хэмнэлт талаас нь түлхүү яривал зүгээр байх гэж бодож байна. Анх худалдан авалтуудаа эхлэх үед манай эрчим хүчний өндөр ашиглалттай тоног төхөөрөмжийн зарим нь 20%-ийн хэмнэлттэй зарим нь бүүр 70%-ийн хэмнэлтүүдийг үзүүлж байсан. Одоо бол дунджаар 30-40%-ийн хэмнэлтийг өмнөх үйлдвэрээс шинэ үйлдвэрийн шилжилтийн үед хийчихсэн байна. Түүнчлэн бид нөхөн сэргээгдэх эрчим хүч  буюу нарны панелаар дамжуулаад өдрийн эрчим хүчнийхээ 20%-ийг хангаж ажиллаж байна. Мөн ус цэвэршүүлэх байгууламж маань 1000 м3 усыг 80-90% цэвэрлээд төв цэвэрлэх байгууламж руу  нийлүүлж байна. Бид бүхэн зөвхөн бизнес гэдгээрээ оршихоосоо илүүтэй байгаль орчин, нийгмийн маш олон бүрэлдэхүүнтэй хамтдаа оршиж байгаа. Тиймээс илүү хариуцлагатай байж 10 жилийн бизнесийг биш 50 жилийн бизнесийг биш 100 жилийн тогтвортой бизнесүүдийг бодох ёстой. Үүнийг бодохын тулд аливаа төсөл бүх зүйлийг хэрэгжүүлэхдээ ногоон байхыг анхны төлөвлөлтийн үе шатнаасаа эхлээд бүтээн байгуулалтадаа шингээж өгөх хэрэгтэй. Манай групп зайрмагийн зах зээлийн 80%-ийг хангадаг. Энэ нь маш том үйлдвэрлэл бөгөөд ихээхэн гар ажиллагаатай байдаг байсан бол бодоо бүрэн автомат болсон. Мөн агуулахын систем маань ч гэсэн бүрэн автоматжсан байна. Энэ бүхний цаана эрчим хүчний хэмнэлт гэдэг ойлголт явж байгаа. Бид нар аажим аажмаар эрчим хүчний системээ солонгоруулах зорилготойгоор нэг эх үүсвэр гэхээсээ илүүтэй маш олон төрлийн эх үүсвэрүүдийг бий болгоход ногоон санхүүжилтүүд ашиглаж байна. Цаашид банк санхүүгийн байгууллагууд маань ногоон санхүүжилтад илүү манлайлал үзүүлээд, хувийн секторуудаа дэмжээд, хувийн аж ахуй нэгжүүд маань бас бодит бүтээн байгуулалтуудыг зах зээл рүүгээ нийлүүлээд цаашдаа илүү их хөрөнгө оруулж ажиллаасай гэж хүсэж байна.

       Ногоон хөгжил гэдэг нь зөвхөн байгаль орчны асуудлыг шийдвэрлэх тухай ойлголт биш. Энэ бол үйлдвэрлэлээ шинэчлэх, зардлаа бууруулах, технологийн шинэ боломжийг ашиглах, ирээдүйн эрсдэлийг багасгах эдийн засгийн хөгжлийн чухал чиглэл юм. Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн ЕСБХБ болон Уур амьсгалын ногоон сангийн хамтарсан GFS хөтөлбөр нь ногоон санхүүжилтийг өргөжүүлэх, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд байгальд ээлтэй шийдэл нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Ногоон технологи сонгоно гэдэг нь зөвхөн шинэ тоног төхөөрөмж худалдан авах тухай биш. Өөрийн бизнесийн хэрэгцээг зөв тодорхойлох, үр ашгийг тооцох, санхүүгийн боломжоо ашиглах, байгаль орчинд үзүүлэх нөлөөгөө бууруулах урт хугацааны шийдвэр юм. Ногоон үйлдвэрлэл, ногоон санхүүжилт, хариуцлагатай хэрэглээ зэрэг нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөөх хамтын зорилгын салшгүй хэсэг юм.

Үзсэн: 2019

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна