Японы Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэх эрхмүүдийг зарлалаа
Монгол Улсаас Монголын Япон хэлний багш нарын холбооны тэргүүн Э.Батжаргал, “Монгол Коосэн” Технологийн коллежийн захирал М.Сэргэлэн нар уг өргөмжлөлийг хүртэхээр болжээ
2026 онд Японы Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртэх хувь хүн болон байгууллагыг олон нийтэд зарлалаа. Монгол Улсаас япон хэлний боловсрол, япон загварын сургалтыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын Япон хэлний багш нарын холбооны тэргүүн Эрдэнэбаярын Батжаргал, “Монгол Коосэн” Технологийн коллежийн захирал Мөнх-Очирын Сэргэлэн нар уг өргөмжлөлийг хүртэхээр болжээ. Монголын Япон хэлний багш нарын холбооны тэргүүн Эрдэнэбаярын Батжаргал 1996 оноос МУИС-д япон хэлний багшаар ажиллаж эхэлснээс хойш олон жилийн турш япон хэлийг түгээн дэлгэрүүлэх, япон хэлтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд хичээл зүтгэл гаргаж ирсэн байна. Тэрбээр 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улс дахь япон хэлний боловсрол, япон хэлний багш нарыг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. “Монгол Коосэн” Технологийн коллежийн захирал Мөнх-Очирын Сэргэлэн 1992 онд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн мэргэжлийн сургуулийн анхны оюутны нэг болж Япон Улсад суралцаж ирснийхээ дараа 2008 оноос япон загварын Коосэн сургалтын тогтолцоог Монголд нутагшуулах үйлсэд хүчин чармайлт гаргасан юм. Гадаад хэргийн сайдын өргөмжлөл нь, олон улсын харилцааны бүхий л салбарт амжилттай ажиллан, Япон Улс болон бусад улс орнуудтай найрамдалт, найрсаг харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй олон хүнээс онцгой амжилт гаргасан хувь хүн, байгууллагын гавьяа зүтгэлийг сайшаахын зэрэгцээ тэдний үйл ажиллагааг ард иргэд сайтар ойлгож, дэмжихийг хүсэх зорилготой юм.
Үзсэн: 1035
Tweet