Хот зохион байгуулалтын ирээдүйн шийдэл
Иргэд өдөр тутмын амьдралдаа хэрэгтэй гол үйлчилгээг авах, ажил, сургуульдаа явахдаа алхаж, эсвэл унадаг дугуй, нийтийн тээврээр 15-20 минутын дотор хүрдэг байхаар хотыг төлөвлөх нь чухал.
Хот гэдэг зөвхөн барилга байгууламжийн нийлбэр биш. Хүмүүс хаана амьдрах вэ, хаана ажиллах вэ, хүүхдүүд хаана тоглох вэ, ахмад настнууд хэрхэн зорчих вэ, байгальтайгаа хэрхэн зохицон амьдрах вэ гэдгийг хотын төлөвлөлт шийддэг. Тиймээс архитектур гэдэг зөвхөн байшингийн зураг гаргадаг мэргэжилтэн биш. Архитектур бол хүний амьдрах орчныг төлөвлөдөг, нийгмийн өөрчлөлтийг орон зайгаар илэрхийлдэг мэргэжилтэн юм. Өнөөдөр дэлхийн олон оронд архитектурын мэргэжлийн байгууллагууд энэ үүргийг улам өргөн хүрээнд авч үзэж байна. Монголд ч энэ өөрчлөлт ажиглагдаж байна. Бидний амьдарч буй орон сууц, ажлын байр, сургууль, эмнэлэг, зам, талбай, цэцэрлэг, ногоон байгууламж, нийтийн тээвэр гээд бүгд хотын архитектур, төлөвлөлттэй холбоотой. Тиймээс архитектурын салбарын хөгжлийн тухай ярих нь үнэндээ хүний амьдрах орчны тухай ярих юм. Хот байгуулна гэдэг бол барилга барьж байгаа юм шиг хурдан хийдэг зүйл биш. Мэдээж цаг хугацаа шаардлагатай. Хот байгуулахад хамгийн чухал зүйл нь ерөнхий төлөвлөгөө байдаг гэдгийг Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Г.Цовоодаваа хэллээ.
Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Г.Цовоодаваа: Аливаа хот байгуулахад ерөнхий төлөвлөгөөг гаргах, түүнийг баримтлах нь хамгийн чухал байдаг. Ерөнхий төлөвлөгөө гэдэг бол хотын хууль гэсэн үг юм. Тухайн хотыг хэрхэн тэлэх, ямар байдлаар хөгжүүлэх, ерөнхий концепц ямар байх зэргийг анхнаас нь ерөнхий төлөвлөгөөнд тусгаж өгдөг. Мөн хотын эдийн засгийн чадамж, хүн амын тоо, иргэдийн нийгмийн хэрэгцээ шаардлага, соёлын хэрэгцээ гээл бүх л зүйл ерөнхий төлөвлөгөөтэйгөө холбоотой. Одоогийн Улаанбаатар хотын хувьд зайлшгүй мөрдөх ёстой ерөнхий төлөвлөгөөг баримталж чадахгүй байна. Ийм учраас алдаа оноотой зүйл их гарч байна. Мэдээж үүнийг бид цаашид засаж сайжруулах ёстой. Мөн шинэ байгуулах дагуул хотуудад энэ алдаагаа давтаж болохгүй.
Монголын архитекторуудын эвлэл нь 1956 онд байгуулагдсан. Энэ онд 70 жилийнхээ ойтой золгож байна. Анх БНМАУ-ын Улс төрийн товчоо Намын төв хорооноос өгсөн Монголын архитектур, хот байгуулалт, хот төлөвлөлтийг хөгжүүлэх гэсэн даалгавартайгаар байгуулагдаж байжээ. Тус байгууллагад Монголын хамгийн анхны мэргэшсэн архитектор Б.Чимэд, хоёрдугаар архитектор Б.Дамбийням, А.Хишигт нарын хүмүүс ажиллаж байсан түүхтэй.
Сүүлийн жилүүдэд хот гэдэг нь зүгээр нэг хүмүүсийн бөөгнөрөл бус харин байгалийн бас нэгэн хэлбэр гэсэн чиг хандлага дэлхий нийтэд тархах болжээ. Хүн ч гэсэн байгалийн амьтан төдийгүй байгальд байхдаа илүү тав тухтай, эрүүл бас таатай байдаг гэсэн ойлголт бий. Энэ утгаараа дэлхийн улс орнууд байгалийн унаган төрхийг хадгалсан хот төлөвлөлтийг хийдэг болсон байна. Монголын архитекторуудын эвлэл хот төлөвлөлтийн ирээдүйн энэ чиг хандлагад нийцүүлэн залуу боловсон хүчнээ бэлтгэх, сургах тал дээр анхаарч олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж эхэлжээ.
Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Г.Цовоодаваа:
Манай эвлэл одоогийн байдлаар 800 орчим гишүүнтэй. Мөн цөөн хэдэн байгууллага бас гишүүнчлэлтэй байдаг. Бид архитекторуудаа мэргэшүүлэх сургалтыг тогтмол явуулж байна. Үүнд хот байгуулалт эзлэхүүн төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн сургалт, хот төлөвлөлтийн эдийн засгийн мэргэшсэн зөвлөх сургалтыг явуулдаг. Мөн архитекторуудаа бүртгэлжүүлээд тэдний эрх ашгийг хамгаалах, давтан сургах чиглэлээр олон улстай хамтраж ажиллаж байна. Манай байгууллага Дэлхийн архитекторуудын эвлэлийн гишүүн, мөн Азийн архитекторуудын бүсийн зөвлөлийн гишүүн. Саяхан Азийн архитекторуудын хурал Энэтхэг улсад болсон. Тус хуралд оролцож улсынхаа тайлан тавьж, үйл ажиллагаагаа танилцуулсан. Гадаад хамтын ажиллагааны хувьд Евроазийн архитекторуудын холбоо буюу Орос, Казахстан зэрэг тусгаар улсын хамтын нөхөрлөлийн орнуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тун удахгүй Кира буюу Солонгосын бүртгэлтэй архитекторуудын холбоо болон Хятадын архитекторуудын холбоотой санамж бичиг байгуулахаар бэлдэж байна. Олон улсын хамтын ажиллагаанд баримталж байгаа гол бодлого нь Монголын архитекторуудаа сургаж мэргэшүүлэх тал дээр чухалчилж байна. Энэ хүрээнд тасралтгүй боловсролын системийг хэрэгжүүлэх судалгаанууд бас хийгдэж байна. Энэ чиглэлээр Солонгосын архитектурын холбоотой маш сайн ярилцаж байгаа. Манай эхний сургалтаар 2027 оны намар Солонгос улсаас мэргэшсэн багш нар ирж сургалт хийнэ. Харин дараа нь 2028 онд бид нар очиж харилцан суралцахаар яригдаж байна. Архитектурын салбарт бид нарыг маш ирээдүйтэй гэдгийг сая Азийн архитекторуудын холбооны хурлын үеэр чухалчилж ярилаа. Учир нь манайх “С” бүс буюу Япон, Солонгос, ХонКонг, Макао гэсэн онуудтай нэг бүсэд байдаг. Тэдгээр бүх улс орнуудын хүн амын тоо тогтмол буурч байхад зөвхөн манай улсын хүн ам өсөлттэй байна гэсэн судалгааны дүнэлт гарсан. Энэ нь архитектурын бүтээн байгуулалтын хэрэгцээ бидэнд маш өндөр байх нөхцөлийг бий болгож байна.
Өнөөдөр архитекторын ажил урьдынхаас илүү олон салбартай огтлолцож байна. Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга, дижитал технологи, BIM буюу барилгын мэдээллийн загварчлал, ухаалаг хот, хүртээмжтэй орчин, соёлын өвийн хамгаалалт зэрэг асуудал архитекторуудаас тасралтгүй суралцахыг шаардаж байна. Иймээс Монголын архитекторуудын эвлэл олон улсын орчин үеийн туршлагаас суралцах ажлыг тогтмол явуулж байна. Энэ хүрээнд саяхан Улаанбаатар хотноо архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр олон улсын туршлага солилцох нэгэн сонирхолтой арга хэмжээ боллоо.

“Тэсвэртэй, нөхөн сэргээгч хотуудыг төлөвлөх нь: Улаанбаатарын ирээдүйн талаарх дэлхийн өнцөг” сэдэвтэй тус семинараар өнөөгийн хотуудад тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, хурдацтай хотжилт, хүн амын өсөлт зэрэг сорилтыг даван туулахын тулд хотын орчныг хэрхэн илүү тэсвэртэй, тогтвортой, байгальд ээлтэй байдлаар төлөвлөх талаар олон улсын туршлагаас солилцсон юм. Уг арга хэмжээ IQP ITALDESIGN компани Монголд үйл ажиллагааны явуулж эхэлсний 20 жилийн ойтой давхцсанараа онцлог байлаа. Семинарт Италийн болон олон улсын архитектурууд, хот төлөвлөгч, хотын системийн мэргэжилтнүүд оролцож, Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийг дэлхийн хотуудын туршлагатай холбон авч үзсэн юм.
Лондон хотод төвтэй Ателиэр Тэн (Atelier Ten) компанийн захирал Иван Йованович:
Ателиэр Тэн нь олон улсын инженерийн зөвлөх компани бөгөөд механик, цахилгаан, сантехникийн инженерчлэл, мөн тогтвортой, байгаль орчинд ээлтэй барилга байгууламж, орчны төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн. Бидний ажил зөвхөн нэг барилга байгууламжийн хэмжээнд хязгаарлагдахгүй. Нэг барилгаас эхлээд бүхэл бүтэн хотын хэмжээний төлөвлөлт, дизайны шийдэл хүртэл өргөн хүрээнд ажилладаг. Өнөөдөр болж буй семинарын үеэр би Ателиэр Тэн компанийн дэлхийн олон оронд хэрэгжүүлсэн төслүүдийн талаар танилцуулж, тэдгээрээс олж авсан туршлага, сургамжаа хуваалцахын зэрэгцээ Монгол мэргэжилтнүүдтэй хамтран Улаанбаатарын хувьд ямар шийдлүүд боломжтой талаар ярилцлаа. Улаанбаатарын хурдацтай өсөлт болон эрс тэс уур амьсгалтай холбоотойгоор хот төлөвлөлтийн хэд хэдэн үндсэн асуудалд анхаарах шаардлагатай гэж би бодож байна.
Юуны өмнө, хотын орон зай болон замын хөдөлгөөнд анхаарах хэрэгтэй. Улаанбаатар хотын хувьд хамгийн том бэрхшээл нь дан ганц барилга байгууламжтай холбоотой биш. Харин гудамж хэрхэн төлөвлөгдсөн, нийтийн эзэмшлийн орон зай ямар зохион байгуулалттай, хүмүүс хэрхэн зорчиж байгаа нь илүү чухал асуудал гэж бодож байна. Улаанбаатарын хүн ам маш хурдтай өссөнөөр замын хөдөлгөөнд ихээхэн хүндрэл учирч, хот дотор зорчиход бэрх болсон. Ялангуяа өвлийн улиралд агаарын температур -40 градуст хүрдэг нөхцөлд энэ асуудал бүр ч хүндэрдэг.
Хоёрдугаарт, нягтаршил сайтай, холимог зориулалттай хотын төлөвлөлт хэрэгтэй байна. Сургууль, дэлгүүр, өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээ зэрэг нь хоорондоо ойрхон байрласан, нягтаршил сайтай, олон зориулалт хосолсон хотын хэсгүүдийг бий болгох нь хүмүүсийн автомашинаар зорчих хэрэгцээг багасгана. Жишээ нь би машинаар нэг газраас нөгөө рүү явахад нэг цаг орчим хугацааг зарцуулдаг. Гэтэл ердөө 10 минутын дотор туулж болохоор төлөвлөж болох байсан. Тиймээс хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээтэй газруудыг хооронд нь ойр байршуулах нь маш чухал.
Гуравдугаарт, явган зорчигчдод илүү таатай орчин бүрдүүлж, нийтийн тээврийн өөр хувилбаруудыг хөгжүүлэх шаардлагатай. Зөвхөн газрын түвшинд явдаг автобусны системээр хязгаарлагдахгүйгээр нийтийн тээврийг өргөжүүлэх хэрэгтэй. Хотын гудамж, замын талбай хязгаарлагдмал учраас замын түгжрэлийг тойрон гарах боломжтой дээд түвшний буюу гүүрэн зам, мөн газар доорх тээврийн систем зэрэг хувилбарыг авч үзэж болно. Ингэснээр явган зорчих боломжтой гудамж, нийтийн тээврийн илүү үр ашигтай сүлжээг бий болгох боломжтой.
Дөрөвдүгээрт, хотын төвлөрлийг сааруулах нь чухал. Үүний нэг боломж бол нисэх онгоцны буудлын орчимд шинэ хөгжлийн төвүүдийг бий болгох явдал. Томоохон логистикийн төвүүд, шинэ үйлдвэрлэлүүд, цэнгэлдэх хүрээлэн зэрэг томоохон байгууламжуудыг бүгдийг хотын төвд төвлөрүүлэхийн оронд хотын зах, шинэ хөгжлийн бүсүүдэд байрлуулах нь төвийн хэт ачааллыг бууруулахад тусална. Тэнд аль хэдийн нисэх онгоцны буудал, логистикийн салбарт ажилладаг хүмүүсээс бүрдсэн жижигхэн суурьшлын орчин бий. Энэ нь цаашид шинэ хот хөгжихөд тодорхой суурь болж чадна.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд яригдаж буй шинэ хотын томоохон төслүүдийн нэг бол Хүннү дагуул хот юм. Хүннү хот нь Монгол Улсын нийслэл Улаанбаатарын дагуул хот болох зорилгоор 2024 оны 6 дугаар сарын 5-нд Монгол Улсын Их Хурлын “Хүннү хотын эрх зүйн байдлын тухай” хууль болон “Хот байгуулах тухай” 78 дугаар тогтоолоор байгуулагдсан. Энэ тогтоолоор хотын эдэлбэр газрыг 31,501.3 га талбайгаар тогтоожээ. Хотын нэр нь Төв Азийн тал нутагт хүчирхэг нүүдэлчдийн улсыг байгуулж, Торгоны замын худалдааг хяналтдаа авч, Евроазийн түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн Хүннүгийн түүхэн өв уламжлалаас санаа авсан юм. Хүннү хотыг байгуулах гол зорилго нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад оршиж байгаа аж. Улмаар Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлогын Хот хөдөөгийн сэргэлт хүрээнд шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх замаар Улаанбаатараас орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжихээр төлөвлөжээ. Хүннү хотод үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлж, Зүүн Хойд Азийн тээвэр, логистикийн зангилаа төв болгохыг зорьж байна. Хотод олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн агаарын каргоны бүс, банк санхүүгийн төв, эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч болох боломж нээгдэнэ гэж үзэж байна. 10.5 сая мкв талбайг барилгажуулж, 140-150 мянган хүн суурьшуулан, 80 мянга орчим ажлын байр бий болгоно гэж төлөвлөж байгаа аж. Хүннү хотын нэр, түүхэн ач холбогдлыг ашиглан Монголын төрт ёс, уламжлал, соёлыг олон улсад таниулж, тогтвортой, ухаалаг хотын жишиг болохыг эрмэлзэж байна.
Улмаар 2025 онд Хүннү хотын хот төлөвлөлтийн концепцыг боловсруулах олон улсын нээлттэй уралдаан зарлажээ. Уралдааны зорилго нь хүн төвтэй, тогтвортой, ухаалаг, ногоон, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, Монголын түүх, соёлын өвтэй уялдсан хотын төлөвлөлтийн загвар боловсруулахад чиглэсэн байна. Энэ бол архитектурын салбарт олон улсын туршлагыг ашиглах боломжийн нэг тод жишээ юм. Уралдаан олон орны баг оролцсоноос Францын Bechu & Associés тэргүүтэй баг ялагч болжээ. Тус багт Италийн SOA Architecture, MIC-Hub, Parcnouveau, Future Food Institute зэрэг байгууллагууд багтсан байна. Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын уралдааны шилдэг бүтээл болох “Амьд од – Living Star” төслийн танилцуулгыг хийсэн Францын “Bechu & Associés” компанийн зөвлөх архитекторч Алберто Заттатай Хүннү хотын архитектурын шийдлийн онцлогийн талаар ярилцлаа.

Архитектор Алберто Затта: Бид бусад оролцогчдын төслүүдээс эрс ялгаатай загвар гаргасан гэж бодож байна. Ердийн хотын төлөвлөлтийн загварыг дагахын оронд байгаль болон монголчуудын амьдралын хэв маяг, соёлд анхаарч, Монголын нүүдэлчин ахуй, соёлоос шууд санаа авч загвараа гаргасан. Байгаль, соёлыг хослуулснаар Монголын газар нутгийн онцлогт үндэслэсэн, өвөрмөц өнгө төрхтэй төслийг бий болсон. Ингэснээр хотын орон зайд эрх чөлөөтэй байх мэдрэмжийг төрүүлж, Монгол орны байгалийн онцлог шинжийг шингээсэн. Төслийн энэхүү сэтгэл хөдлөл, агуулгын гүн нь шүүгчдийн бүрэлдэхүүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Гэхдээ энэ төсөл бол эцсийн шийдэл гэхээсээ илүү эхлэл, нэгэн үзэл санааны илэрхийлэл юм. Үүнийг хүн бүрт зориулсан бодит хот болгон хэрэгжүүлэхийн тулд архитектор, инженерүүдийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Энэхүү төслийг хийхэд Улаанбаатар хотын уур амьсгал болон бусад холбогдох чиглэлээр ажилладаг мэргэжилтэн, инженерүүдтэй хамтран ажиллаж, хотод одоо тулгарч буй асуудлуудыг нарийвчлан судалсан. Үүний үндсэн дээр шинэ технологи, тэр дундаа хиймэл оюуны дэмжлэгийг ашиглан одоогийн хотын бэрхшээлүүдийг давтахгүй байх шийдлийг боловсруулсан. Агаарын температур -30-40 градуст хүрдэг өвлийн улиралтай тул “15 минутын хот”-ын зарчмаар ажиллахаар шинэ хотоо төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, хүмүүс шаардлагатай бүх газраа 15 минут алхаад хүрэх боломжтой юм. Хотын төв хэсэгт “Амьд од” хэмээн нэрлэсэн хэрэгцээт бүх үйлчилгээний төвүүд байрлах бөгөөд орчин үеийн технологийн тусламжтайгаар өвөл, зуны аль ч улиралд тогтмол ажиллана. Мөн байгалийн онцлогийг хотын төлөвлөлтийн үндсэн хэсэг болгосноор цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулж, халаалт болон агааржуулалтын дэд бүтцийн үр ашгийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Одоогоор хотыг хэзээ байгуулах талаар хэлэхэд эрт байгаа ч дэд бүтцийн ажил аль хэдийн эхэлсэн, эхний үе шатуудыг ойрын хугацаанд дуусгахаар ажиллаж байна. Гэхдээ бид барилгын ажил хэдий хугацаанд үргэлжлэх вэ гэдэгт анхаарахаас илүүтэйгээр хамгийн гол нь шинэ үеийн хот төлөвлөлтийн тодорхой үзэл баримтлалыг бий болгох зорилготой юм. Ингэснээр Монгол Улс өөрийн онцлог, өвөрмөц өнгө төрх, үнэт зүйлээ дэлхий дахинд харуулах боломжтой болно.
Архитектур гэдэг өнгөрсөн үеийн барилга байгууламжийг хадгалах тухай төдийгүй ирээдүйн амьдралыг төлөвлөх тухай урлаг, шинжлэх ухаан юм. Харин Хүннү хотын мастер төлөвлөгөө Монголын ирээдүйн хотын тухай яриаг олон улсын түвшинд хүргэж байна. Энд олон улсын архитекторууд болон бусад мэргэжилтнүүд Монголын нүүдэлчин өв, байгаль, уур амьсгал, орчин үеийн технологийг нэгэн төлөвлөлтийн хүрээнд холбохыг зорьжээ. Өнгөрснөө мартахгүйгээр ирээдүйгээ бүтээх нь магадгүй орчин үеийн Монголын архитекторуудын өмнө тавигдаж буй хамгийн том зорилго биз ээ.
Үзсэн: 538
Tweet