Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

“Бүс ба зам” санаачлагын хүрээнд хамтран ажиллах боломжтойг онцлов.


Densmaa 2018-11-22 12:11

САЙД Д.ЦОГТБААТАР КУВЕЙТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МОХАММАД ФАЙСАЛ АЛЬ-МУТАЙРИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри-г Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Элчин сайд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Аль-Халид Аль-Ахмад Аль-Сабахын мэндчилгээг уламжлаад найрсаг, дотно харилцаатай Монгол Улсад улсаа төлөөлөн ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахын төлөө байгаагаа илэрхийлж, 2019 онд хоёр орны Засгийн Газрын Комиссийн II хуралдааныг зохион байгуулах санал тавив. Сайд Д.Цогтбаатар туршлагатай дипломатч Элчин сайдаар томилогдон ирсэнд баяртай байгаагаа илэрхийлээд түүнийг хоёр орны хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, дэд бүтэц, зам тээврийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв. Мөн “Бүс ба зам” санаачлагын хүрээнд хамтран ажиллах боломжтойг онцлов. Улмаар Кувейтэд газрын тосны салбарт мэргэжилтэн бэлтгэх, энхтайвныг хөхиүлэн дэмжих чиглэлээр шинэлэг санаа дэвшүүлж, судалгаа хийж байгаа залуу дипломатуудыг дэмжихэд хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, өөрийн санаачилсан “Ирээдүйн энх тайван, дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөөх шагнал”-ын зорилгын талаар танилцуулав.

Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол дахь Энхтайвны корпусын Орон хариуцсан захирлын албанд шинээр томилогдсон хатагтай Ким Мансарайг хүлээн авч уулзлаа. Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд Монгол Улсын нийгмийн хөгжил, сайн сайханд хувь нэмрээ оруулж ирснийг сайшаан тэмдэглэж, Монгол залуусын англи хэл сурах сонирхлыг хөхиүлэн дэмжихэд Энхтайвны корпусын сайн дурынхны дэмжлэг туслалцаа чухал үүрэгтэй болохыг онцлов. Тэрээр энэ зорилтын хүрээнд сайн дурынхны тоог нэмэгдүүлж, дунд сургуулиудад сайн дурын англи хэлний багш нарыг ажилуулах сонирхолтой байгаагаа нотлов. Хатагтай К.Мансарай Монголд ажиллах болсондоо сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэж, Монгол Улс сайн дурынхны үйл ажиллагааг ямагт дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсад өмнө нь ажиллаж байсан сайн дурын ажилтнууд үргэлж сайхан дурсамжтай байдаг бөгөөд Монголд дахин ирж ажиллах сонирхолтой байдгийг онцлон ярив.

Үзсэн: 287

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна