Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

Археологичид Уйгурын хааны ордонд хэрэглэж байсан эртний худгийг илрүүлжээ


Densmaa 2018-11-29 03:11

“Монголын угсаатны өв” нэгдсэн сан бүрдүүлэх, археологийн мэдээллийн сан байгуулах, Монголын түүхийн цахим түүхийн ном бүтээхэд анхаарч байгааг эрдэмтэд хэлж байв.

   Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс шинжлэх ухааны зарим суурь судалгааны үр дүнг олон нийтэд түгээн танилцуулах, сурталчлах ажлыг зохион байгууллаа. “Монголын угсаатны өв” нэгдсэн сан бүрдүүлэх, археологийн мэдээллийн сан байгуулах, Монголын түүхийн цахим ном бүтээхэд анхаарч  ажиллаж байна. Түүх, археологийн хүрээлэнгээс 2018 онд хийж гүйцэтгэсэн онцлох гурван гол үр дүнг танилцуулаа.

   ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн болон МУИС-ийн Археологи, антропологийн тэнхим, ХБНГУ-ын Археологийн хүрээлэн хамтран 2007 оноос хамтран хэрэгжүүлж байгаа “Орхон” төслийн хүрээнд VIII-IX зууны Уйгурын  эзэнт гүрний нийслэл Ордубалык буюу Хар балгасын Ордон хотын худгийг нээж олсон байна. Хар балгасын Ордон хотын цайзат их хэрмийн зүүн урд буланд орших 14 метр өндөр 60x70 метр хэмжээтэй аварга том шороон тавцан дээр байгуулсан барилгын цогцолбор юм. 2018 оны малтлагаар энэ нүсэр байгууламжийн төв гол хэсгээс VIII-IX зууны үед хааны ордны усны хэрэгцээг хангаж байсан маш сайн хадгалсан эртний худгийг илрүүлэн олсон юм. Энэ нь Монголын дундад эртний түүх, археологийн судалгаа, Төв Азийн эртний барилга архитектурын түүхэнд тэмдэглэгдэх нэгэн шинэ нээлт болсон. Энэ нь манай оронд судалсан эрт, дундад үеийн нүүдэлчдийн хот суурины дурсгалаас энэ төрлийн байгууламж олдож буй анхны тохиолдол болохыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Н.Хишигт ярьж байна. 

Н.Хишигт: 2007 оноос хойш хэрэгжүүлж байгаа Монгол-Германы хамтарсан Хар хорин төслийн хүрээнд Уйгарын үед холбогдох “худаг” олсон. Зөвхөн Монголд төдийгүй, төв Азийн барилга архитектурын түүхэнд олдож байгаагүй ийм  ховор олдвор. 17 метр гүнтэй. Олон жилийн судалгаа хийсний үр дүнд олдсон археологийн дурсгал юм. Нэг тонн орчим жинтэй чулуунуудыг зургаан үе дараалуулан тавьсан. Үүнийг цаашид хоёр орны эрдэмтэд нарийвчлан судалж судалгааныхаа дүгнэлтийг гаргана.

   БНСУ-ын Үндэсний музейд “Хааны эзэнт гүрэн-Монгол” тусгай үзэсгэлэнг зохион байгууллаа. Өргөн уудам нутгийг багтаасан эзэнт гүрнийг байгуулж Дорно-Өрнийг холбож өгсөн нүүдэлчдийн түүх, соёлыг энгийн байдлаар ойлгуулах үүднээс Хүннүгийн булшнаас олдсон грек-ромын домгийн бурхдын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг 500 гаруй үзмэр дэлгэн үзүүлсэн байна. Энэ нь манай улсаас Азийн орнуудад гаргасан анхны том үзэсгэлэн. Нийтдээ 60 гаруй мянган хүн энэ үзэсгэлэнг үзэж сонирхсон гэж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Н.Хишигт ярьж байна. Түүнчлэн Дани улсын Үндэсний музейд ирэх оны 4 дүгээр сарыг хүртэл гарах “Чингис хааны тал нутаг: Монголын нүүдэлчид” үзэсгэлэнг толилуулж байна. Үзэсгэлэнд Данийн нэрт аялагч Хеннинг Хаслундын 1920-1930-аад оны цуглуулгууд, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хээрийн судалгаагаар илэрч олдсон эд өлгийн зүйлсийг дэлгэн харуулсан гэж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Н.Хишигт ярьж байна.

Н.Хишигт: Аскард хотын Москард музей болж байгаа үзэсгэлэн. Тус үзэсгэлэн нь энэ оны 7-р сард нээлтээ хийгээд ирэх оны 4-р сар хүртэл үргэлжлэх юм. Энд Монголын түүх археологийн хүрээлэнгийн судалгаанд олдсон олдворуудаас гадна 1920-1930 оны үед манай улсад аялан явсан Данийн алдарт жуулчин Хенри Хаслондын гэрэл зургуудаас бүрдсэн үзвэрүүдийг олон нийтийн хүртээл болгосон. Нээлтийн үеэр Хенрий Хаслондын тухайн үед байсан гэр бүл хойч үе, Данийн Үндэстний музей болон холбогдох байгууллагуудын төлөөлөгчид, манай улсаас Дани улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид гээд нийтдээ 350 гаруй хүн хүрэлцэн ирсэн. Энэ нь Монголын дундад зууны түүх, ер нь Монголчуудын түүх болоод бидний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг олон улсад хэрхэн үнэлж байгаагийн илрэл байсан.

   Төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Ш.Нацагдорж-Эрдмийн бүтээлийн эмхтгэл” 10 ботийг гаргасан байна. Мөн академич Ж.Болдбаатар “Түүх гэгээн, ид хав нэвт их эрдэмтэн” нэгэн сэдэвт зохиолыг хэвлүүлж, МУИС-ийн багш, доктор С.Шаарийбуу “Нацаг багш” баримтат кино бүтээжээ. Түүнчлэн Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэн энэ ондоо амжилттай сайн ажиллаж байна. Гадаад хамтын ажиллагаагаар хээрийн судалгааны ажлаас гадна олон улсын нэрт эрдэмтдийг урьж цурвал лекц уншуулж, Монголын түүхийн соёлын өвийг сурвалжлан олох, хадгалагдаж байгаа музейтэй нь хамтран ажиллаж олон нийтийн хүртээл болгох тал дээр анхаарч ажиллаж байна.

Үзсэн: 168

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна