Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Нүүдэлчдийн аяга


Densmaa 2024-04-10 10:04

Монголчууд аягыг зөвхөн идээ ундаа хүртэх хэрэгсэл төдийхнөөр биш урлагийн бүтээл, эрүүл мэндээ хамгаалах чухал хэрэглэгдэхүүн болгон ашиглаж иржээ.

       Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас эхлэн хоол ундны зориулалттай сав суулгыг бүтээн өөрсдийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ, түүний ур хийцийг төгөлдөржүүлэн хөгжүүлж, бэлгэдлийн агуулга санааг шингээн ирсэн нь тухайн үндэстний түүх соёлын онцлогийг улам тодотгож байдаг. Монголчууд Хүннүгийн үеэс мөнгөн аяга хэрэглэж байсан түүхэн домог бий. Мөнгө нь аливаа өвчин үүсгэгч вирусийг устгаж, ариутгах чанартай гэдгийг монголчууд эртнээс мэдэж байжээ. Тиймээс өдөр тутмын хэрэглээ болсон аягаа мөнгөлж ирсэн. Хуучнаар Балдан засгийн хошуу одоогийн Өмнөговь аймгийн Сэврэй сумын мөнгөн эдлэлийн хийц болон мөнгөн аяга нь 100 гаруй жилийн түүхтэй, алдартай хийц юм. Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяганы дотор болон ёроол хэсгийг их орцтой мөнгөөр хийж, бүдүүн мөнгөн утсаар давхарлан хаж тавьж битүү бад хээгээр чимэглэн урласан байдгаараа онцлогтой. Ингэж урласан аяга орц ихтэй эдэлгээ сайтайгаас гадна дахин давтагдашгүй урлагийн бүтээл гэдгээрээ үнэ цэнтэйд тооцогддог байна. Энэ мэтчилэн монголчууд аяга хэмээх зүйлийг бүтээж хэрэглэж ирсэн баялаг түүхтэй гэдгийг МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор У.Эрдэнэбат ийнхүү ярилаа.

У.Эрдэнэбат: Монголчуудын эрт үеэс хэрэглэж байсан аяга савны түүхийг яривал их урт удаан зүйл болно. Энэ талаарх эртний баримтуудыг археологийн судалгааны үр дүнд илрүүлж олж байна. Шинэ чулуун зэвсгийн үеэс эхлээд хүмүүс шаврыг шатааж бэхжүүлж ваар савыг үйлдвэрлэх болсон. Энэ нь тухайн үеийн хүмүүсийн амьдралд маш том ахиц дэвшлийг бий болгосон. Ингээд хүмүүс өөрсдийн хүссэн хэв загвар, хэмжээгээр төрөл бүрийн сав суулгыг бүтээж эхэлжээ. Дундад зууны монголчуудын хувьд аяга савны хэрэглээ маш өндөр түвшинд хөгжсөн байна. Үүнийг дундад зууны монголчуудыг дүрсэлсэн уран зураг, хүн чулуун хөшөө, археологийн олдвор, тухайн үеийн сурвалж бичгээс олон төрлийн аяга сав суулгыг хэрэглэж байсан тухай мэдэж болох юм. Эдгээрийн нэг жишээ нь алт, мөнгөөр хийсэн цом хэлбэрийн хундага сав байдаг. Хүмүүсийн хамгийн түгээмэл мэддэг нь монголын эзэнт гүрний хүн чулуун хөшөөнд хөшөөний гарт нь тэрхүү хундага сав суулгыг гарт нь барьснаар дүрсэлсэн байдаг. Алт мөнгөөр хийсэн өндөр цомбон суурьтай хундагуудын биет олдворууд монгол болоод монголтой хөрш зэргэлдээ орнуудаас удаа дараагаар олдсон байдаг. Ер нь энэ савны хэлбэр бол 6-7-р зууны үед үүссэн байна. Үүний нэг нь хажуудаа чихтэй зарим судлаачдын хэлдгээр бүснээс зүүдэг аяга юм. Энэ аяганы хэлбэр бол монголчуудын соёлын нөлөөгөөр ази европын орнуудад тархсан байдаг. Түүнээс гадна цорготой аяга мөн байсан. Харин энгийн ардуудын дунд модон аяга зонхилж байсан.

      Түрүү хүрлийн үед холбогдох чулуун аяганаас эхлээд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан Монголын Эзэнт гүрний үед холбогдох модон болон шаазан аяганууд түүхийн үнэт олдвор болон хадгалагдаж байна. Аяга хэмээх хэрэгслийн тухай сонирхолтой баримт монголын түүх соёлын бичгийн сурвалжуудад олон таа тэмдэглэгдсэн байдаг. Тодруулбал, Монголын нууц товчоо, Сударын чуулган зэрэг бичгийн эх сурвалжуудад аяганы хэрэглээ, түүхийн талаар тэмдэглэн үлдээжээ. 

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Батболд: Монголын нууц товчоон дээр аягатай холбоотой хэд хэдэн сонирхолтой мэдээ гардаг. Тухайлбал, Тэмүүжин Жамухад гомдчихоод: хоёулаа бага байхдаа хэн нь эрт босоон нь Ван хааны цэнхэр жүнээс идээ хүртдэг байсан. Би эрт босоод түрүүлээд тэрийг хүртчихээр чи атаархдаг байсан. Харин одоо чи Ван хааны дэргэд наад хөх жүнээсээ дураараа хүрт гэсэн ийм харилцан яриа бий. Үүнийг ухаж үзэхэд одоо ч гэсэн монголчууд бурхан тахилдаа идээ будааныхаа дээжээс өдөр болгон өргөдөг. Өглөө эрт малд явж байгаа хүн урд өдрийн бурханд өргөсөн хоолны шүүсний дээжийг иддэг уламжлалтай. Энэ уламжлал одоо ч гэсэн бий. Энэ уламжлал 13-р зууны үес байсан боловуу гэж энэхүү бичгийн сурвалжаас үзэж болохоор байгаа юм. Мөн Сударын чуулган дээр хүнд хишиг хүртээх эсвэл орны их найранд өөрийн аягатайгаа орж ирэх ёстой тухай бичсэн байдаг. Хаан эзэн ямар нэгэн хүнд шагнал барихад алт, мөнгөн аяга таваг, эмээл, зэр зэвсэг зэрэг нь нэг цогц бэлэг болж хүргэгддэг тухай мөн олон бичгийн их сурвалжид тэмдэглэсэн байдаг.

     Монгол улсын музейд түүхийн аль ч цаг үед холбогдох, олон төрлийн материал ашиглан урласан хэдэн зуун аяга хадгалагдаж байна. Үүнд УГЗ, дархан Ш.Гүндийн 1946 онд урлаж, маршал Х.Чойбалсанд дурсгасан мөнгөн аяга, маанийн үсэгтэй гавал аяга, тахилын цар таваг, "Боо-Бао" эрдэнэ хэмээх манж бичигтэй хул аяга зэргийг дурдаж болно. Маршал Х.Чойбалсанд дурсгасан мөнгөн аяганы бөөрийг товойлгосон нэгэн ижил хэмжээтэй 24 бад зээ, 12 жилийн хооронд монгол бичгээр "6 дугаар хорооны ардуудаас Улсын шалгарсан маршал Чойбалсангийн 50 насны ойд дурсгав" хэмээн товойлгон бичсэн байдаг ажээ. Мөн Монгол төрийг 40 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал даргын хэрэглэж байсан гурван хос болор, мөнгөн таваг, хаан, хатан сүйхтэй хос халбага, сэрээ өдгөө хүртэл хадгалагдсаар байгаа юм. Эдгээр баримтаас үзэхэд нүүдэлчин монголчууд аяга хэмээх хэрэгслийг төрөл бүрийн зүйлээр урлаж, ур хийцийг нь улам төгөлдөржүүлсэн нь харагдаж буй гэж судлаач С.Бадрал хэллээ.

С.Бадрал: Цаг хугацаа явах тусам аяга хийдэг материал их өөрчлөгдсөн байдаг. Эхэн үедээ боржин болон занар чулуу байсан бол явц дундаа хаш, шүр зэрэг үнэт чулуугаар хийдэг болж сүүлдээ түүнийгээ илүү гоёмсог болгон алт, мөнгө, зэс хүрлээр урлах болжээ. Аяганд ямар нэгэн эрдэнийн зүйлийг эд хэрэглэл шингээж байгаа нь тэр хүний болон тухайн айлын буянтай холбоотой. Мөн зэрэг дэвийг нь тодотгож байдаг. Хүүхдэдээ мөн эрдэнийн зүйлтэй аяга хэрэглүүлэх нь үнэт эд зүйлтэй харьцуулж сургаж байгаа нарын ухаан юм.

     Аягатай холбоотой үг хэллэг, хэлц Монгол хэлэнд олон бий. Тухайлбал "Аяганы хариу өдөртөө Агтны хариу жилдээ", "Аяганы алгаас агтны алаг дээр", "Аягатай нь уудаг, адуутай нь туудаг" зэрэг аягыг эрхэмлэсэн утга бүхий зүйр цэцэн үг олонтаа. Үүнээс гадна монголчууд аягаа тусгай уутанд хийж, өөр бусдад дамжуулахгүй, зөвхөн өөрөө л унд хоолоо зооглодог нандин өмч нь байлаа. Хүн бүхэн өөр өөрийн оногдсон аягатай, арчиж цэвэрлэдэг алчууртай, түүнийгээ хийж явдаг аяганы ууттай байжээ. Өөрийн аягаа байнга авч яваад хол ойрын айлд очихдоо өврөөсөө аягаа гарган цай ууж, хоол идээд аягаа долоож, аяганыхаа алчуураар арчиж цэвэрлээд явдаг байсан. Аяга долоох нь амны хишгийг дууддаг, аягандаа үргэлж хүнстэй байхын бэлгэдэл болдог байна. Үүнээс үүдэн Амны хишиг нь хацарт нь тогтог Аяганы ерөөл нь дүүрэн байг гэж ерөөдөг байжээ. Нүүдэлчин монголчуудын дунд аливаа халдварт өвчин харьцангуй бага байсан нь цэвэр тунгалаг агаар ус, мөнхийн хөдөлгөөнтэй амьдралын хэв маягтай холбоотой боловч нөгөө талаасаа аяга халбаганы ариун цэврийг энгийн байдлаар тун өндөр үр дүнтэй сахидаг байсантай холбоотой биз ээ.

Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Туулцэцэг: Аягагүй хүн амгүй гэсэн хэлц үг бий. Аяга гэдэг нь хэрэглээ боловч нөгөө талаараа монголчуудын уламжлалт зан үйлийн бүх зүйлийг өөртөө шингээсэн байдаг. Хүүхэд төрөөд бор хоолонд орсон цагаас эхлэн тухайн хүүхдэд бор модон тагш бэлдэж өгдөг. Аяга бол хүний амьдралын бүхий л насанд хэрэглээ болж явсаар байгаад хамгийн сүүлд нь оршуулгын зан үйлд дагалдуулж оршуулдаг. Зарим тохиолдолд оршуулсан газарт нь аягатай идээ тавьдаг. Тэгэхээр хүн төрөхөөс эхлээд хойд насаа үзэх хүртэл нүүдэлчдийн амьдралд аяга гэдэг зүйл холбоотой байдаг. Мөн аяганы ёроол дээр эртний овог аймгуудын овгийн тамгыг дүрсэлсэн байдаг. Энэ нь тухайн үнэт эдлэлээр хийсэн аяга тэр овгийг хөрөнгө гэдгийг илтгэдэг байна. 

      Эрт цагаас хүн төрөлхтөн металлийг амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн, үүний дотор хамгийн ихээр хэрэглэдэг мөн эдэлгээ дааж байсан металл бол мөнгө юм. Монголчууд мөнгөөр эмээл, хазаар, бүсний тоног, хэт хутга, мөнгөн аяга, бөгж, ээмэг зэргийг урлаж хэрэглэж заншсан ард түмэн. Үүнээс хамгийн ихээр хэрэглэж заншсан нь мөнгөн аяга юм. Монголчуудын хувьд мөнгөн аяга нь зөвхөн хоол идэх зориулалттай байгаагүй эрүүл мэнд, амьдрал ахуй, буян хишгийг бэлгэддэг гэж үздэг байжээ. Мөнгөний бал нь амны хөндий, буйлны үрэвсэл, ходоод гэдэсний өвчнөөс хамгаалдаг гэдгийг эртний монголчууд мэддэг байсан тул монгол дархчууд мөнгөн аяга, халбага, сэрээг ихээр хийдэг болсон байна. Монгол уран дархны урлал өрсөлдөөн ихтэй болж Монгол Их хүрээний алт урлал, Сайн ноён аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ган хийц, Түшээт хан аймгийн Боржигон, Батноров, Ноёнсэврэй хийц, Ар гөрөөчний хэт хутгачин, Дарьгангын утсан сүлжмэл, Долнуур, Ханхөхий, Буриад, Арчуул, Авдар баян хийц зэрэг хийцүүдтэй болж эдгээрээс нутаг усандаа дэг уламжлалаа өвлүүлэн өөрийн өвөрмөц ур хийцээрээ алдаршиж байсан түүхтэй. Эдгээр хийцүүдээс Дарьганга, Боржигон, Батноров, Ноён сэврээ хийцүүд нь мөнгөн  аягаараа алдартай гэдгийг Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Туулцэцэг хэллээ. 

Ч.Туулцэцэг: Монголчууд модон аяганы хэрэглээг уртасгах зорилгоор амсрыг нь мөнгөлөх, гуйл, зэсээр чимэглэх болсон. Энэ нь урлал явсаар байгаад хожим хойно бие даасан мөнгөн аяганы урлал болжээ. Ийнхүү монголчууд өөрсдийн хэрэглэдэг аягыг урлал болгон хөгжүүлж чадсан нь хүн төрөлхтний аяганы түүхэнд оруулсан томоохон хувь нэмэр гэж үзэж болно. Нутаг нутгийн дархчууд өөрийн нутгийнхаа хэв шинж, дархлах урлалын онцлог, дархчуудын хийц дэг сургуулийг мөнгөн аяган дээр хамгийн тод томруунаар дүрсэлсэн байдаг. Мөнгөн аягаараа хамгийн алдартай газар бол яах аргагүй ноён сэврэй хийц. Дээр нь Дарьгангын урчуудын бий болгосон хийц, боржигон халхчуудын бий болгосон хийц, Батноров хийц гэх зэрэг олон хийцүүд байдаг. Нутаг нутгийн хийц гэдэг бол өөр өөрийн онцлогтой, ур хийцээрээ өөр өөр байдаг. Бидний сайн мэдэх ноён сэврээ хийц бол хэрэглээ талыг  илүүтэй барьсан байдаг. Тодруулбал, ноён сэврэй хийцийн аяга мөнгөний орц ихтэй. Тэр тусмаа аяганы ёроол хэсэгт мөнгийг ихээр хийж, гурван давхар бугуйвчилж өгдөг. Ингэснээр аяганы хүндийн төвийг ёроолд нь төвлөрүүлж буй хэрэг юм. Харин дарьганга хийцийн аяга бол мөнгө бага орсон байдаг. Гэхдээ хээ угалзыг маш гоёмсгоор урлаж ингэхдээ хагалах, хөөх зэрэг олон янзын арга барилыг ашигласан байдгаараа онцлогтой. Мөн аяган дээр урласан дүрсээ алтаар шармаллах, зарим тохиолдолд өнгийн паалангаар тодруулж гаргадаг. Дарьганга хийцийн бас нэг онцлог нь аяганы ёроол хэсэгт дөрвөн хүчтэн эсвэл таван хошуу малыг дүрсийг урладаг. Ингэхдээ хөдөлгөөнтэйгөөр дүрсэлдэг. Боржигон хийцийн тухайд мөнгөний орцыг мөн ихээр оруулдаг. Ингэхдээ Монгол дарханы хөөмлийн аргыг ашигладгаараа онцлогтой.

     Дарьгангын дархчууд мөнгөн аяганд ур ухаанаа уралдуулдаг. Энэ хийцийн  онцлог нь мөнгө бага оруулж хээ, чимгийг наана цаана нь гурваас дөрвөн давхар цохиж хийдгээрээ онцлог. Дарьганга хийцийн аяга нь бөөрөндөө ханан хээ, ёроолдоо үүлэн хээ, дунд хэсэгтээ луун хээгээр чимэглэсэн байх нь түгээмэл бөгөөд луун болон ханан хээг хөдөлгөөнтэй дүрсэлдэг байсан нь элбэг дэлбэг амьдрахын бэлгэдэл юм.

Харин боржигон хийц нь Хүннүгийн сурвалжит хийц бөгөөд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн урчууд өвлөн авчээ. Хэнтий аймаг л гэхэд Батноров сумын Тожил, Чоймбол зэрэг ур хийцээрээ гайхуулсан алдартай урчуудтай байсан. Батноров хийцийн аяга нь амсартаа утас гүйлгэсэн, ёроол нь мөнх дэлгэрч явахын бэлгэдэл бадамлянхуа цэцэг, цувраа бадарсан болон эвэрт, нөмөрт угалзуудыг давхарлан маш нарийн цутгаж урладаг байж. Батноров хийцийн аяганы бөөрний ирмэгийг бадам цэцгийн дэлбээ, усан долгио, үүлэн хээгээр хүрээлэн хаждаг байснаараа онцлогтой.

Ийнхүү монголчууд аягыг зөвхөн идээ ундаа хүртэх хэрэгсэл төдийхнөөр биш урлагийн бүтээл, эрүүл мэндээ хамгаалах чухал хэрэглэгдэхүүн болгон ашиглаж иржээ. Эрт үеэс уламжлан ирсэн мөнгөн аяганы соёл, ур хийцийн нандин ухааныг одоо хүртэл хадгалан үлдэхээс гадна хойч үедээ өвлүүлэн үлдээсээр байгаа нь гайхамшигтай.

Үзсэн: 1869

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна