Зураач, урлаг судлаач П.Байгаль “Дээд эс” уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна
Үзэсгэлэн нь Монголын уламжлалт бэлгэдэл, буддын шашны мандлын гүн ухаан, нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзлийг орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр эргэцүүлэн илэрхийлсэн уран бүтээлийн цогц юм
Зураач, урлаг судлаач П.Байгаль “Дээд эс” уран бүтээлийн зургаа дахь бие даасан үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ. Энэхүү үзэсгэлэн нь Монголын уламжлалт бэлгэдэл, буддын шашны мандлын гүн ухаан, нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзлийг орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр эргэцүүлэн илэрхийлсэн уран бүтээлийн цогц юм. Мөн уламжлалт монгол сэтгэлгээний өвийг орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр дахин тайлбарлахын зэрэгцээ урлагийн бүтээлийг олон утгат, нээлттэй эргэцүүллийн орон зай болгож буйгаараа онцлогтой. Нээлтийн үеэр “Дээд эс” хэмээх нэр нь хүний оршихуйн мөн чанар, оюун санааны дээд түвшин, үл үзэгдэх атлаа оршихуйн гүнд оршдог хүч, эрчим, холбоо хамаарлыг эрэн шинжлэх уран бүтээлчийн сэтгэлгээтэй холбогдож байна. “Дээд эс” бол оршихуйн гүнд нэвтрэх, дотоод төвөө эрэх, уламжлалт өвийн утга агуулгыг өнөө цагийн сэтгэлгээгээр дахин нээх боломжтойг зураач П.Байгаль тодотгов. Тэрбээр үзэсгэлэндээ 50 гаруй уран болон зураасан зураг, төмөр барын 25 бүтээлээ дэлгэжээ. Түүний бүтээлүүдэд мандал нь зөвхөн шашин, зан үйлийн дүрслэл бус, харин орчлон ертөнцийн бүтэц, дотоод төв, эмх цэгц, бүхний харилцан шүтэлцээг илэрхийлэх сэтгэлгээний орон зай болон хувирчээ. Тэрбээр уламжлалт дүрслэлийн бэлгэдлийг шууд давтахын оронд геометрийн хэлбэр, хэмнэл, өнгө, орон зайн харилцаагаар дамжуулан өөрийн уран сайхны ертөнцийг бүтээж буйг энэхүү үзэсгэлэнгээс үзэх боломжтой.
Үзсэн: 112
Tweet