Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Хоёр талын худалдааны эргэлт одоогоор 100 сая ам.долларт хүрээд байна
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны гол механизм болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдааныг тус улсын талаас тэргүүлж буй эрхэмтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн өнгөрсөн намар тус улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноос хойших анхны өндөр түвшний айлчлал байсан гэдгийг онцлон тэмдэглэлээ. Улмаар тус улсын Үндэсний Ассамблейн даргын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга ирэх жил албан ёсны айлчлал хийхээр болсноо дурдаад, энэ хүрээнд Вьетнам Улсын эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болоод буй шинжлэх ухаан, технологи, инновац, дижитал болон ногоон шилжилтийн бодит ололт амжилттай танилцаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцоно гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ. Хоёр талын худалдааны эргэлт одоогоор 100 сая ам.долларт хүрээд байгааг Улсын Их Хурлын дарга тодотгоод, тус улсын аж үйлдвэрийн салбараа эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн паркууд байгуулан бараа, бүтээгдэхүүнээ амжилттай экспортолж буй туршлагад тулгуурлан хөдөө аж ахуйн салбар, ялангуяа газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах, экспортлох асуудалд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарал тавьж ажиллахыг хүслээ.
Үзсэн: 619
Tweet