Бернийн их сургуулийн номын сан дахь монгол бичвэр
Монголын оюуны болон бичгийн соёлын өвийг эх нутагт нь хадгалах, хамгаалах, судлах боломжийг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол, Швейцарын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны бодит үр дүн болж байна
Швейцарын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор хоёр бичвэрийг Монгол Улсад буцаан шилжүүлэх ёслол Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа ЭСЯ-нд болов. Дээрх үнэт бичвэрийг буцаахад Бернийн их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар Пауленц үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд түүний монгол судлалын чиглэлээр хийсэн олон жилийн судалгаа, шинжилгээ, мөн Бернийн их сургуулиас гаргасан албан ёсны шийдвэрийн үр дүнд Монголд илгээх боломж ийнхүү бүрджээ. Эхний бичвэр нь XVII зууны эхэн үеийн гар бичмэл бөгөөд Төвөдийн их бясалгагч, яруу найрагч Миларайбын “Зуун мянган дуу” зохиолын монгол орчуулга болно. Энэхүү орчуулгыг Сэрэгэтү гүүш цорж хэмээх нэрт лам Түмэдийн нөлөө бүхий ноён Онбо хунтайжийн захиалгаар хийсэн бөгөөд гар бичмэлийн төгсгөлийн тэмдэглэлд дурдсанаар 1615 он орчимд орчуулагдсан байх магадлалтай. Хоёр дахь бичвэр нь 1716 онд Бээжинд уламжлалт модон хэвлэлээр хэвлэгдсэн, монгол бичгээрх Гэсэрийн баатарлаг туульсын ховор эх юм. Уг хэвлэмэл нь туульсын 1-3 болон 5-7 дугаар бүлгийг багтаасан бүрэн бус хувилбар боловч монголын баатарлаг тууль, аман болон бичгийн уламжлалын түүхийг судлахад онцгой үнэ цэнтэй ажээ. Энэхүү буцаалт нь монголын оюуны болон бичгийн соёлын өвийг эх нутагт нь хадгалах, хамгаалах, судлах боломжийг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол, Швейцарын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны бодит үр дүн болж байна.
Үзсэн: 18
Tweet