Улаанбаатар–Шинэ Дели чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Улаанбаатар–Шинэ Дели чиглэлийн шууд нислэг 2026 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс эхэллээ.
Монголын “Хүннү Эйр” компанийн гүйцэтгэж буй шинэ чиглэлийн анхны нислэг өнөөдөр Энэтхэгийн Шинэ Дели хотын Индира Гандигийн олон улсын нисэх онгоцны буудлын Т3 терминалд 07:20 цагт газардсан бол буцах нислэг Шинэ Дели хотоос 16:37 цагт Улаанбаатарын чиглэлд хөөрчээ. Уг нислэгийг долоо хоног бүрийн даваа гарагт үйлдэх бөгөөд хоёр хотын хоорондох нислэгийн хугацаа таван цаг байна. Ингэснээр өмнө нь Хонконг, Бээжин, Инчон зэрэг хотод дамжин нисэхэд 13–18 цаг зарцуулдаг байсан аяллын хугацаа эрс богиносож байна. Шууд нислэг үйлдэж эхэлснээр Монгол, Энэтхэгийн хоорондын аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломж нэмэгдэж байна. Тухайлбал, Монголоос Энэтхэг рүү Буддын шашны түүх, соёлын өвтэй холбоотой аялал жуулчлалыг хөгжүүлэх, харин Энэтхэгээс Монголыг зорих эрүүл мэндийн болон өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд шинэ нислэг чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Энэтхэгийн жуулчид Монголын байгалийн үзэсгэлэнт газар, түүх, соёлын өвтэй танилцах боломжийг жилийн турш ашиглах нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн ачаа тээврийг илүү хурдан, зардал багатайгаар тээвэрлэх боломж бүрдсэнээр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд түлхэц үзүүлэхээр байна.
Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг нээх тухай санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-д 2025 оны аравдугаар сард хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой Хайдарабад хауст хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр анх зарласан юм. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве, “Хүннү Эйр” компанийн Гүйцэтгэх захирал Мөнхжаргал нар холбогдох байгууллага, талуудтай хамтран ажилласны үр дүнд энэхүү шууд нислэгийг ийнхүү эхлүүлж байна. Энэтхэгийн Элчин сайдын яамнаас шууд нислэгийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Энэтхэгийн Иргэний нисэхийн ерөнхий газар (DGCA), Монгол Улсын Зам, тээврийн яам болон бусад холбогдох байгууллагад талархал илэрхийлжээ.
Үзсэн: 63
Tweet