"Дилав хутагт ба Оуэн Латтимор"
“Дилав хутагт ба Оуэн Латтимор: Тив дамнасан өв” үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
XX зууны эхэн үеийн Монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, олон улсын ээдрээт харилцааны огтлолцолд нэрээ үлдээсэн эрхмүүдийн нэг бол төр, шашны нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжав юм. Түүний амьдрал, үйл хэрэг нь зөвхөн шашны хүрээнд бус, Монголын гадаад бодлого, тусгаар тогтнолын төлөөх дипломат тэмцэлтэй салшгүй холбоотой байсныг Дилав хутагтын өөрийн дурсамж, болон Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтиморын бүтээлүүдээс харж болно.
Элчин сайд, түүхийн ухааны доктор Р.Болд “Дилова хутагт ба түүний Их тоглолт” бүтээлдээ Дилав хутагтыг XX зууны эхэн үеийн Монголын геополитикийн эгзэгтэй цаг үед их гүрнүүдийн ашиг сонирхлын огтлолцолд үндэсний тусгаар тогтнолын төлөө оюун санаа, дипломат арга ухаанаар тэмцсэн түүхэн зүтгэлтэн хэмээн тодорхойлсон байдаг.
Тэгвэл Дилав хутагтын дурсамжаас Монголын төр, шашны зүтгэлтнүүд тусгаар тогтнолоо бататгахын тулд олон улсын нөхцөл байдлыг хэрхэн тооцоолж байсныг харж болно.
Энэ бүхнийг өрнө дахинд шинжлэх ухааны эргэлтэд оруулсан хүн бол нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор юм. Тэрээр Монголын түүх, улс төр, үндэсний үзлийг судалсан бүтээлүүдээрээ Монголын асуудлыг дэлхийн дахинд таниулж, Дилав хутагтын намтар дурсамжийг хэвлүүлснээр түүхэн үнэ цэнтэй өвийг олон улсад хүргэсэн юм. Латтиморын судалгаанд Монголын тусгаар тогтнол бол зөвхөн бүс нутгийн асуудал бус, Азийн геополитикийн чухал зангилаа хэмээн үздэг.
Дилав хутагт, Оуэн Латтимор хоёрын нөхөрлөл нь хоёр өөр соёл, хоёр өөр цаг үеийг холбосон төдийгүй Монгол, Америкийн оюуны харилцааны түүхэн гүүр болсон юм. Нэг нь Монголын тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн дотоодын зүтгэлтэн, нөгөө нь түүнийг дэлхийд таниулсан гадаадын эрдэмтэн байлаа.

Өнөөдөр Америкийн Монгол судлалын төв, Дилав хутагт сангийн санаачилгаар “Дилав хутагт ба Оуэн Латиммор: Тив дамнасан өв” төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь төр, шашны нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжав болон Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латиммор нарын нөхөрлөл, ажил амьдрал, хамтын ажиллагаа, түүхэн өвөөр дамжуулан Монгол Улс, АНУ-ын төр, шашин, боловсрол, соёлын харилцааны гүн гүнзгий холбоог олон нийтэд таниулан сурталчлах зорилготой юм. Мөн монгол судлалын шинэ үеийн судалгааг дэмжих, залуу судлаачдад эх хэрэглэгдэхүүний өргөн боломж нээж буйгаараа онцгой ач холбогдолтой юм.
Төслийн хүрээнд “Дилав хутагт ба Оуэн Латиммор: Тив дамнасан өв” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Монгол Улсын Үндэсний номын сан, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архив, Завхан аймгийн музей, мөн АНУ-ын Конгрессийн номын сан, Харвард, Йэл, Жонн Хопкинс, Пеннсилванийн их сургуулийн сан хөмрөгөөс цуглуулсан архивын баримт, захидал, гэрэл зураг, гар бичмэл, түүхэн эх сурвалжуудыг олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог болж байна.
Америкийн Монгол судлалын төвийн Суурин захирал М.Даваасүрэн энэ талаар “Оуэн Латтиморын гэр бүлээс хандивласан ховор гэрэл зургийн цуглуулгаас энэхүү төслийн эхлэл тавигдсан. Улмаар энэ нь Монгол, Америкийн эрдэм шинжилгээ, соёлын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах цогц төсөл болон өргөжсөн” гэдгийг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцолж байлаа. Энэ тухай Америкийн Монгол судлалын төвийн Суурин захирал М.Даваасүрэнгийн ярианд анхаарлаа хандуулна уу.
М.Даваасүрэн: 2024 онд нэрт монгол судлаач Оуэн Латтимор гуайн гэр бүлээс ховор нандин гэрэл зургийг манай төвд хандивласан. Энэ нандин гэрэл зургийг гэр бүлдээ хадгалахаас илүүтэй, олны хүртээл болгох нь зүйтэй гэж тэд үзсэн. Тэдгээр зураг нь манай орны XX зууны түүх, орчин ахуй, аж байдалтай холбоотой маш гайхалтай зургууд байсан. Монгол судлаач Оуэн Латтимор болон хүү Дэвид Латтимор нар маш сайн гэрэл зурагчид байсан. Тэр хүмүүсийн гэрэл зургийн дуранд буусан XX зууны монголын тухай зургууд мөн эрдэмтэн мэргэд, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуайн зураг хүртэл байсан. Эдгээр зургаар эхний хоёр цомгийг гаргасан. Удаах цомогт Оуэн Латтимор гуайн Дилав хутагттай нөхөрлөж байсан, багш шавийн барилдлагатай байсан, цаашлах юм бол Дилав хутагт Оуэн Латтимор гуайн ганц хүүгийнх нь загалмайлсан эцэг, гэр бүлийн нандин холбоо, Америк дахь энэ хоёр эрхэм хүний үүсгэсэн үйл хэргүүдийг харуулсан ховор нандин зургууд байсан. Ихэнх нь олон нийтэд түгээгүй, оригинал гэрэл зураг байсан.
“Дилав хутагт ба Оуэн Латиммор: Тив дамнасан өв” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайс Дилав хутагт Б.Жамсранжавын эдэлж хэрэглэж байгаад хожим Латтиморын гэр бүлд өвлүүлсэн эрхэм нандин өв болох шар манан хөөргийг Монголын ард түмэнд хүлээлгэн өгч, Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт шилжүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Үе улиран уламжилсан үнэт өвийг үзэсгэлэнгийн төв танхимд хүндэтгэлтэйгээр залж, олны хүртээл болгож байна. Тус үзэсгэлэн 6 сарын 12-ныг хүртэл үргэлжлэх юм.

Үзэсгэлэнгийн зэрэгцээ “Хутагт, Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын Үндэсний Музейд боллоо. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, АНУ, Их Британи, Япон улсын монгол судлалын тэргүүлэх эрдэмтэн, судлаач оролцож, илтгэл хэлэлцүүллээ. Хуралд Монголын талаас элчин сайд, түүхийн ухааны доктор Р.Болд, академич Ц.Батбаяр, төрийн соёрхолт түүхч О.Батсайхан, доктор М.Саруул-Эрдэнэ нар илтгэл хэлэлцүүлсэн бол АНУ-аас профессор Кристофер Этвүүд, мөн Оуэн Латтиморын ач охин Анн Латтимор Прайс оролцлоо. Түүнчлэн Их Британиас профессор Каролин Хампри, Японоос профессор Тоба Байгаль болон олон орны монгол судлаачид илтгэлээр оролцсон юм.
Эрдэм шинжилгээний хурлын нээлтийн илтгэлийг Элчин сайд, доктор Р.Болд “Дилова хутагт ба түүний ‘Их тоглолт’” сэдвээр тавьж, хоёр их хүний амьдрал, түүхэн оролцоо, XX зууны Монголын хувь заяатай холбогдох чухал баримтуудыг танилцуулсан бол хоёр дахь өдрийн хурлыг АНУ-ын Конгрессын номын санч, доктор М.Саруул-Эрдэнэ “Дилова хутагт соён гэгээрүүлэгч болох нь: Хутагтын АНУ дахь үйл хэрэг” сэдэвт илтгэлээр эхлүүлсэн юм. Одоо та бүхэнд түүний яриаг хүргэе.
М.Саруул-Эрдэнэ: Орчин үеийн гадаад бодлого дээр хэлэх юм юу вэ гэвэл Дилав хутагт бол гуравдагч хөршийг эрэлхийсэн анхдагч нарын нэг. Богд хаант засгийн үед Богд хаан өөрөө гуравдагч хөршийг эрэлхийлж байсан. Богд хаант засгийн үед Дилав хутагт Эбэрхардт, Сокобин нартай уулзаж, Америктай холбоо тогтоохыг оролдож байсан. 1932 онд Монголоос гарч Бээжинд ирэнгүүтээ АНУ-ын Элчин рүү захидал бичиж байсан. Тэр захидал нь одоог хүртэл хадгалагдаж байна. Тэрээр үргэлжлүүлээд Латтимороор дамжуулан АНУ-ын төр засагт "Монголыг анхаараачээ" гэсэн асуудлыг тавьж байсан. Өөрөөр хэлбэл гуравдагч хөршийг эрэлхийлж байсан анхны хүмүүсийн нэг. Гэхдээ тэр үед гуравдагч хөрш байтугай цаг үе хэцүү байсан. Түүний санаа хэдийгээр бүтээгүй боловч Америкт Монголыг таниулсан нөлөө нь маш чухал байсан юм. Монгол улс, монгол хүн, монгол соёл, хэлийг Америкт таниулж, баруунд Монголыг тодотгож өгсөн хүн. Тиймээс гадаад бодлогод чухал нөлөөтэй хүн байсан.
Доктор М. Саруул-Эрдэнэ энэ удаагийн “Дилав хутагт ба Оуэн Латиммор: Тив дамнасан өв” тусгай үзэсгэлэнд өөрийн хувийн цуглуулгаа дэлгэн үзүүлснээрээ онцлог байлаа. Үргэлжлүүлээд бид түүнээс Дилав хутагттай холбоотой хувийн цуглуулгынх нь талаар асууж сонирхсон юм.
М.Саруул-Эрдэнэ: Энэ хутагтын томруулдаг шил нь байна. Үүнийг надад хутагтын бүх өвийг хадгалж буй Жамцын Палжий ах дурсгаж байсан юм. Үүнээс өмнө нэгэн сонин түүх болсон. Би хутагтын зохиол бүтээл захидал занааг судлаад явж байсан чинь зүүдэлсэн. Хутагт шавь нартаа хэлж байх юм. Би тэр дунд сууж байна. Намайг үгүй болох үед миний шарилыг чандарлаад, чандраараа толь хийдэг чулуутай нийлүүлээрэй. Тэгээд тэрүүгээр толь хийгээд толинд өөрийгөө харахаас гадна намайг бас харж байгаарай гэж зүүдэлж байсан. Намайг давхар хараарай. Толь гээд ямар сонин зүүд вэ гэж бодож байсан. Тэгээд удалгүй хутагтын нүдний толь надад ирсэн. Их билэгшээж явдаг.
Нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор Дилав хутагт Жамсранжавын гар бичмэл, захидлуудыг АНУ-ын Конгрессын номын санд хадгалуулахаар илгээснээс хойш далд хөмрөгт он удаан хадгалагдаж байсныг доктор М.Саруул-Эрдэнэ ном болгон хэвлүүлж, олон нийтэд танилцуулсан юм. Тэрээр Хутагтын гар бичмэлүүдийг монгол бичгээс кирилл үсэгт буулган, захидлуудад дурдагдаж буй нэрс, зарим тодорхойгүй үгсэд тайлбар зүүлт хийн хэвлүүлсэн нь Дилав хутагтын өв, үйл хэргийг түгээн сурталчлахад чухал ач холбогдлоо өгснийг судлаачид онцолж байлаа.
“Хутагт, Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын эрдэм шинжилгээний хурлаар Дилав хутагт Б. Жамсранжав нь төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн байсныг онцолсон олон илтгэл хэлэлцүүлсний нэг нь төрийн соёрхолт түүхч, доктор О.Батсайхан байлаа. Одоо түүний ярианд анхаарлаа хандуулна уу.
О.Батсайхан: 1965 он хүртэл бурхны шашныхаа төлөө зүтгэх, монголын түүх соёлыг гадаад ертөнцөд түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна гэдэг нь тодорхой харагдана. 1963 онд Америкийн монгол судлалын нийгэмлэгийн хурал болоод 1961 онд Монгол улсыг НҮБ-д элсэхэд ажиглах статустай газар нь сууж байсан. Монгол улсыг НҮБ-д элслээ гэнгүүт нь алга ташиж, сэтгэлээ барьж дийлэхгүй баярлаж байсан гэсэн мэдээ бий. 1963 онд Америкийн монгол судлалын анхны хурал болсон. Тэрний дараах хүлээн авалт дээр зөвлөх Дашцэрэн гуайтай уулзаад Монголынхоо тухай асууж сонирхож, "Би бүхий л амьдралаа Монгол гэсэн нэрийг хугалахгүй гэсэн юм даа гэж, бүхий л амьдралаа Монголын төлөө зориулсан шүү" гэжээ.
“Дилав хутагт ба Оуэн Латиммор: Тив дамнасан өв” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа Дилав хутагт сан нь Монголын нэрт шашин, түүх, соёлын зүтгэлтэн Дилав хутагтын өв, сургаал, намтар түүхийг судлах, хадгалан хамгаалах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Бид Дилан хутагт сангийн тэргүүн Дилав хутагт Данзанламэд-тэй уулзаж сангийн үйл ажиллагааны талаар асууж сонирхсон юм.
Дилав хутагт Данзанламэд: Манай сан Монгол улсад бүртгэлтэй, боловсролын болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Олон хүн “Дилав хутагт сан”-г шашны байгууллага гэж ойлгодог. Гэвч бид шашны үйл ажиллагаа явуулдаггүй, харин олон нийтэд чиглэсэн боловсролын байгууллага юм. Бид үндсэндээ хоёр төрлийн сургалт явуулдаг. Нэгдүгээрт, Танин мэдэхүйд суурилсан энэрэнгүй сэтгэлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ сургалтыг Эмори их сургуулийн олон жилийн шинжлэх ухааны судалгаа, туршилтад үндэслэн боловсруулсан. Энэхүү сургалт нь энэрэнгүй сэтгэлийг хүний давуу чанар болгон хөгжүүлж, түүнийг ажил дээрээ, гэр бүлдээ болон өдөр тутмын амьдралдаа хэрхэн бодитоор хэрэгжүүлэхийг заадаг. Хоёрдугаарт, бид сэтгэл хөдлөлийн оюун ухаан, шашнаас ангид ёс зүй, мэргэн ухаантай холбоотой номуудыг орчуулах ажлыг хийдэг. Эдгээр нь уламжлалт буддын шашны ном биш, харин хүний оюун санаа, сэтгэлгээ, ёс суртахууны тухай орчин үеийн, нийтэд хүртээмжтэй агуулгатай бүтээлүүд юм. Саяхан бид “The Universe in a Single Atom” хэмээх номыг гаргасан. Энэхүү номыг Далай лам бичсэн бөгөөд шашны сургаалын тухай гэхээсээ илүү шинжлэх ухаан ба хүний оюун санааны харилцан хамаарлын талаар өгүүлдэг. Гуравдугаарт, бид нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг. Манай хэрэгжүүлж буй томоохон хөтөлбөрийн нэг нь сүрьеэ өвчнийг устгах хөтөлбөр юм. Бидний зорилго бол Монгол Улсад сүрьеэ өвчнийг бүрэн устгахад хувь нэмэр оруулах явдал. Өнгөрсөн жил бид энэ хөтөлбөрөө Завхан аймагт эхлүүлсэн. Завхан аймаг нийтдээ ойролцоогоор 70,000 хүн амтай тул бид ойрын 4–5 жилийн хугацаанд сүрьеэг бүрэн устгах боломжтой гэж үзэж байна. Хэрэв энэ төсөл Завханд амжилттай хэрэгжвэл бусад аймагт үе шаттайгаар нэвтрүүлж, цаашдаа үндэсний хэмжээний хөтөлбөр болгох зорилготой. Эдгээр нь бидний төвлөрөн ажилладаг гол гурван чиглэл юм. Үүнээс гадна бид хүмүүнлэг, буяны олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн бидний зохион байгуулж буй энэхүү симпозиум нь боловсрол, олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой томоохон ажлын нэг хэсэг юм. Энэ нь мэдлэг түгээх, олон нийтийн ухамсрыг дээшлүүлэх үйл ажиллагааны маань чухал бүрэлдэхүүн хэсэг билээ.

Дилав хутагт Б.Жамсранжавын эх орныхоо тусгаар тогтнол, соёлын дархлааг хамгаалан үлдээхийн төлөөх үйл хэрэг, түүнийг дэлхийн шинжлэх ухааны тавцанд таниулсан Оуэн Латтиморын судалгааны өв нь цаг хугацаа, тив дэлхийг дамнан өнөөдөр ч Монголын түүх, гадаад харилцаа, монгол судлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр болсоор байна.
Энэхүү үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал нь өнгөрснөө эргэн дурсах төдий бус, ирээдүй үеийн судлаачдад түүхийн эх сурвалжийг шинээр нээж, Монголын тухай мэдлэгийг дэлхий дахинд улам бататган түгээх гүүр болж буйгаараа онцлог юм. Өв соёлоо хадгалан хамгаалж, түүхэн үнэнийг шинжлэх ухааны үндэстэйгээр судалж, олон улсын хамтын ажиллагаагаар улам баяжуулж чадвал Дилав хутагт, Оуэн Латтимор нарын үлдээсэн тив дамнасан өв ирээдүй хойч үед ч гэрэлтэн үлдэх нь гарцаагүй.
Өнгөрсөн түүхээ танин мэдэж, өв соёлоо эрхэмлэн хамгаалах нь улс түмнүүдийн харилцан ойлголцол, хамтын хөгжлийн бат бөх гүүр болсоор байх болно.
Үзсэн: 7657
Tweet