“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна
Энэ удаа Италийн сонгодог урлагийн бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэж байгаа нь хоёр орны соёлын хамтын ажиллагааны үргэлжлэл хэмээн онцоллоо
Чингис хаан Үндэсний музей Италийн Ром хотын Боргезе галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд Сэргэн мандалтын үеийн суут зураач Рафаэль Сантигийн “Хөрөг”, XVII зууны Барокко урлагийн нэрт төлөөлөгч Жиан Лоренцо Бернинигийн “Нептун” бүтээлийг эх хувиар нь дэлгэн үзүүлэх юм. Эдгээр бүтээл Монголд төдийгүй Азид анх удаа дэлгэгдэж байна. Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун "Бернини болон Монголын нэрт уран барималч Өндөр гэгээн Занабазар нар нэгэн цаг үед амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан. Бид энэ онд Занабазарын бүтээлүүдийг Италийн Ром, Турин хотод танилцуулсан. Харин энэ удаа Италийн сонгодог урлагийн бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэж байгаа нь хоёр орны соёлын хамтын ажиллагааны үргэлжлэл" хэмээн онцоллоо.
Үзсэн: 1021
Tweet