Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол төрийн уртын дуу- "Дуртмал сайхан"


Battsetseg 2017-06-02 05:06

М. Дорждагва: Монголчуудын энэрэнгүй соёлын нууцлаг төрөл зүйлийн сор болсон нэгэн өв бол “Дуртмал сайхан” юм.

    Монгол төрийн есөн айзам уртын дуунд багтсан “Дуртмал сайхан“ дууг онцолж байна.  “Дуртмал” гэдэг үг нь гарал үүсэл, гоо зүйн талаасаа нарны сайхан өнгө, гэрэл гэсэн утгаар хэлсэн байж болох талтай хэмээн судлаачид үзэж байна. Энэ дууг Говь-Алтай, Завхан, Ховд, Увс зэрэг аймагт “Зээ Дуртмал” гэдэг байжээ. Харин одоо үед “Дуртмал сайхан” хэмээн нэрлэх болсон. “Дуртмал сайхан” дуу нь XIX зуун XX зууны эхэн үе хүртэл баруун халх хийгээд Засагт хан аймгийн хүндэтгэлийн найр наадамд дуулдаг байж. Үүсэл гарвалын хувьд  3,4  зуун жилийн өмнө үүссэн байх магадлалтай.  Энэ дуунд Дуртмал сайхан нарны өнгөтэй тунамал өгүүлэшгүй соёмбо сүлд тэмдэг минь гэж бий. Энэ  мөртөөс нь үзвэл соёмбо үсэг үүссэнтэй холбоотойгоор гарсан  байх  магдлалтай гэсэн таамаглалыг Соёл урлагийн их сургуулийн багш, уртын дуучин  Батболд дэвшүүлж байна.

    Б.Батболд: Цаг үетэйгээ холбоотой богд, шажин төр гээд өөрчлөгдсөн байдаг. Мөн тунамал өгүүлэшгүй хань минь гэж хань ижлийнхээ тухай дуулсан. 1936  улс хувьсгалын 15 жилийн ойгоор дуулж байсан. Чойбалсан гуай нутаг нутгийн алдартай дуучдыг авч ирж дуулуулжээ. Дуучид хоорондоо мэддэг дуугаа  солилцож бие биедээ заасан гэдэг. Тэгэхэд  Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул Гэлэнхүүгийн Поврон гэдэг  алдарт дуучин   Жагзавын Дорждагва гуай зэрэг уртын дуучдад заажээ. “Дуртмал сайхан” дуу бол уртын дуучид дотроо хамгийн цараатай хоёр октав кварт гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2 метр 40 санж гэсэн үг. Энэ бол маш өргөн.  Хэрвээ доошоогоо өнгө хүрэхгүй бол дээшлүүлээд дуулбал дээд талын өнгө нь хүрэхгүй.  Энэ дууг давж гарсан дуу бол монгол утын дуу дотор байхгүй.  Уртын дуучдын чадал чансаа, хүч тэнхээ, хоолойг шалгадаг ийм дуу.

      “Дуртмал сайхан” нь Монгол Төрийн сүр жавхланг бэлгэдэхийн сацуу дорно дахины уламжлалт таван мэдрэхүйн онол, ухагдахууны зарчмыг агуулгадаа тусгажээ. Өөрөөр хэлбэл дорно дахины гүн ухааны таван мэдрэхүйн онолыг яруу найргаас нь анзаарч болно гэж  Нүүдлийн соёл иргэншилийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан уртын дуу судлаач, уртын дуучин Мягмарсүрэнгийн Дорждагва онцоллоо.

       М. Дорждагва: Хуучнаар Халхын засагт хан аймгийн буюу сүүлд Хан тайшир аймгийн нэрт төрийн дуучин Гэлэнхүүгийн Поврон гэдэг хүнээс 1924-1925 оны үед уламжлагдаж ирсэн ийм аялгуу. Радиогийн фондод бий Дорждагва , Дамчаа гуай нар  нэг нэг бадаг дуулсан байдаг.

              Ай зээ хө

Дуртмал сайхан нарны өнгөтэй

Тунамал өгүүлшгүй сүлд тэмдэг минь

Тусахуй нүдэн дор тодорхой зээ... гэж байгаа. Энэ бол харах. 

Үелэн нийлэгсэн хөг дууг

Үлэмжээр эгшиглэн байхуй дор

Үргэлждээ найрлан цэнгэх маань

Сонсох чихэн дор тодорхойхон зээ... гээд сонсох мэдрэхгүй байна.

Агарваа занданы үнэрийг үнэртвээс

Сэтгэл ханаж баясахын тулд

Анхилуун сайхан ариун чанарт нь

Ашид мөрөөдсөн хүсэл ханав аа зээ...үнэрлэх мэдрэмж байна. 

Найман амт бүрдэгсэн

Олон голын ус нь

Зуныхаа гурван сард

Зүйтэй сайхнаар мэлмэлзэнэ зээ... усыг амтлах мэдрэмж,

Зөөлөн нимгэн хэв торго адил 

Зүйлийн олон өнгийн цэцэгс нь

Зөв салхины аяыг дагаж

Зүйтэй сайхнаар ганхав аа зээ... хүртэхүй мэдрэмжийг өгүүлж байгаа.

Таван биеийг сэргээсэн

Таван тахилын таалал буй

Талибан суусан таньтайгаа

Тавтай сайхнаар жаргая зээ... Хурай хурай хурай   гээд ялангуяа зарим нүүдэлчдийн дунд энэ дууг төрийн дуучид дуулдаг. Энэ дууг дуулна гэдэг бол тэр жилийн заслыг хийлгэж “Гурван гүрэм” хэмээх шашны засал ном уншуулсантай тэнцдэг байж. Миний хувьд энэ дууг бүрэн эхээр нь 40 орчим минут дуулсан.

      Монголчууд сүсэг бишрэл, зөн совин, оюун санааныхаа хэрэгцээний хүрээнд уртын дуугаа дуулдаг нь нүүдэлчдийн амьдралд хэвшмэл үзэгдэл. Баруун монголчууд уртын дуугаа дуулахдаа өдрийн сайныг сонгож, арц, хүжээ уугиулж, оюун санаагаа төвлөрүүлж, сэтгэлээ ариусгадаг эртний уламжлал орчин үед ч мартагдаагүй. Тэр ч байтугай уртын дуугаараа тэр жилийн заслаа хийж “Гурван гүрэм” уншуулсантай адилтган, гал голомтоо өөдөө хиймортой байлгахыг бэлгэддэг. Учир иймээс сонсогч та ч гэсэн уртын дууг бүрэн эхээр нь сонсохын зэрэгцээ анхилуун үнэртэнээ уугиулж, сэтгэл санаагаа ариусгахад тухайн бүтээлийн зорилго оршино гэж Уртын дуучин  М.Дорждагва “Монгол төрийн уртын дуу” бүтээлийнхээ утгын тайлалд өгүүлжээ. Морин хуурч Баттулга, Уртын дууч М.Дорждагва нар “Дуртмал сайхан” хэмээх энэ дууг дуулахдаа хангай дэлхийдээ сүсэглэн мөргөж, бие сэтгэлээ  ариусгах зан үйлийг эрхэмлэсэн байна.

        М.Дорждагва: Би энэ дууг дуулахдаа их болгоомжилсон. Ганцхан бадгаар нь дуулаагүй бүтнээр нь ингэж дуулж байгаа учраас өөрөө  бас ширэн цартай морин хуураа, морин хуучаа сүүгээр ундаалсан. Бэлтгэл дасгалыг голдуу хээр хөдөө хийсэн. Уул хад гол мөрний хөвөөнд сүүгээр ундаалж малгайгаа өмсч ингэж дуулж байсан. Энэ бичлэгийг хийж та бүхэндээ хүргэхдээ  мөн малгайгаа өмсч сүүгээр ундаалж байж дуулсан. Зарим үед энэ дууг дуулах үед өөрийн мэдэлгүй болох тийм байдалд хүрч байсан. 40 минут болоход чинь унтаад сэрж байгаа юм шиг тийм  тохиолдол цөөнгүй.   Тэнгэр, хангай дэлхийгээсээ, цаст очирваань хайрханаасаа их гуйж байж дуулсан ийм дуу. Түүнээс биш залуучууд бидэнд их хүнддэх шинжтэй юм байна лээ. Нэгэнт энэ дууг дуулсан учраас сонсохдоо арц хүжээ уугуулж, сэтгэл санаагаа ариусгаад ингээд  дуугаа сонсвол дууны ашиг шим, сонсогч та бүхэнд хүртэх хүртээл нь үнэн бодитойгоор биелэх байх аа.    

       Монгол уртын дууг дуулах, хуурдахад багагүй эрчим хүч хэрэгтэй. Эрчим хүчийг махбодийн болон ухамсарын гэж хоёр хуваан үздэг. Ухамсарын үйл ажиллагааны далд төлөвт төсөөлөл үүсдэг нь нүүдэлчин монголчуудын дуулах, хөгжимдөх аргын чухал хэрэглүүр болдог байсан. Уртын дууг дуулах, хөгжимдөх явцад төсөөлөл, төвлөрөл бий болох нь бясалгалын ертөнцөд дуучин, хуурчныг хүргэх үүд болж өгөх мэт. Ингэснээр дуучин, хуурчны оюун санаанд цагаан өнгө болон тэнгэр адил цэнхэр өнгө үзэгдэх шиг. Магадгүй уртын дуу сонсож байгаа сонсогчдод энэ хоёр өнгө төсөөлөгддөг байж болно гэж судлаачид үздэг. Монголчууд дуугаараа бяслагахаас гадна ертөнцийг гурван хэмжээсээр  авч үздэг гэж ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн Аман зохиол судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор А Алимаа хэллээ.

      А.Алимаа: Доод ертөнц тамын. Дунд ертөнц бол хүн, амьтан ургамлын. Харин дээд ертөнц бол бурхад тэнгэр сууж байна гэж үзнэ. Хүн гэдэг амьтан бурхадад хүрэхийн тулд  янз бүрийн арга  бодож олно.  Ном уншиж арц уугуулаад байдаг чинь үнэр хөлөглөөд хий биеэр тэнгэрт гарч байна. Миний үг захидал ингэж дээшээ хүрч байна гэж монголчууд ойлгодог. Цацал өргөдөг. Энэ нь сүүн дуслаар нөгөө хүндээ хүрчихлээ гэж үздэг. Үүнтэй нэгэн адилаар  дууны авиа эгшиг дуслаар тэнгэр бурхадад өргөл өргөж байна гэдэг монголчуудын маш эртний ойлголт үзэл бий.  Цаг үе өөрчлөгдөж бурхан шашны нөлөө орж ирж улам боловсронгуй болно.   Тэнгэрийн оронд юу юу байна гэхлээр бурхны шашинд бүр нарийн ийм ийм бурхан байна гэж бүр тодорхой болгоно. Үүний нэг нь ялангуяа яруу найраг дууны хамаатай тэнгэрийн дагина байдаг байна гэж бүр тодохой болгож өгнө. Тэнгэрийн 5-н дагина таван янзын өнгөтэй. Нэг нь болохоор хөгжимдөнө. Нэг нь дуулна, нөгөө нь яруу найраг, нэг нь өнгөний бурхан  толь барьсан  ийм байдаг ч гэдэг юм уу. Эдгээр бурхан хүний дуулсан дуу аялгууг цааш нь бусдад дамжуулна гэдэг ч юм уу.  Тэр хүний хүслийг биелүүлнэ гэж боддог учраас ийм дуу зохиож дуулж  таван дагинад өргөл өргөж  байна. Түүнчлэн  дуугаа хүргэх тэр дуучин дотоод сэтгэхгүйд их ач холбогдол өгч  дуулах. Энэ дууг дуулж байхад дуртмалын нарны сайхан өнгийг дурдаад нарыг  бий болгож нарны өнгөнд дурдсан зүйл нь толь барьсан тэр дагинад үнэхээр хүрч байна гэж бодож дуулах. Энэ дууг дуулснаар хүн ямар сэтгэлд хүрэх юм. Бусдад ямар зүйлийг өгөх юм тэгж бясалгадаг.

  

       Нүүдэлчдийн сонгодог уртын дууг 20-40 орчим минут тасралтгүй дуулж, хөгжимдөх нь орчин үеийн уртын дуучид, морин хуурчдын хүч чадал, тэсвэр хатуужилд хэтийдсэн ажил гэж үзэж болох талтай. Гэвч 30 минут, 3 өдөр ч дуулах боломж бий. Эртний дуучид олон хоногоор тасралтгүй дуулж найрладаг байсан нь огт үндэслэлгүй үзэгдэл биш ажээ. Дуучдын хоолой эцэх нь энгийн зүйл. Харин дуулж байгаа явцад хоолойн эрчмийг сэлбэх нь монгол дуучдын дуулах аргын нэг түлхүүр байсан гэлтэй. Энэ нь их тархины мэдрэлийн системээс дууны хөвчид өгөх дохиогоор дамжин ирэх тархины цөмийн эрчим хүчний урсгал байх хэмээн таамаглалыг судлаачид дэвшүүлжээ.  

      М. Дорждагва:  Уртын дууг уртаар нь ингэж дуулахаар уртын дуучин хүн ямар чадвартай гэдгийг харуулж байгаа юм.  Тайзан дээр нэг бадаг дуулах нь арай хөнгөн байж магадгүй. Гэхдээ  учиртай.  Хаана дуулах уу? яаж дуулах уу? гэдэг нь бас учиртай юм билээ. Монгол үндэсний хэмжээнд уртын дуу, уртавтар дууны аялгууны гурван том ай.  Халх, Ойрод,  Буриад гэж гурав хуваана.  Найрынхаа уртын дууг ойрдууд болон буриадууд айдон, айдам гээд халх айзам гэнэ.  Гурвуулаа ай савтай. Найрын төрт ёсны дуунууд гурвуулаа адилхан нэрлэдэг. Тэгэхлээр айзам уртын дуу буюу төрт ёсны уртын дууны ойлголт бол маш эртнийх. Монголчуудын нэгдмэл нэг байхад бий болсон ийм ойлголт ухагдахуун бололтой.  “Дуртмал сайхан” гэдэг дууны ерөнхий ая  бол засагт ханы ая аялгуу. Гэтэл үүнийг дуулж байгаа  миний ур чадвар бол нийлмэл шинжтэй. Энэ аялгууны гол төлөөлөгч нь 20-р зууны алдарт уртын дуучин Жагзвын Дорждагва гуай юм. Аялгуу гэхээсээ илүү дуулах ур чадвар арга барил нь нийлмэл. Миний дуулсан “Дурдмал сайхан” дууны ая аялгууг баруун халхын баруун аймгийнх гэж үзэж болох боловч дуулж байгаа ур чадвар арга барил нь  баян бараат,  боржигон, баруун халх, төв халхын дууны элементүүд орсоноороо 21-р зууны монголын тайзны уртын дууны үндсэн шинж төрх юм шүү гэдгийг  тайлбарлах нь зүйтэй байх.  Монголчууд бол бичгийн асар том соёлтой.  Тиймээс нэг үгийг л гэхэд  нэлээн бодож бясалгаж базаж хэлсэн  байгаа юм. Тэгээд энэ үгэн дээр их том аялгуу эрчим хүчийг нэмэхээр ингэж шид нь бүрддэг болотой. Аялгуу, үгээс гадна дуучны оюун санааны бясалгал гурав нэгдэж байж дуун хүч ялгаруулах шидтэй болдог.

     Аливаа зүйлийг нүдэнд харагдаж байгаагаар ойлгох бус түүний цаад  мөн чанарыг ойлгох ухагдахуун уртын дуунд шингэсэн байдаг гэдгийг судлаач нэмж хэллээ. Монголчууд байгаль цаг уурын болон аливаа саад бэрхшээлтэй тулгардаг тул эд материал хуримтлуулдаггүй байжээ. Зарим үед нүүдэлчин амьдралыг орхиж, бусад үндэстэн шиг суурин соёл иргэншлийг сонгож, эсвэл түүнд уусан өөрчлөгдөж бие махбодоо амар тайван амьдруулах түүхэн нөхцлүүд тохиолдож байсан билээ. Гэвч тэгсэнгүй нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлсээр XXI зуунтай золгосон. Үүнийг зөвхөн амьдрах хэв маяг, эд зүйлсийн шунал тачаал төдий бус ертөнцийг үзэх үзэл, монголчуудын сав шимийн тухай гүн ухаантай нь холбоотой сонголт байсан гэж  зарим судлаач үздэг.Хүн-байгаль хоёрын тэнцвэрт байдлыг хадгалж оршин тогтнох нь орчин цагийн хүн төрөлхтөний  анхаарах гол асуудал болж байна. Харин ирээдүйд тулгарах энэ асуудлыг эрт цагт шийдвэрлэсэн гэдгээ монголчууд үндэстнийхээ хүрээнд Хүннү, Монголын эзэнт Гүрний үеийн түүхэн хөгжлөөрөө тодорхой илэрхийлсэн билээ.  Монголчууд энэрэнгүй-ухаалаг соёлыг бүтээж хүн төрөлхтөнд өртөөлөн барьж байна. Уртын дуу бол тэрхүү энэрэнгүй-ухаалаг соёлын  нэг эд эс, түүний нууцыг агуулагч онцгой төрөл зүйл юм. Монголчуудын энэрэнгүй соёлын нууцлаг төрөл зүйлийн сор болсон нэгэн өв бол “Дуртмал сайхан” хэмээх энэхүү айзам уртын дуу мөн  билээ.

Үзсэн: 3484

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)