Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

“МОНГОЛЧУУДЫН УРТЫН ДУУ, ЗАН ҮЙЛ, ӨВЛӨГЧИД”


Densmaa 2018-11-21 12:11

“Урьхан хонгор салхи” хэмээх уртын дууг аг агнуурын зориулалтай хэрэглэдэг байж.

Халхын сартуул овгийн уртын дууны өв, хурим найрын зан үйл өвлөгчид өдөр өдрөөр бүдгэрсээр байгаа хэдий ч тухайн нутгаас олон чадварлаг уртын дуучин үеэс үед тодрон гарч, нийт монгол үндэстнийхээ уртын дууны өв соёлд тасралтгүй хувь нэмрээ оруулсаар 21-р зуунтай золгожээ. Энэ удаагийн нэвтрүүлэгт уртын дуу судлаач, уртын дуучин Мягмарсүрэнгийн Дорждагвыг урилаа.

М.Дорждагва: Радио сонсогчид доо энэ өдрийн мэнд хүргэе. Бид халхын сартуул овгийнхны уртын дууг судлахын тулд Монгол угсаатны судлалын бүтээлүүдээс тархцыг нь авсан. Тархцаар Завхан аймагт голцуу байдаг юм байна. Завхан аймгийн Сонгино, Цэцэн-Уул, Ургамал, Дөрвөлжин, Завхан-Мандал, Эрдэнэ-Хайрхан, Яруу,Түдэвтэй, Сант-Маргац гэсэн ийм сум байна. Мөн Увс аймгийн Завхан сум орно. Эдгээр суманд Хуучин засагт хан аймгийн Цэцэн вангийн хошуу буюу сүүлд Богд хаант Монгол улсын үед Сартуулын хошуу болсон. Сар толгой гэж тэнд одоо байдаг юм байна лээ. Тэр домогтой уул. Халх сартуулуудын дотор олон янзын овог байдаг. Ялангуяа тайж, Боржигин овог их байдаг. Өөрсдийгөө ч бас их нуудаг. Манай бичлэгт орсон олон хөгшчүүл бий. Ярианых нь дундаас олж авахаас биш 1930 хэдэн онд хэлмэгдэж, тайж нэрнээсээ зугтсан, хамжлагатай байсан гэдгээс нь барьж авахгүй бол эсвэл хохь тайж, хох ч гэдэг юм уу, эдгээрээс нь барьж авахгүй бол мэдэгддэггүй. Өөрсдөө хэлдэггүй.Уртын дуу нь халхын бусад овгууд, элжигэн, олохнууд, бэсүүд, хэргис, хөхүйд зэрэг төвийн бүсийн олон янзын овгууд байна. Энэ овгуудаас илүүтэйгээр боржигино овогтойгоо урын сангийн хувьд төстэй. Яагаад ийм байгааг нь бид одоогоор хэлж мэдэхгүй байна. Уртын дуу дуулж байгаа арга барил нь бүр Хэнтий чигийн, уртын дууны хувьд төв халхын гэж ярьдаг даа. Их сунагар, тийм их гүнзгий тэр аятай төстэй байгаа юм. Энэ халх сартуулуудын уртын дуу дуулах үндсэн ур дүйд нь Урын санд нь боржигинд дуулдаг “Урьхан хонгор салхи”, ”Хээрхэн халтар”, “Бодол цолмон хүрэн”, “Ар хөвчийн унага” зэрэг дуунууд байна.  Ямар шалтгаанаар, ямар учраас бий болсныг бид хэлж мэдэхгүй. Ямар байна гэдгийг дотор нь орж мэдэх нь бол бидний гол үүрэг.     

Та бүхэн “Өвгөн шувуу хоёр” уртын дууг Завхан аймгийн Эрдэнэ-Мандал сумын харьяат 83 настай Дамбадоржийн дуулснаар хүлээн авч сонсож байна. Халхын сартуул овгийнхон уртын дуугаа 12 айзам, 32 үйзэн буюу шаштир гэсэн төрөл ангиллаар хөгжүүлж байжээ.

Үйзэн буюу шаштир дуунуудаас нь нэр мэдэгдэхгүй болсон. 13-н айзам дуунаас нь “Эрхэм төр”, “Дуртмал сайхан”,”Асур өндөр”, “Сэрүүн сайхан хангай”, “Түмэн эх”, “Өвгөн шувуу хоёр” зэрэг уртын дууны тухай нутгийн хөгшчүүл дурсан ярьж байна. Тэд уртын дууг зан үйлийн зориулалтаар нь хурим найрын эхэнд дуулдаг уртын дуу, хурим найрын дунд хэсэгт дуулдаг уртын дуу, найр хавтгайрахаар дуулдаг уртын дуу, найр жаргахад дуулдаг уртын дуу, ан авын уриа дуудлагын уртын дуу, маань тарнийн ерөөлт уртын дуу гэх зэрэг ангилалд хуваан хэрэглэдэг байжээ. Хурим найрын эхний таван дуунд “Төр хуур магнай”, “Эрхэм төр”, “Дуртмал сайхан”,”Асур өндөр”,”Сэрүүн сайхан хангай” зэрэг уртын дууг дуулдаг байсан бол уртын дуучид ховордож эхэлсэн 20-р зууны дунд үеэс 1980-аад оны сүүл үе хүртэл “Жаргалтай дэлгэр буюу Өвгөн шувуу хоёр”-оор  эхэлж “Алтан богдын шил”, “Эр бор харцага” хоёр уртын дуугаар удаалах нь элбэг болсон гэдэг. Найрын дунд хэсэгт “Цомбон туурайтай хүрэн”, ”Олом нь үгүй далай”, ”Эрдэнэ засгийн унага”, ”Эрх баахан хүрэн” зэрэг бэсрэг хэлбэрийн уртын дууг дуулдаг байжээ. Найр хавтгайрахад эмэгтэй голдуу найрлагчдын дуу өндөрсөн цангинаж “Жороогийн жороо”, “Жороо баахан улаан”, ”Алиа саарал”, “Хээр халтар”, ”Урихан хонгор салхи”, ”Ар хөвчийн унага”, ”Бодол цолмон хүрэн“, “Сэвхэт бор”, ”Зээргэнэтийн шил” зэрэг уртын дууг түгээмэл дуулдаг байсан тухай Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Бэсүүд Жигжжав дурсан ярьсан. Халх сартуулууд найр хуримаа жаргаахдаа “Орсон бороо арилж, ирсэн гийчид буцдаг жамтай” гэж айлдаад “Тэнгэрийн агаар” хэмээх уртын дуугаар хурим найрынхаа зан үйлийг өндөрлөдөг байжээ. Энэ зан үйл мартагдан бүдгэрч байгаа тухай уртын дуу судлаач Дорждагва ярьж байна.     

М.Дорждагва: Халх сартуулуудынхаа бусад овог удмынхны дуулдаг “Түмэн эх”,”Хуур магнай”,“Асур өндөр”, “Дурдмал сайхан”,” Өвгөн шувуу хоёр”, “Тэнгэрийн агаар” гээд найр эхлүүлэх 13-н айзам уртын мөн 32 үйзэн буюу шашдир дуунууд байсан байгаа юм. Даанч мартсан байна лээ. Ер нь энэ овгийнхны хүрээнд уртын дууны уламжлал тасарсан. Бидэнд баримт маш ховор олдож байна. Олдохдоо нутаг орноор нь явж шүүж олж байна. Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг газар амьдарч байгаа хүмүүсийг тандаж явж байж олсон. Тэр улс нь ихэвчлэн 20,30-аад онд төрсөн улсууд байна. Энэ тал дээр бол орон нутгаас анхаарах л хэрэгтэй. Энэ уртын дууны өв гэдэг маань өөрөө давхар зан үйлээ дагуулж явдаг. Тэр зан үйл нь ирээдүйнхээ сайн сайхныг зөгнөж билэгдэж байдаг. Уртын дуу түүний зан үйлээр дамжуулаад билэгдэл, цээр, ёр цондонгын элдэв янзын мэдлэгүүд байна. Түүгээр дамжуулж ирээдүйнхээ тухай төсөөлөлтэй байдаг бололтой. Тэгээд зан үйлээр дамжуулж бэлтгэдэг бололтой юм байна. Өөрөөр хэлбэл зөн совин далд ухамсрын юм байна. Зарим суманд бүр уртын дуугаар хурим найраа эхэлж чадахаа байжээ. “Шалзат баахан баахан шарга”дуугаар  Увс аймгийн Завхан суманд найраа эхэлж байна. Энэ “Шалзат баахан шарга” дуу бол цээр ёрын дуу шүү дээ. Тэр дууг найрын эхэнд дуулж байгаа нь тэр хурим найр болж байгаа, шинэ өрх гэр бүлж байгаа шинэ айлын цаашдын сайн сайханд муу ёрын цондонг зөгнөж байгаа ш дээ. Гэтэл Увс аймгийн Завхан сум хуучин засагт хан аймгийн цэцэн сартуул вангийн хошууны нутаг юм байна л даа. 13-н айзам дуу, 32 шашдир дуу байсан гээд нэрсийг нь настангууд нь хэлээд байдаг. Гэхдээ даанч мартчихсан. Асар том сонгомол дууны өвтэй байсан. Тэр дуу нь цөм зан үйлийн уртын дуу байсан. Ахуйн болон байгалийн зан үйлийн дуу байж. Гэтэл цээрийн дуу нь үлдээд түүгээрээ найраа эхлүүлж байгаа гэдэг. Уртын дуу нь мартагдаж байгаа болохоор бусад зан үйл нь мөн дагаад үгүй болж байна. Адууны соёл, ахуйн технологиуд бий. Эсгий хийх, сур элдээд боловсруулж хэрэглэх нь багасчихсан. Завхан аймгийн Ургамал сумын Баян-Улаан баргиадын хэмжээнд нэг хоёр айл өрх сур элдэж байх жишээтэй. Үндэстэн яаж устгадаг юм бэ? устах тал руугаа ордог юм бэ? гэдгийг бид маш сайн харж авч байна ш дээ. Үндэстэн байж байхад ахиад угсааг бий болгож болно. Жишээ нь халх сартуулууд хэдэн дуу уламжлуулчихъя гээд нэг хөгшин байсан. Тэгээд нэг ажил эхлүүлсэн чинь дарга солигдоод бидний ажлыг зогсоочихлоо. Ингээд 90 дөхөж байсан хөгшин өөд болчихсон байгаа юм. Тэр хөгшин өөрөө 40-өөд дуу мэднэ гэж ярьдаг байж. Тэр хөгшний манай нутгийн дуу гэж нэрлэж байсан дууг нь бид бичиж авсан.

 

Сартуул овгийнхны дунд уртын дууг уул, ус, ан гөрөө, хүний сүнсэнд нөлөөлдөг гэх балар эртний ойлголт ч түгээмэл өвлөгдсөн байна. Тухайлбал, “Урьхан хонгор салхи” хэмээх уртын дууг аг агнуурын зориулалтай хэрэглэдэг байж. Уртын дуучин, анчин ах дүү Халтар, Гэндэн хоёр одоогийн Эрдэнэ– Хайрхан сумын нутагт тухайн зан үйлийг хийж буга гөрөөс намнадаг байсан тухай аман домог байна. Энэ цаг үе нь 19-р зууны дунд үе юм. Тэр цагаас хойш энэ зан үйлийг хийсэн тухай мэдээ олдоогүй. Мөн харуй бүрийд ганцаараа явж  байгаад айж цочвол мориноосоо бууж аргал хомоол уугиулаад ”Хан–Уул” гэдэг дууг дуулж, өөрөө өөртөө засал хийдэг тухай аман мэдээ бий. “Бор борын бялзуухай” хэмээх уртын дууг хуримын зан үйлд дуулдаггүй гэх боловч өндөр насны найранд түгээмэл дуулдаг байж. Учир нь энэ дууг дуулахад ”Сандуйн жүд” хэмээх бурхны номыг нэгэнтээ хурсантай тэнцдэг хэмээн үздэг. Халх сартуул овгийнхны уртын дууны аялгууны онцлогийн талаар уртын дуу судлаач Дорждагва ярьж байна.

М.Дорждагва: Ерөнхийдөө элжигэн халхаасаа халх сартуул нь бол сунагар. Зарим хэсэг нь арай богино дуу байна. Баруун талынхаа уулын шинжтэй. Зарим нь нэлээн их сунагар байна. Ерөөсөө энэ илжгэн овог чинь ингэж дуулдаг. Сартуул овог чинь ингэж дуулдаг. Бэсүд овог ингэж дуулдаг. Урианхай ингэж дуулдаг гэж хатуу барьж болохгүй. Яагаад гэхлээр овог овгоороо, удам удмаараа, гол голоороо, уул уулаараа бүгд өөр өөр зөрөөтэй байдаг. Сартуул дотор дуулах хоёр янзын арга барил байна. Нэг нь бол тэр том сунагар арга барил байгаа юм. Нөгөөх нь боржигинотой төстэй жижгэвтэр арга барил байна. Гангандуу шуранхайтай. Нөгөөх нь бид дүнхэрдүү ая гэдэг дээ. Тийм ая бас байгаа юм. Нэг овгийнхон дотор хоёр гурван янзын юм болчихоод байна. Бидний судалгаагаар дөрвөд, урианхай уртын дууг дуулж байгаа арга барил, дууны бүтэц, зан үйлийн шинж зэргээс болхи бүдүүлэг. Гэтэл тэр өөрөө маш их үнэ цэнэтэй. Чоно ульж байгаа юм шиг буга урамдаж байгаа юм. Магадгүй хүннүгийн хоёр охин буюу хүннүгийн язгууртнууд, манай монгол улсад байгаа дөрвөдүүд шиг дуулдаг байсан байж болзошгүй гэсэн тийм итгэл үнэмшилд би судлаачдын хувьд хүрсэн. Зан үйлийнхээ хүрээнд маш их эртнээс үүссэн. Тэр тусмаа язгуурлаг, дээдэслэг хүмүүс дуулдаг байсан нь тэр хэвээрээ бидэнд уламжлагдаад, халхд бол бүр их өндөр хөгжсөн. Сартуул, элжигэн бид нар ярьж байна. Энэ хүрээнд уртын дуу хөгжлийнхөө дээд түвшинд хөгжиж иржээ. Боржигино, хар дэл, хурх биндэр, баянбараат, халхын гол чиг рүү уртын дууны сонгомол хэлбэрт хүртэл хөгжөөд 20-р зууны эхэн үетэй золгосон. Тэгээд энэ олон нутаг нутгийн уртын дууны элементүүд өв тээгчээ дагж хотод ирж нэгдээд тайзны уртын дуу буюу сурталчилгааны ийм жижиг төрлийг бий болгосон байна. Дөрвөд, урианхай дуу бол мянган жилийн ч юм уу мянга таван зуу, хоёр мянган жилийн өмнө яг тэгж дуулагдаж байгаад түгжигдчихсэн байгаа юм. Яагаад гэхлээр нэг газраа төв байгаагүй. Их нүүдэллэж явсан. Тийм учраас түгжигдчихдэг юм байна л даа. Түүний дараагийн үеийн өөлд, торгууд дуу болохоор арай хөгжингүй, шуранхайтай ч болчихсон байх шиг. Халхын суман маягийн дунд хэлбэрийн дуутай төстэй ч болчихсон байх шиг. Тэгсэн атлаа тэнд хүрээд түгжигдчихсэн ч байна. Одоо баяд дуу гэхэд халх, ойрдын дунд зааглагдсан байлаа гэхэд түгжээг нь гаргаад дуулахад халх уртын дуу болчихно. Ард түмэн энэ өвөө өөрсдөө мэдэрч, өөрсдөө л хамгаалах юм байна. Тиймээс хот суурин, хөдөө орон нутаг гэлтгүй залуучууд уртын дуугаа сурах хэрэгтэй. Зүгээр нэг сурах биш ямар агуулгатай юм. Ямар билэгдэлтэй юм, ямар гээч сайн сайхныг билэгддэг, оюун санааны ямар сайн сайханд хүргэх вэ?. Эзэн хичээвэл заяа хичээ нь гэдэг чинь санаа сайхан байвал ажил үйлс бүтэмжтэй цаашдаа сайн сайхан амьдарна гэсэн үг ш дээ. Энэ утга мөн чанарыг нь ойлгож суралцах хэрэгтэй. Уртын дуу судлаачид болон уртын дуучдаас зөвлөгөө авч болно. Бид туслахад бэлэн. Соёл урлагийн их сургууль ч мөн энэ талаар тусгайлан лекц явуулж байх хэрэгтэй. Орон нутгийн болон уртын дууны мөн чанар, нутаг нутгийн уртын дуу, уртын дууны зориулалт хэрэглээ, уртын дуу гэж юу вэ гэдэг талаар зөвхөн сурталчилгааны төрөл зүйлийг заагаад байна. Тайзан дээр гараад ”Уяхан замба тивийн наран” дууг нэг бадгийг заадаг. Үүний цаана ямар утга агуулга мөн чанарыг нь заахгүй байгаа. Тэгэхлээр өөрсдөө л хичээх хэрэгтэй. Зан үйл уламжлалаасаа суралцах учиртай. 

Халх сартуул овгийнхны тухай  домогт дуучдын тухай цадиг хуучаар нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Хүнүйн голд цусаж байсан нэгэн айлд “Өнчин цагаан ботго” хэмээх уртын дууг намуухан цээл хоолойгоор нэгэн дуучин дуулахад нь усны шувууд гэр тойрон зэллэн суугаад, сонсон байсан гэнэ лээ.  

Энэ дуучин бол Халхын засагт хан аймгийн алдарт дуучин “онгорхой“ хэмээх хочит Адъяа юм. Онгорхой Адъяа одоогийн Завхан аймгийн Ургамал сумын харьяат. Тэрээр Шилүүстэй сумын Гэлэнхүүнгийн Поврон, Алдар-Хаан сумын Цоор хочит Цэгмид нарын хамтаар Улиастай амбатны найранд очоод олон хоног дуулжээ. Ингэж найрлахдаа гурван дуучин нэг л дууны аялгууг зөрөлгүй дуулахын зэрэгцээ “Хоёр бор”, ”Өндөр сайхан бор”, “Сэвхэт бор” гэх зэрэг бор зүсмийн долоон морины тухай уртын дууг бүрэн эхээр нь дуулсан гэдэг. Мөн шастир буюу шашны утга агуулга зан үйлийн уртын дуу дуулдаг Сандагийн Бадарч хэмээх уртын дуучин байсан юм гэнэ. Энэ хүн хүнгэнэсэн намуухан уужуу тавиун хоолойтой, бясалгалын дуучин байжээ. Дээр дурдсанаас үүдэн сартуул овгийн уртын дуучдыг “Төрт ёсны уртын дуучин”, ”Шашин номын уртын дуучин”, ”Ан гөрөө, уул, ус, байгалийн уртын дуучин” хэмээн гурван хэсэгт эрдэмтэн судлаачид ангилан үзсэн байна. Халх сартуулууд хурим найр болон элдэв зан үйлд ерөөхийг эрхэмлэдэг. Үүнд хурим найрын эхэнд тухайн шинэ айлын цаашдын сайн сайхныг шүлэглэх найрын ерөөл, Амар амгалан байх тухай лам хуврагаар сан тавин сэржим өргөн уншуулах номын ерөөл, зөвхөн сайн сайхны билэгдэлтэй, утга агуулга гүнзгий, аялгуу сайхантай айзам уртын дууг дуулах эгшиглэнгийн ерөөл хэмээн гурав ангилдаг.

Монгол үндэсний эртний сурвалжит Сартуул овгийнхны уртын дууны ховор нандин өв уламжлалыг улам цааш нь өргөжүүлэн монгол туургатны олон овог удмын  уртын дууны өвтэй харьцуулан судлах нь зүйтэй гэж судлаачид үзэж байна.

Үзсэн: 207

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна