Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-12-13
mongolia

Шинэ мэдээ

ОДДЫН ӨВЧИН


Densmaa 2018-11-22 01:11

К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжигт хэн нэгнийг дуурайх бус хүн өөртөө эзэн байхын чухлыг харуулжээ.

   Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр 88 дахь үзвэрийн жилийн нээлтээ хийлээ. Энэ удаад үзвэрийн жилийнхээ нээлтийг Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээж байна. Америкийн зохиолч К.Людвиг Монголын үзэгчдэд хэдийнэ танил болсон зохиолч. Түүний “Гол дүрийн амрагууд” жүжгийг УГЗ найруулагч Н.Ганхуяг 2009 онд манай тайзнаа найруулан тавьж үзэгчдийн хүртээл болгож байсан билээ. “Оддын өвчин” жүжгийн үйл явдал АНУ-ын Огайо муж улсын Клевлэнд хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд өрнөнө. Дуулаачийн компаний ерөнхий менежер Сондерс нь алдартай дуучин, гайхамшигт тенор хоолойтон Тито Мереллитэй “Отелло” жүжгийн тоглох гэрээ байгуулдаг. Улмаар тоглолтын урилга, зарыг сүр дуулиантай тараана. Театрын уран бүтээлчид төдийгүй хотын бишрэн шүтэгч иргэд Титог тэсэн ядан хүлээж буйгаар  жүжиг эхэлдэг. Одоо залуу жүжигчин Алтангэрэлтэй сонсогч та бүхнийг уулзуулъя. Тэрээр “Оддын өвчин” жүжгийн гол дүр Тито Мерелли  хэмээх италийн алдарт дуучны дүр бүтээж байгаа юм.

Алтангэрэл: Тито Мерелли хэмээх италийн алдарт дуучны дүр дээр ажиллаж байна. Алдарт дуучныг хүмүүс яаж үнэлдэг юм бэ? Алдарт дуучныг хувь хүнийхээ хувьд ямар хүн байсныг мэдэхгүйгээр хошуурч байгаа тухай гардаг. Манай энэ жүжиг юуг өгүүлэх гээд байна гэхлээр одоогийн орчин нөхцөлд залуучууд хэнийг нь мэдэхгүй сайн гээд хэлбэл хошуурцгаадаг болж. Энэ хэнээрхлээ болиоч ээ. Өөрийнхөөрөө байж, юманд өөрийнхөөрөө хандах нь чухал.Миний хувьд хамгийн анхны хошин жүжгийн гол дүр байлаа.  Хошин жүжигт бол уран бүтээлчид маань хүчээ шавхсан, уран бүтээлчийн чансааг сорьсон бүтээл байдаг.

“Уран бүтээлч, найруулагч хүний хувьд энэ бүтээлийг тавих хүсэл, эмзэглэлээс гадна нийгмийн шаардлага байсан гэдгийг жүжгийн ерөнхий найруулагч соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин онцоллоо. Өнөөдөр бид оддын өвчин гэдэг далд ухамсартай болжээ. Хүн өвдсөнөө мэддэггүй юм байна. Үүнийгээ хэвийн мэт хүлээж аваад сурчихаж. Өвчин нь даамжрахаар хийрхэл болдог. Энэ өвчнөөс аврах эм нь хайр энэрэл юм гэдгийг бүтээлдээ тусгахыг хүсчээ. Манай уран бүтээлчид энэ жүжигт тоглосноор, жүжигчин хүн энэ бүтээлээс өөртөө олон асуулт тавих байх” гэлээ. Түүнчлэн улсын драмын эрдмийн театр 2019 онд "Тотынхон" жvжгийг Венгерийн төв театрын найруулагчтай хамтран тавьж үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байна. Энэ тухай Төрийн соёрхолт найруулагч Наранбаатараас тодрууллаа.  Тотынхон" жvжгээр 1970-аад оны vед кино хийж байв.

Наранбаатар: Гадны томоохон найруулагч нарыг театртаа урьж авч ирж уран бүтээл туурвиж үзэгчдийн хүртээл болгохыг зорьж байна. Энэ жил яриа хэлэлцээрүүдээ хийнэ. Венгерийн төв театрын найруулагч манай элчин сайдын яамаар дамжуулж холбоо тогтоогоод Тотынхон жүжгийг найруулан тавихаар төлөвлөж байна. Манай уран бүтээлчид шинэ арга барилаар ажиллахаас гадна дэлхийд танигдсан найруулагч манай театрыг яаж харж хүлээж авах бол гээд сонирхолтой зүйл болох байх. Саяхан Буриадын театрынхантай уулзаад ирсэн. Жүжигчид, уран бүтээлчдийг харилцан солилцож ажиллах санал тавьсан. Орост жил бүр зохиогддог наадамд оролцох  зорилго тавиад байна.

УДЭТ-ын энэ жилийн уран бүтээлийн бодлого нь хүүхдийн уран бүтээл рүү чиглэгдэнэ. Тэр тусмаа ардын уламжлал, ёс заншлыг агуулсан уран бүтээлийг голчилж, орчин цагийн хүүхдүүдийг сошиал хэрэглээнээс нь театрын тайз руу чиглүүлэхэд түлхүү анхаарч ажиллах болно гэдгээ театрын удирдлагууд нь хэллээ. Түүнчлэн жил бүр Монголын театрын урлагийн үндэслэгч, анхдагчид болсон ахмад уран бүтээлчдийнхээ тэгш ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил 10 гаруй ахмад уран бүтээлчдийн тэгш ойн баяр тохиож байна. Энэ ойг угтан цөөнгүй ажил хийхээр төлөвлөсөн байгаа юм. Улсын драмын эрдмийн театр 1931 оны арваннэгдүгээр сарын 12-нд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх товчооны тогтоолоор Улсын төв театр байгуулагдсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 12 нд тус театрын байгуулагдсан өдөр юм. Улсын драмын эрдмийн театраас урлагийн олон байгууллага салбарлаж үүсэн хөгжсөн. Тухайлбал, 1935 онд “Монгол кино” үйлдвэр, 1948 онд “Хүүхэлдэй театр” мөн байгуулагдсан байна. Түүнчлэн Улсын цирк, Дуурийн театр, Үндэсний урлагийн их театр буюу хуучнаар Үндэний дуу бүжгийн эрдмийн чуулга гээд тус театраас эх авч, салбарласан цөөнгүй урлагийн байгууллага бий.

Үзсэн: 304

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна