Өнөөдөр Нийслэлийн өдөр
Нийслэл Улаанбаатар хотын түүх
1639 онд Халхын ноёд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн “Гэгээн” цол өргөж, Ширээт цагаан нуур хэмээх газар орд өргөө босгосон үйл явдлаар Улаанбаатар хотын түүх эхэлдэг билээ.
XVI жарны буюу 1639 оны шарагчин туулай жил Халхын түшээт хан Гомбодорж өөрийн хүү Занабазарыг таван настай байхад нь шарын шашны тэргүүнээр өргөмжилөн, балчир хүүгээ Өндөр гэгээн хэмээн нэрийджээ. Ингээд Ширээт цагаан нуур Их Монгол уулын орчимд Их хүрээг үүсгэн, Цогчин хэмээх том цагаан эсгий гэр дуган байгуулж, гадуур нь шар даавуун хүрээ хашаа барьж, “Дэлгэр Их Буянт уулын төгс баясгалант номлол бүтээлийн их хийд” гэж нэрлэсэн нь эдүгээ Монгол Улсын нийслэлийн эх суурь болсон түүхтэй.
Тэр цагаас хойш Монголын нийслэл хот:
Атан тэмээг чилээж
Агт хөлгийг сунгаж
Шар үхрийг хөлөргөж
Сарлаг хайнагийг зүтгүүлж олон ч удаа нүүдэл суудал хийжээ.
Тухайлбал, 1719-1720 онд одоогийн Сэлэнгэ аймгийн нутагт, 1722 онд Архангай аймагт, 1729 онд Хужирбуланд гэх мэт нутаг сэлгэн 28 удаа нүүж, 16 газарт бууриа засч байжээ. Тэгсээр Их өргөө хотыг үржил шим, хөрс сайтай Алтан тэвшийн хөндий буюу одоогийн оршин байгаа энэ газар нутгийг шилэн сонгож 1778 онд анхны шав чулууг босгосон байна.
Уг чулуунд:
Хан уулын ар хормойд
Хатан Туулын хойд хөвөө
Сэрүүн Сэлбийн аманд
Сэргэлэн цэцэгт шар дэнжид
Хүн чулууны хонхорт
Хүр чулуугаар шав онь босгов гэж бичсэн байдаг.
Нөр их хөлтэй том хот болно гэж азай буурал мэргэд мөнх хөх тэнгэртээ мөргөн сөгдөж, алт мөнгөн бумбатай тансаг таван зүйлийн үр тариа, гурван зүйлийн амтат идээ өргөж, эдийн дээж хадаг, ундны дээж цай, торго алт мөнгөөр эгүүдсэн эр эм хүний дүрс, мөнгөн байшин-сүмийн дүрсүүд хийж газрын гүнд булж, дээр нь “Хүн” хэлбэрт мөлхөх чулуу хэвтүүлэн, дөрвөн талаар нь чулуугаар дөрвөлжлөн хүрээлж шигтгээд их хотын шавыг анх босгожээ. Өнөөдрийн Улаанбаатар хотын суурийг хэрхэн сонгосон талаар түүх судлаач Баяртогтох ийнхүү ярьж байна.
Судлаач Баяртогтох: Энэхүү хөндийг яагаад сонгосон талаар ус нь мяралзсан, уул нь сүндэрлэсэн сайхан газар нутаг гэсэн домог байдаг. Мөн 4 уулаар хүрээлэгдсэн энэ хөндий нь баруун зүүн Сэлбэ гол, Улиастай гол, Дунд гол, Туул гол, Мөн Хүн чулууны хонхор гээд дурсгалтай газар элбэгтэй, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар байжээ. Энэ нь бас сонгох нэг шалтгаан болсон байна. Улаанбаатар хотын хүрээлсэн 4 уул маань 4-үүлээ өөрийн гэсэн шүтээнтэй, савдагтай. Богд хан уулын савдгийг хангарьд, шүтээнийг нь цагаан морь унасан цагаан морь гэж үздэг. Тиймээс Богд хаан уулынхаа савдаг буюу Хангарьдыг нийслэлийнхээ сүлд тэмдгийг болгосон байдаг. Тэгээд нийслэлийнхээ анхны шав тавьсан газарт нь дурсгалын файлуур суурьтай мэлхий хөшөөг 1997 онд босгожээ.
Монгол Улсын нийслэл нэр түүхэнд таван удаа албан ёсоор өөрчлөгдөж, 1639-1651 онд Өргөө нэртэй байжээ. Өргөө нь Монголын шарын шашин, Халх Монголын улс төрийн төв, гадаад, дотоодын худалдааны чухал зангилаа голомт байсан бөгөөд энэ үеэс жинхэнэ хот болон дэгжин хөгжих шинэ үедээ оржээ.
Өргөө нэртэй, анх ханаа дугуйлсан нийслэл хотын нэрийг 1651-1706 онд Номын хүрээ хэмээн өөрчилж байсан бол 1706-1911 онд Их хүрээ хэмээн нэрийдэх болжээ. Энэ үеийн онцлог нь Их Хүрээ суурьшиж хот болон хөгжиж ирсэн явдал гэж түүхчид үздэг. Их Хүрээ нь одоогийн Улаанбаатар хотын төв Сэлбэ голын хөндийд төвлөрч, шашны төв төдийгүй худалдаа харилцааны зангилаа, жинхэнэ хот болсон юм. XIX зууны эцэс гэхэд Их хүрээ нь Монгол орны шашин, улстөр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол төв болсон байлаа.
Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе буюу 1912-1921 оныг хүртэл нийслэл хотыг Нийслэл хүрээ хэмээн нэрлэж байсан бөгөөд улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болжээ.
Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр:
1911 онд Монголчууд Тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 8-р Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, улмаар Богдын Засгийн газрыг 5 яамтай байгуулснаар Их хүрээ Монголын улс төрийн томоохон төв болсон. 2 сарын дараа буюу 1912 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Дотоод яамны сайд Цэрэнчимэдээс Богд хаанд айлтгал бичиг өргөсөн. Энэхүү айлтгал бичигт олон улсын суугаа хотыг “Нийслэл” хэмээн нэр өргөмжилдөг юм байна. Тийм учраас Их хүрээг цаашид Нийслэл хэмээн нэр өргөмжилье гэсэн санал гаргасан. Ингээд Богд хаан уг айлтгал бичгийг тухайн өдөр нь хүлээж аваад уг айлтгал дээр улаан бийрээр цохож баталгаажуулснаар 1912 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Их хүрээ Монгол улсын нийслэл хот болж, албан ёсоор Монгол улсын улс төрийн төв болсон ийм түүхтэй.

Нийслэлийн түүхэнд өнөөгийн Улаанбаатар хотыг Монголын болон гадны сурвалжуудад 10 гаруй нэрээр нэрлэж байжээ. Тухайлбал, орос хэлэнд “ө, ү” үсэг байхгүй хэлний онцлогоос шалтгаалан “Өргөө” хотыг “Урга” гэж нэрлэж байжээ. 20-р зууны эхэн хүртэлх Орос, Европын сурвалж бичгүүдэд Өргөө хот “Урга” нэрээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Мөн хятдууд “Да Кулунь” буюу “Да хүрээ” гэж нэрлэж байсан байна. “Да” гэдэг нь хятадаар “их”, “кулунь” гэдэг нь “хүрээ гэсэн үгийг хятадууд хазгай дуудаж тэмдэглэснээр ийн нэрлэжээ. Мөн “Богдын хүрээ” гэх албан бус нэрний хувьд ард иргэдийн аман ярианы нэр юм.
Түүхч Д.Өлзийбаатар: Яагаад Богдын хүрээг нийслэл хотын түүхтэй холбож ярьдаг вэ гэхээр, Баруун хүрээ гэх газар бол Чингис хааны гал голомтын галыг тахиж түүнийг хадгалж, манаж байдаг Баруун өргөө гэж газар өргөө байсан. Энэ өргөө бол Чингисийн Их Монгол улсын галыг унтраахгүй сахиж хамгаалж байдаг учраас төрийн гал голомт явдаг гэж үздэг. Тийм ч учраас манай түүхчид 1990 оны дунд үеэс эхлээд энэ Богдын хүрээ Шанхын хүрээнд анх нүүн бууснаас хойш нийслэл хотын түүхийг Богдын хүрээтэй холбож үзэх болсон түүхтэй. Ингэж төв суурин газрыг түшиглэж ирсэн Богдын хүрээг гадаадын олон жуулчин тэмдэглэн үлдээсэн байдаг. Орсынхыг эс тооцвол бусад аялагч жуулчид ихэвчлэн Бээжин, Хаалганаар дамжиж, энэ хүрээнд ирдэг байсан байгаа юм. Тэгээд хүрээний янз байдлыг хараад Богдын хүрээнд орж ирэхэд, солонгын долоон өнгө алагласан, Ази Европын соёл холилдсон туйлын сонин хот байна гэж ихэвчлэн тэмдэглэн үлдээсэн байдаг.
1924 оны 11-р сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хууль батлахаас хоёр, гуравхан цагийн өмнө Улаанбаатар гэж нэрлэх шийдвэр гарсан түүхтэй. Мөн өдөр анхны Үндсэн хуулиа баталж, Улаанбаатар гэх нэрийг Үндсэн хуульдаа оруулан орон даяар тунхаглан зарлажээ. Ингээд Хотын захиргаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг байгуулж, Хурлын анхны даргаар Данзан, Хотын захиргааны анхны даргаар Моононгийн Баярыг томилжээ. 100 жилийн тэртээх анхны ИТХ-ыг 45 төлөөлөгчтэй байхаар тогтсон нь өнөөдрийг хүртэл хэвээр үргэлжилж байна. Тухайн үед нийслэл хот 23 хороотой байсан ба хороо тус бүрээс хоёр төлөөлөгч сонгож, санал хураалт явуулахад сондгой байхыг бодож, нэг хорооноос нь нэг төлөөлөгч сонгосноор 45 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ИТХ Түр хурлаа хийжээ.
Тухайн үеийн хотын хүн амын талаар эрдэм шинжилгээний ажилтан Очбаярын ярихдаа:
1925 оны Улсын 2 дугаар их хуралд дээр Улаанбаатар хотын дарга Моононгийн Баяр илтгэл тавьсан. Тэр илтгэлдээ, бид нар хотын хүн амыг 1924 онд тооллоо. 1925 онд мөн шинэчилж тооллоо гээд тоон дүнгээ танилцуулсан байдаг. Үүнээс Улаанбаатар хотод хамгийн их хүн амын бүлгээр аваад үзэхэд Хятдууд 23 мянга, дараа нь лам нар, дараа нь 6 мянган гадныхан, үүнээс 3 мянга нь орос, бусад нь Америк, Герман, Швед, Дани зэрэг улсын хүн байна. Лам бус хар хүн 14 мянга байна. Ингээд Улаанбаатар хотод 61 мянган хүн сууж байна. Улаанбаатар хотод бүртгэлтэй иргэдийг бий болгоё гэсэн ийм ажил зохион байгуулсан. Ингээд Улаанбаатар хотын жинхэнэ оршин суугчдыг бүртгэх ажлуудыг хийж, бүртгүүлэх саналыг иргэддээ хүргүүлсэн. Ингээд 1925 оны байдлаар нийт 61 мянган хүн амаас 14 мянган хүн нь жинхэнэ харьяат иргэнээр бүртгүүлсэн. Үүнийг тухайн үед МАХН-ын Улс төрийн товчоогоор хэлэлцээд, үүн дээр тодорхой шалгуур тавих ёстой юм байна гэж авч үзээд, хотод байнга оршин суудаг, хөдөө гэр оронгүй хүмүүсийг хотын жинхэнэ харьяат иргэн гэж үзнэ гэсэн ийм тодорхойлолт гаргаж байжээ.
Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр цааш хэлэхдээ “Анхдугаар Үндсэн хуулийг аргын тооллын 11-р сарын 26-ны өдөр баталсан. Хоёр түүхэн үйл явдал нэг өдөр давхцсан тул энэ түүхэн хоёр өдрийн агуулга, ач холбогдлыг тодруулах, олон түмнийг төөрөгдөлд оруулахгүйн тулд билгийн тооллоор нь бодож 1974 оноос эхлэн нийслэлийн ойг аравдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэх болсон” гэсэн юм.
Өдгөө Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрлана. Нийт 4 сая 704.4 м.кв нутагтай, засаг захиргааны 9 дүүрэгтэй, 1.6 сая хүн амтай түм түжигнэж, бум бужигнасан их хотын нэг болжээ.
2024 оны байдлаар Улаанбаатар хот нь нийт 9 орны 18 хоттой ах дүүгийн, 29 хоттой найрамдалт харилцаат хэлбэрээр хамтран ажиллаж байна. Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал байдаг. Энэхүү зорилгын хүрээнд холбоо харилцаатай хотуудтай олон талт хамтын ажиллагааг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж байгаа билээ.
Сонирхуулахад, 1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн хэмээн зааж, нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй болж байжээ. 1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөлтийг боловсруулаад байна.
Үзсэн: 3978
Tweet