Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Жанждын жанжин Сүбээдэй баатар


Densmaa 2026-02-25 03:02

Энэ жил Сүбээдэй баатрын 850 жил тохиож байна.

    Суу билигт Их эзэн Чингис хаан Монголын нэгдсэн төр, Их Монгол улсыг үндэслэн байгуулах үйл хэрэгт бүхий л амьдрал, тэмцлээ зориулсан түүхтэй. Тухайн цаг үеэсээ хэтийдэн шалгарсан авьяас билиг төгөлдөр төр, цэргийн зүтгэлтнүүд үүнд хамаатай билээ. Иймд Чингис хааны байгуулсан цэрэг, дайны агуу их үйлс, түүхийг алдарт “есөн өрлөг”, үнэнч баатар жанждын үүрэг, оролцоогүйгээр төсөөлөхийн аргагүй.

Монголын нууц товчоонд: Чингис хаан Хубилай-д өгүүлрүүн: "Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн нурууг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл,

       Хүр  гэсэн газар хүрж
       Хүр чулууг хэмх цохиж
             Халд гэсэн газар халдаж
             Хад чулууг хага цохиж
       Цэгээн чулууг бутартал
       Цээлийн усыг цалгитал
       Ниргэж нядалж явав...

Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартаа явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийг Жорчидай, Хуйлдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг хэмээн тэмдэглэн бичжээ.

“Амьд ахуйдаа 32 улс орныг байлдан дагуулж, хорь гаруй дайныг шууд удирдаж, 65 тулалдаанд ялсан өөр нэг ч цэргийн зүтгэлтэн байхгүй ажээ. Ингэхдээ дэлхийн түүхэн дэх ямар ч командлагчийн эзэлж байгаагүй газар нутгийг байлдан дагуулснаараа дээд амжилт тогтоосон”.

“Арми хоорондоо хэдэн зуун км хол, байнгын хөдөлгөөнт зохион байгуулалттайгаар байрлуулж, уран сэтгэмж, хашир стратеги хэрэглэн ялалтанд хүрсэн”. Түүний зиндаанд Наполеон Бонапарт, Македонийн Александр, Ханнибал Барса аль нь ч үл хүрнэ” хэмээн Чингис хаан болон Өгэдэй, Бат хааны цэргийн гол стратегич Сүбээдэй баатрын цэргийн тактик, менежментийн гоц авьяасын тухай ийнхүү тэмдэглэжээ.

Сүбээдэй баатар Чингис хааны хийсэн бүх аян дайнд Зэв жанжны удирдлага дор Гэзэг цэргийн захирагчаар оролцсон. Тэрээр 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулахад Мянганы ноён болж, Бат хааны хамт Европ хүртэлх агуу их байлдан дагуулалтад явж, ялалт байгуулсан цэргийн түүхэнд нэрээ мөнхөлсөн баатар юм.

Энэхүү аян дайнаас өмнө тэрээр Чингис хааны хамт Хорезмийг эзэлсний дараа Хорезмийн шахыг барьж ирэх даалгавар авчээ. Сүбээдэй баатар Зэв жанжны хамт явсан бөгөөд Чингис хаан “Шахыг барьсан цагтаа эргэж ирээрэй, явсан газар бүхнээр нэг бүрчлэн хайж, дагаар орсон хотуудыг үл гэсгээж, эсэргүүцэл үзүүлснийг даран сөнөө” хэмээн зарлиг буулжээ.  Тэд их хааныхаа хэлсэн ёсоор Мухаммед шахын араас нэхсээр замд тааралдсан хот болгоныг байлдан эзлэхийг нь эзэлж, бууж өгөхийг шаардахыг нь шаардаж эзлэн явсаар одоогийн Ираны нутаг дэвсгэр дээр Мухаммед шахад тун дөхөж ирээд байсан ч тэнд 30 мянган цэрэгтэй тулж ирэв. Энэхүү тулаанаас Шах оргон зайлж Каспин тэнгисийн зүг дутаахад Зэв, Сүбээдэй нар мөрийг мөшгин явсаар ирэхэд Мухаммед Каспин тэнгисийн нэгэн эзгүй арал дээр нэгэнтээ үхсэн байжээ.

Шахыг мөхөөсний дараа Сүбээдэй, Зэв нар Азербайджан, Гүрж, Армен зэргийг эзлэн Кавказын уулсыг давж цааш явсаар Команчуудтай хүндхэн тулаан хийж ялалт байгуулав. Монгол цэргүүд Калка голын дэргэд холбоотнуудын 90 мянга орчим цэргийг өөрийн 20 мянган цэргээрээ бут ниргэж, энэхүү тулаан нь дэлхийн түүхэнд алдарт “Калка голын тулаан” гэж тэмдэглэгдэн үлджээ.

Сүбээдэй жанжин Чингис хааныг амьд ахуй цагт өөрийн ид хав, жанжин хүний ур чадвараа Богд эзэндээ харуулсан итгэлт хүн нь.

1227 онд Их эзэн Чингис хаан тэнгэрт хальсны дараа Өгөдэй хаан Зүрчидийн Алтан улс руу хараагаа чиглүүлж, Тулуй болон Сүбээдэй баатраар энэхүү аян дайнаа толгойлуулж, аян дайн Их Монгол улс Алтан улсын хооронд 20 гаран жил үргэлжилж, бидний өвөг дээдсийн ялгуусан ялалтаар өндөрлөсөн.

1235 онд Их гүрний нийслэл Хархоринд Их хуралдай болж дотоод болон гадаад харилцааны асуудлыг нарийн хэлэлцсэний дүнд Сүн улс руу цэргийн үйл ажиллагаа явуулах мөн Европ руу аян дайн хийх гэсэн хоёр чухал шийдвэр гаргасан бөгөөд Европ руу хийх аян дайныг Зүчийн хүү Бат толгойлж, Сүбээдэй баатрыг зөвлөх жанжнаар томилсон нь дэлхийн түүхэн дэх агуу их байлдан дагууллын эхлэл байжээ.

Дээрх хуралдайгаас нэг жилийн дараа буюу 1236 онд Бат, Сүбээдэй нар баруун зүг өөрсдийн харъяат цэрэг болон Хорезм, Туркменстан, Уйгур зэрэг эзлэгдсэн улсаас цэрэг дайчлан авч явсан юм. Энэхүү аян дайнд Сүбээдэй баатар шийдвэрлэх үүрэгтэй оролцсон бөгөөд 1238 онд Оросын томоохон хот Владимир болон 14 хотыг эзлээд байв. Эзлэгдсэн хотын захирагчид, Оросын вангууд, орон гэргүй болсон иргэд нэгдэж Монголын эсрэг тулсан ч бут ниргүүлжээ.

“Ямар ч бэрх асуудалд таарах арга нь олдоно. Гагцхүү асуудал нь юу вэ гэдгээ тодорхойлох нь чухал байдаг.”

Сүбээдэй баатар энэхүү дүрмээр байлдан дагуулалтаа хийж, нөхцөл байдал, тулгараад байгаа асуудлыг судлан үзэж, таарах стратегийг нь боловсруулдаг байв гэж цэргийн түүхч, доктор профессор Х.Шагдар бидэнд сонирхуулан ярьсан юм.

Х.Шагдар: Оросыг эзлэх төлөвлөгөөг Сүбээдэй баатар өвлийн хүйтнийг дайруулж гаргасан. Дайсны байлдах чадвар буурна. Оросын ширэнгэ битүү ой, намаг, гол мөрөн байна. Түүнийг хөлдөхийг хүлээж байж. Хөлдсөн хойно нь мөсөн дээгүүр гэнэт довтлоод орчихсон. Мухамедыг хөөгөөд Калка гол руу ороход Оросын газар нутгийн онцлогийг Сүбээдэй мэдэж байсан. Мэдэж байсан учраас монголдоо явсан байгаа юм шиг явжээ. Тэгээд Зүрчидийн Алтан улсыг арай ч хаанын нь авч дуусгаагүй байхад дуудаж авч байгаа юм. Өгөөдэй хаан. Тэхээр Сүбээдэйг жанждын жанжин гэдэг нь бүх юман дээр тодордог.

    Чингис хаан одоогийн Дундад Ази, Сартуул хэмээх томоохон улсыг эзлээд удаагүй байхдаа Сүбээдэй баатрыг манлай цэрэгтэй нь томилсон байдаг. Тэр үеийн манлай цэрэг гэдэг нь дайсны хүчийг цохих гол хүч. Түүний араас Чингис хаан өөрийн их цэргийг оруулдаг. Манлай цэрэгт дандаа эрэлхэг дайчин цэргүүд явдаг. Ийнхүү тавхан жилийн дотор Чингис хаан дундад азийг эзэлж байв. Монголын эсрэг босож байсан улс орнууд бүгд л морьтон ард түмэн байсан. Тэгвэл тоомсог морь, монгол морины ялгаа их байдгийг түүхч Х.Шагдар Монголын нууц товчооны 750 жилийн ойд оролцохоор явахдаа өөрийн биеэр үзэж явснаа ярьсан юм. Монгол морь тоомсогоос хоёр дахин илүү хурдтай, аливаа дайн тулаанд хичнээн ч хоног явахад зам зуур идэш уушаа тохируулж чаддаг. Монгол морь, монгол цэргийн ур ухаанаар дэлхийн дайтыг эзэлж явсныг өрнө дахины ном сударт бахархан бичиж, Сүбээдэйг “Ялгуусан жанжин” хэмээн алдаршуулжээ.

Өнөөгийн Америкийн цэргийн академид Сүбээдэй хэмээх тусгай хичээл орж түүний стратеги, тактикуудыг судалж байна. Орос орон  1800-аад оноос эхлэн цэргийн академидаа Сүбээдэйн стратеги тактикийг зааж эхэлжээ. Тэгвэл дэлхийн II дайнд Сүбээдэйн стратеги, тактикийг олноор нь хуулбарлаж хэрэгжүүлсэн. Тэдний нэг нь утаан хөшиг байв.

    Сүбээдэй өөрөөсөө том армитай тулахдаа утаан хөшгийг чадамгай ашигладаг байв. Тэрээр дайсны армийг морин цэргийн тусламжтайгаар хэд хэд хэсэглэн хуваагаад, хоорондуур нь утаан хөшиг татаж орхидог. Ингэснээр нэг тулааны талбарт буй боловч, бие биенийгээ харж чадахгүй хэд хэдэн жижиг арми болгон хувааж хүчийг нь сулруулна. Өөрийн цэргийн хөдөлгөөнийг нуух зорилгоор ч утаан хөшгийг ашигладаг байсан гэж түүхч Шагдар цааш ярьсан юм.

Х.Шагдар: Их гавьяатай хүн. Одоогийн Хятадын нутаг Хар мөрнөөс Унгар, Герман, Австрийн нутаг хүрсэн өргөн нутаг дэвсгэрт байлдааныг удирдсан. Манай есөн өрлөг Чингис хааны баатруудаас хамгийн олон байлдаанд орсон, 60 гаран байлдаанд дандаа ялалт байгуулсан, нэг ч ялагдал байхгүй. Дэлхийн цэргийн мэргэжилтнүүд “Сүбээдэйд хүрэх баатар дэлхийд байхгүй” гэж хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр Сүбээдэй баатар дэлхийд байхгүй гэдгийг энэтхэгийн Ж.Неру, английн Л.Харт гээд нэрт эрдэмтэн мэргэжилтнүүд үг дуугүй хүлээн зөвшөөрдөг.

     Дэлхийн түүхэнд, өмнө нь ийм далайцтай стратеги хэрэгжүүлсэн удирдагч байгаагүй юм. Түүний арми яг л орчин үеийн армиуд шиг хоорондоо нарийн харилцаа холбоотой ажиллаж Польш, Унгарын ноёд хүчээ нэгтгэхээс нь өмнө нэг нэгээр нь цохиж дуусгасан гэдэг. Түүнээс жишээ авч орчин үеийн өргөн фронтоор довтлох стратеги хөгжжээ. Сүбээдэй жанжин дан ганц илд мэсээр байлдаагүй. Тэрээр хүчирхэг тагнуулын алба байгуулж, дайсны хөдөлгөөн, ноёдын зан авир, цэрэг зэвсгийн байдлыг нь бүрэн судалж байж байлдаанд ордог байв.  Тухайлбал, Сүбээдэй, Бат хаан нар дэлхийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн европийг байлдан дагуулах аян дайнд монгол цэрэг, монгол морины гайхамшгаар өөрөөсөө олон арав дахин цэргийн хүчийг бут цохиж байв.

1238 оны 3-р сард Преяслав, Черниговыг эзэлж, 1239 онд Крымын хойгийг эзлэн, Киевийг дагуулснаар Европ руу орох зам нь нээгджээ. 1241 онд Монголын цэрэг Европт цөмрөн орж Лигниц хотын дэргэд Европын төмөр рыцариуд бүхий маш том армийг бут ниргэсэн бол удалгүй Бела вангийн 65 мянган цэргийг мөн л бут ниргэв. Энэ тулаан эхэндээ Монголчуудын хувьд асуудал дагуулж байсан ч Сүбээдэй баатрын эрэлхэг зан чанар тулааны хувь заяаг шийдсэн юм. Энэхүү агуу ялалтуудын дараа Монгол цэрэг Адриатын тэнгист хүрч байх үед Сүбээдэй баатар Европыг бүхэлд нь дайлах аян дайны төлөвлөгөөг Бат хаанд өргөн барьж, их байлдан дагуулалт эхлэх үед  Их хаан Өгөдэй тэнгэрт дэвшиж, монголын бүх цэрэг хүчээ татан авч нутаг буцсан билээ. Өгөөдэй хаан нас барсан нь Монголчуудын буцах хамгийн гол шалтгаан болж европууд тохиолдлоор л аврагдсан ажээ.

Сүбээдэй баатрын үйл ажиллагаа гагц өрнө дахинаар хязгаарлагдаагүй юм. Хятад, Тангудад хийсэн аян дайнд ч алдар нэр нь дуурсаж атаатан дайсныхаа өвдгийг чичрүүлж байжээ. Монголчууд Зүрчидийн Алтан улсыг буулган авах гэж хорь гаруй жил байлдсан. Эцэст нь Европыг дайлж байсан Сүбээдэйг буцаан дуудахаас өөр аргагүй болжээ. Сүбээдэй гайхамшигтай стратеги хэрэгжүүлж тэднийг сөнөөхөд Алтан улсын алдарт жанжин Ван Хэда өөрийг нь цаазлахаас өмнө Сүбээдэйтэй уулзуулж өгөхийг хүсжээ.

“Таныг тэнгэрээс заяасан баатар эр хэмээсэн нь үнэн ажээ. Нэгэнт таны барааг харсан тул, одоо надад үхэхэд гомдох зүйлгүй” гэж хэлсэн байдаг. Монголчуудын дайснаа хүртэл бишрүүлэх нь гагцхүү аугаа их өрлөг баатрын ховорхон тохиох сүр хүчин болой.

Сүбээдэй баатрыг өрнө дорно, гадаад дотоодын олон эрдэмтэн судалдагийн нэг нь Тува улсын үндэсний музейн захирал Бичилдэй Кадрол юм. Тэрээр МУИС-д 1972-76 онд сурч байхдаа Чимэдцэрэн багшийнхаа захиснаар Сүбээдэй баатрын тухай судалж, 50 гаран жилийнхээ судалгааны ажилд үндэслэн орос, тува хэлээр “Сүбээдэй баатар” ном бичиж хэвлүүлсэн. Удахгүй монгол хэлээр хэвлүүлэх гэж байгаагаа бидэнд дуулгасан юм. Ингээд түүний ярианд анхаарлаа хандуулна уу. 

Кадрол:  Монголын нууц товчоонд урианхай Сүбээдэй гэж 17 удаа нэрийг дурьдсан байна. Энэ хүний үүх түүх өнөөгийн Тувачууд бидэнтэй холбоотой гэж бодож явдаг. Сүбээдэй гэж  1000 гаруй тува хүн байна. Манайд Сүбээдэй баатарт зориулсан 10 гаруй хөшөө дурсгал байна. Үүн дотор цэцэрлэг, спорт цогцолбор байна. Тувачууд бид Сүбээдэйг урианхай хүн байсан, Чингис хааны агуу их жанжин, бидний төдийгүй монгол түмний бахархалт эрхэм гэж хүндлэн дээдэлдэг.   

Түүхчид Сүбээдэй баатрыг одоогийн монгол нутаг дахь Онон голын эх хэсгийн баруун талд 1175 онд төрсөн. Монголын Урианхай аймгийн хүн. Сүбээдэйн гэр бүл, Тэмүүжиний гэр бүлийнхэнтэй олон үеэрээ хамтрагч, холбоотон байж ирсэн. Сүбээдэйн элэнц өвөө Нэрби нь Монголын Тумбина Сэцэний холбоотон. Сүбээдэйн аав Жарчиудай төмрийн дархан зэвсгийн мэргэжилтэн, Тэмүүжинийг Балжун нуурын эрэгт хүнд хэцүү байх үед нь хоол хүнсээр хангаж, түүний хамтрагч болж байсан гэж түүхэнд тэмдэглэгджээ. Сүбээдэйн удам угсаа их Монгол улсыг байгуулцаж, монгол төрийг үеийн үед хамгаалж явсан нь цаанаа учир утгатай үйл хэрэг байсныг СГЗ, доктор, түүхч Б.Галаарид ийн ярьсан юм.

Б.Галаарид:  Бөөгийн шинээр олдсон домгуудад ирээдүйн Их улс байгуулна гэдгийг урьдчилж мэдээд, түүнд бэлтгээд урианхай нар Тэнгэр уулнаас Гурван голын сав газар нар зөв эргэж их хаадын нутагт очсон гэж домог байна. Урианхайчууд яалтгүй тулгар төр байгуулахад их үүрэг гүйцэтгэсэн, тэрэн дунд онцгой байсан учраас дөрвөн нохой гэж байна. Нохой бол эзэндээ үнэнч амьтан. Тэр бол тэр хүний баатрынх нь хувьд төрийн итгэлт жанжных нь хувьд нэрлэж байж. Тэр өндөр насалсан хүн. Насан туршдаа дайн байлдаанд оролцоод гол гол дайнд дандаа ялаад явж байсан түүх нь өөрөө гайхамшигтай. Үнэхээр монгол төрийн их хааны түшээ, жанжин нь байжээ.

Сүбээдэйн баатрын ах агуу их Зэлмэ баатар ажээ. Тэрээр Чингис хааны амийг 3 удаа, түүний хүү Тулуйн амийг 1 удаа аварсан баатар юм. Мөн Сүбээдэйн ах Чаурхан нь Монголын нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн, бага балчраасаа аавынхаа төмрийн дархны мэдлэг боловсрол зэвсэг хийх ухаанаас  суралцан Чингис хааны бүхий л зэр зэвсэг хуяг дуулгыг хийдэг байсан бөгөөд анхны галт зэвсгүүдийг зохион бүтээжээ. Тэрээр өөрөө агуу жанжин байснаар тогтохгүй үр хүүхдүүддээ өөрийн цэргийн эрдэм ухааныг зааж сурган, үр ач нар нь агуу жанжид болжээ. Түүний хүү Урианхайдай Мөнх хааны үед их жанжнаар томилогдон Тангуд Европ руу хийсэн дайнуудад эцэг Сүбээдэйн удирдлага дор Дали, Камбож, Бирм, Вьетнам зэрэг улсыг эзлэн авсан бол Сүбээдэйн ач Ажу мөн адил Хубилай хааны үед Юань гүрний их жанжнаар томилогдон Өмнөд Сүн улсыг бүхэлд нь эзлэн авч өвөөгийнхөө зохион бүтээсэн галт зэвсгүүдийг улам боловсронгуй болгож дэлхийн түүхэнд дэх хамгийн шилдэгт тооцогддог тэнгисийн цэргийн ангийг зохион байгуулж япон руу дайрах төлөвлөгөөг боловсруулж Зүүн өмнөд азийн далайн орнуудыг хараат болгосон ажээ.  

Цэргийн түүхчид Сүбээдэй, Урианхайдай, Ажу-аав, хүү, ач гурвын нийт эзлэн авсан газар нутгийг судлан үзээд дэлхийн экваторыг хоёр тойрсонтой тэнцэх хэмжээний газар нутгаар явж байлдан дагуулалт хийсэн хэмээн тооцоо гаргажээ. Ийм явдал дэлхийн бүх цаг үеийн ямар ч түүхэнд байдаггүй ажээ.

Б.Галаарид: Их монголын түүхэнд яалт ч үгүй алтан үсгээр бичигдэх, онцолж дурдагдах ёстой тийм түүхэн гавьяатай хүмүүсийн нэг нь Сүбээдэй баатар. Урианхайн овгийн хүн. Сүбээдэй баатар өөрөө Их монгол улс байгуулагдахад ирсэн, Эзэн Чингисийн шадар хүн байж, маш олон тулаанд ер нь ялагдаж үзээгүй баатар. Дэлхийн цэргийн түүхчид Сүбээдэй баатрын дайтах урлаг, амьдрал үйл ажиллагааг нарийн судалдаг. Сүүлийн үед энэ сонирхол нэмэгдэж байна. Их монгол улсын түүхийг ярихад Чингис хааны түүхийг ярихаас гадна дан ганц их хаан маань төрт улсыг байгуулаагүй. Сэтгэл зүтгэл нийлсэн дайчин баатруудтайгаа, мэргидтэйгээ, олон сайхан цэцэн хатадтайгаа бүгдээрээ хүч нийлж, энэ том эзэнт гүрнийг байгуулсан. Тэр дунд цэргийн үйлийг нь гардаж, толгойлж, ялалт байгуулж явсан хүн бол яалтгүй Сүбээдэй. Энэ их хүний үр удам гурав, дөрвөн үеэрээ дөрөв таван хааны үед үе улиран монгол төрийн төлөө зүтгэж явсан. Монгол төрийн хар сүлдний хойморт хөргийн нь залах ёстой хүлэг баатруудын нэг нь Сүбээдэй. Манай цэргийн хар сүлд Сүбээдэй баатрын хөрөг хоёр салшгүй хамт байх учиртай юмаа.

   Сүбээдэй баатар 73 насыг наслахдаа Монголын их хаадын төлөө хүчин зүтгэж Өмнөд Хятадаас Европ тив хүртэл Евроазийн их газрыг хөндлөн гулд байлдан дагуулж, хожим Өгэдэй хаанд өргөмжлөгдсөний дараагаар Их жанжин болсон ажгуу.

Сүбээдэй баатар бол Монголын тархай бутархай овог аймгуудыг нэгтгэн, нэгдсэн их Монгол улсыг байгуулалцаж, Хятадын Шар тэнгисээс Адриатын тэнгис хүртэл, балар Сибирийн тайгаас Бангкокийн ширэнгэ хүртэл орон зайны дайдыг эзэлж, дэлхийн бүслүүрийг хэдэнтээ тойрох зам туулж, хэдэн арван сая хүмүүн бүхий их бага 32 улс орныг байлдан дагуулж, 65 удаагийн их тулаанд нэг ч ялагдаагүй домогт түүхэн баатар юм.

   Монголын нууц товчоо нь манай дундад эртний түүхийг үлдээсэн ганц бичмэл эх сурвалж. Энэ түүхэн сурвалжид монгол төрийн төлөө амь биеэ зориулж явсан хэдхэн хүний нэрийг онцолж, гавьяагийн нь дурьддаг. Дээрээс нь үйл хэргийг нь бичдэг. Эрхэлж байсан албын нь бичдэг тийм хүмүүсийн нэг нь Сүбээдэй баатар.

“Сүбээдэй баатар урианхай хүн байсан гэхээр тува, тагнын урианхайчууд өөр лүүгээ татаж, Сүбээдэй баатрын хөшөөг биднээс түрүүлээд босгосон. Түүхэн эх сурвалжаас үзвэл Тагнын нутагт төрсөн бус Их хааны ойр орчим байх магадлал өндөртэй. Тэр үед Бурхан халдунд урианхайчууд нутаглаад, тэнд л Жарчудай өвгөн дархны хөөргөө үүрч, хүүгээ дагуулан ирж, үүдээ мануул, хүлгээ эмээлүүл гэж Их хаанд өгч байсан. Урианхайчууд Суут богд эзэн хаантай маш нягт ойр байсан” тухай түүхэнд тэмдэглэжээ.

Энэ жил Сүбээдэй баатрын 850 жил тохиож байна.

Монголчууд бид, Аугаа их баатрынхаа үйл хэргийг дурсан санаж, алдаршуулан мандуулах, эрдэмтэн мэргидийнхээ судалгаа бүтээлийг толилуулж, Сүбээдэй баатрын зүрх зориг, төр улсаа байгуулсан суу алдар, Монгол төрийн дархлааг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан түүхэн гавьяаг үеийн үед хүндэтгэн дурсах учиртай билээ.

Жанждын жанжин Сүбээдэй баатрын суу заль, эрчим энерги, хийморь сүлд үргэлж мөнх ивээж, монгол түмнийг хамгаалж явах болтугай.

Үзсэн: 4213

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна